Нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.доллар биш 4000 орчим ам.доллар байна
50 хувь, 50 хувь
-Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр 4000 ам.доллар орчим болоод байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд нэг хүнд ногдох ДНБ-ийг 5000 ам.доллараас дээш байна гэсэн зорилт тавьсан ч үүндээ хүрч чадаагүй учраас биелэлтийг 50 хувь гэж тооцож байна.
-Ажиллах хүчний 2015 оны 4 дүгээр улирлын түүвэр судалгааны дүнгээр улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 8.3 хувьтай байна. Ажилгүйдлийн түвшинг 6.6 хувьд барина гэж тооцоолсон ч мөн л 50 хувийн биелэлттэй байна.
Уул уурхайн салбарт 5342, Аялал жуулчлалын салбарт 360, АСЕМ-тай холбоотойгоор 2200 гаруй ажлын байр тус тус шинээр бий болсон байна. Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй сувилагчийн тоо 2015 онд 10 мянган хүн амд ногдох сувилагчийн тоо 1.9-өөр нэмэгджээ.
Засгийн газрын худалдан авалтын 41 хувь нь цахимаар...
-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого 5,973,8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25,8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,137,0 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ий 30,8 хувийг эзэлж байна.
-Хууль, журамд заасны дагуу Цахим худалдан авах ажиллагааны системээр дамжуулан 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 сарын 31-нийг хүртэлх өдрийн байдлаар Засгийн газрын худалдан авах ажиллагааны албан ёсны цахим хуудас болох e-procurement.mof.gov.mn-д нийт 3141 тендер зарлагдсан бөгөөд эдгээрээс 1289 тендер буюу 41 хувь нь цахимаар зарлагдсан байна.
Зээлийн хүү санасан хэмжээнд буурсангүй
-Зээлийн хүү өндөр түвшинд тогтоход нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, тэдгээр хүчин зүйлсийн сөрөг нөлөөллийг сулруулах, улмаар арилгах, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн таатай орчинг бүрдүүлэх зорилгоор зорилтот хөтөлбөр баталсан.
-Макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжиж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын хүүг 2015 оны 1 дүгээр сард 1.0 нэгж хувиар нэмэгдүүлэн, 13.0 хувь болгосон. Мөн оны 4 болон 7 дугаар саруудад эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах зорилгоор бодлогын хүүгийн түвшинг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна.
-Банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хэвийн ангиллын зээлд ерөнхий эрсдлийн сан болох 1 хувийн эрсдлийн сан байгуулахаар зохицуулсан. Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, одоо үйл ажиллагаа явуулж буй банкуудад 50 тэрбум төгрөг болгон шинэчлэн тогтоосон.
-Зээлийн мэдээллийн санг өргөтгөх ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, 2015 оны жилийн эцсийн байдлаар нийт 16 банк, 270 банк бус санхүүгийн байгууллага, 78 хадгаламж зээлийн хоршоотой мэдээлэл солилцож байна.
-Зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Монголын банкны холбоотой хамтран ажиллах талаар холбогдох зохицуулалтыг тусган Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна.