Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын дээд түвшний уулзалт болов
ОХУ-ын Уфа хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 15 дугаар хуралдааны хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн ээлжит дээд түвшний уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан гурван талын хамтын ажиллагааны механизмыг манай хөрш орнууд дэмжин, ийнхүү дээд түвшний уулзалтыг хоёр дахь удаагаа хийж байна. Энэхүү уулзалтын үеэр Монголын тал санаачлан гурван улсын хамтарсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүүлэх тохиолдолд төслийн техник эдийн засгийн үзүүлэлтийг судлах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх үүрэг бүхий судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах санал тавив.
Монгол, Орос, Хятадын анхдугаар дээд түвшний уулзалт Тажикистан Улсын нийслэл Душанбе хотноо 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр болсон билээ.
Гурван улсын Төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх 4 баримт бичгийг байгууллаа. Юуны өмнө Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглалыг батлав. Энэхүү баримт бичиг нь гурван улсын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн болон бүс нутаг, олон улсын харилцааны чиглэлээр хөгжүүлэх хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагыг тодорхойлсон чухал баримт бичиг юм.
Монголын талын хүсэлтээр уг замын зураглалд гол төлөв худалдаа, эдийн засгийн хамтын ажиллаагааны талаар тодорхой тусгаж, манай хөрш орнуудын хоорондох худалдааны эргэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар төмөр замаар дамжин өнгөрүүлэх ачаа тээврийг нэмэгдүүлэх, улмаар Монгол-Орос-Хятадын төмөр замын тээвэр логистикийн компани байгуулах боломжийг судлахаар тусгасан болно. Түүнчлэн гурван улсын хооронд гадаад худалдааны үйл ажиллагааг хөнгөвчлөх ажлын хүрээнд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах явцыг өргөжүүлэх худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах асуудлыг тусгав.
Түүнчлэн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах тухай Санамж бичиг, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын ерөнхий хэлэлцээр болон Хилийн боомтын хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Хилийн бүтээн байгуулалтын газар хоорондын ерөнхий хэлэлцээрт гурван улсын холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурав.