Э.Бат-Үүл: Намайг цалинтай байлгадаг хүмүүс энд цуглажээ
Хотын дарга Э.Бат-Үүл
2015.04.15

Э.Бат-Үүл: Намайг цалинтай байлгадаг хүмүүс энд цуглажээ

-“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” чуулган эхэллээ-

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” чуулган Соёлын төв өргөөнд болж байна. Чуулганыг нээн хотын дарга Э.Бат-Үүл үг хэллээ. 

“Одоо Чингис хаан банк байрладаг, хуучнаар хүүхдийн театр гэж байв. Энэ барилга намайг нэгдүгээр ангид байхад суурь нь тавигдаж, 10 дугаар ангид байхад дууссан. Би тэр дутуу барилга дотор тоглож өссөн юм. Тэр үед бид барилгыг ингэж удаан барьдаг байж. Одоо бол ичмээр.

1990 онд Зөвлөлт гэдэг тэжээгчээсээ салаад хамгийн их санаа зовсон зүйл бол бид бие даан хөгжиж чадах болов уу гэдэг асуудал байсан. Учир нь бид томоохон бүтээн байгуулалтуудаа орос цэргүүдээр бариулсан байдаг. Харин манай хувийн хэвшлийнхэн бид өөрсдөө хөгжиж чадна гэдгийг өнгөрсөн хугацаанд батлан харууллаа. Иймд тэдэнд талархлаа илэрхийлье. Одоо тэд их өргөн хүрээний ажлууд хийж байна. Өмнө нь төрийн бүх хүчийг дайчлан хийдэг байсантай адил хэмжээний бүтээн байгуулалтыг 13 жилийн дотор хийлээ. Олон хорооллыг өмнөхөөс хурдан босголоо. Хавар эхлүүлээд өвөл нь дуусгаж байна. Өндөр хөгжилтэй хотуудад байдаг шилэн цамхгуудыг манай барилгачид ямар ч гологдол, дутагдалгүй барьж байна.

2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх стратегиа УИХ-д өргөн барихдаа би их итгэл дүүрэн байсан. Учир нь бидэнд тэр чадамж бий.

Мөнгөн дүнгээр илэрхийлвэл 2009 онд ЖАЙКА-гаас хийсэн судалгаагаар 9.8 тэрбум доллартай тэнцэх хөрөнгө оруулалтыг хотын дэд  бүтцийг сайжруулахад хийх хэрэгтэй гэсэн бол бидний өөрсдийн хийсэн тооцоогоор 24.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Одоо энэ бүхнийг цаасан дээрээс бодит ажил болгон хэрэгжүүлэхийн тулд хувийн хэвшлийнхэнд хадаг барихаас өөр аргагүй. Үүний тулд хөрөнгө оруулагчдын итгэлийг татан, төр-хувийн хэвшлийн түншлэлээр дээрх ажлуудыг хийнэ. Яаж ийж байгаад хувийн хэвшлийнхнээр юм хийлгэнэ гэж зарим улс төрч бодож болох юм. Улс төрчид даанч итгэл их эвдсэн тул одоо биднээс хөрөнгө оруулагчид ажил хэрэгч байдал шаардаж байна.

Юуны өмнө хот байгуулалтын төлөвлөлтийг захиргааны байдлаар явуулахгүй гэдгийг мэдэгдэж байна. 12 давхар байр барих боломжтой байтал 5 давхар л барь гэдэг. Одоо үүнээс татгалзъя. Хот байгуулалтын санаачилгыг хувийн хэвшилд шилжүүлье.

Төр хувийн хэвшлийн түншлэл эрх тэгш байх ёстой. Гэтэл энэ нь асуудал байсаар ирсэн. Учир нь засаг дарга нар нэг төгрөгийн ч эрсдэл хүлээдэггүй. Хувийн хэвшил зээл, зээлийн хүү гээд их эрсдэлтэй. Үүнийг яаж тэнцвэржүүлэх вэ, гэрээндээ энэ зарчмыг яаж тусгах вэ гэж бид ярьж байна. Хотын засаг дарга ч адил хариуцлага үүрэх ёстой. Төлбөрөө хоцроож төлсөн бол торгууль төлдөг байх ёстой.      

Хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх Хөгжлийн корпораци байгуулна. Гэхдээ энэ нь захиргаадалтын байгууллага биш юм шүү.

Өнөөдөр энд үзэсгэлэн гарч байна. Бид 2030 он хүртэл хэрэгжүүлэх урт хугацааны төслүүдээ танилцуулж байна. Дарга нарын  сэйфэнд байсан зураг төслүүдийг ил гаргалаа.

Цаашид жил бүрийн нэгдүгээр сарын 25-ны дотор ийм чуулган зохион байгуулж байя. Оюутолгой компани худалдан авалтынхаа үзэсгэлэнг тогтмол зохион байгуулдаг туршлагатай. Бид үүнээс суралцан, хэрэгжүүлж байна. Хувийн хэвшлийнхний санал санаачилгыг ч сонсмоор байна.  

Энд өнөөдөр миний ажил олгогч нар цугласан. Намайг цалинтай байлгадаг хүмүүс цуглажээ. Та бүхний татварын орлогоор бид үр хүүхдээ тэжээн, амьдралаа залгуулдаг.  Бид бол үйлчилгээний байгууллага. Зөвлөлтийн үеийн засаглаж ажилладаг байгууллага гэдэг сэтгэлгээнээсээ татгалзах ёстой. Удахгүй бид энэ жишиг рүү орно. Нэг сайн мэдээ дуулгахад бид удахгүй ТЭДИ төв шиг иргэддээ угтах үйлчилгээ үзүүлнэ.

Төгсгөлд нь хэлэхэд хувийн хэвшил илүү их эрсдэл хулээдэг учир хэрсүү, тооцоотой. Харин дарга нар улс төрийн сонирхолтой, фантааз ихтэй. Татвар төлөгчдийн мөнгийг юу руу ч цацаж мэднэ. Та нар өнгөрсөн хугацаанд үүнийг хангалттай харлаа.