Хамтын тэтгэврийн хэмжээ 45 мянган төгрөгөөс багагүй байна
2016.03.17

Хамтын тэтгэврийн хэмжээ 45 мянган төгрөгөөс багагүй байна

Хуулийн нэр: Хамтын тэтгэврийн тухай

Санаачлагч: Засгийн газар

Өргөн барьсан он.сар.өдөр: 2014-01-16

Батлагдсан он.сар.өдөр: 2015.12.03

Хүчин төгөлдөр мөрдөж эхлэх он.сар.өдөр: 2017.01.01

Хуулийн бүтэц: 12 бүлэг 45 зүйлтэй

Энэ хууль өндөр насны болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр авч байгаад нас барсан хүмүүсийн ар гэрийг дэмжихэд чиглэсэн байна.

... Хууль хэрэгжиж эхэлснээр дээрх хоёр төрлийн бүрэн тэтгэвэр авдаг хүн нас барвал нөхөр, эсвэл эхнэр нь түүний авч байсан тэтгэврийг үргэлжлүүлэн авдаг болно ...

Ямар нөхцөлд хамтын тэтгэвэр авах вэ?

Хамтын тэтгэвэр авахын тулд тухайн хүн эхнэр, эсвэл нөхөртэйгээ 15 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байна. Гэхдээ энэхүү 15 жилийг зөвхөн гэрлэлтээ бүртгүүлснээс хойш, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос өмнө гэж тооцно. Хамтын тэтгэвэр авах эрэгтэй 60 насанд хүрсэн,  эмэгтэй нь 55 насанд хүрсэн байна.

Хэрвээ өндөр насны тэтгэвэр авдаг иргэн нас барахад гэр бүлийнх нь хүн тэтгэврийн насанд хүрээгүй бол тэтгэврийн насанд хүрсэн үед хамтын тэтгэвэр авах эрх үүснэ. Уг эрх нөхөр эсвэл эхнэрийг нас барснаас хойш таван жил хадгалагдана. Өөрөөр хэлбэл өндөр насны тэтгэвэр авагч нөхөр нь нас барахад эхнэр нь 50 настай байвал таван жилийн дараа өөрөө тэтгэвэр тогтоолгохоос гадна нөхрийнхөө авч байсан тэтгэврийг үргэлжлүүлэн авна гэсэн үг.  

Хамтын тэтгэврийн хэмжээ

Хамтын тэтгэврийн хэмжээг хүн амын амжиргааны баталгаажих доод түвшин, инфляцитай уялдуулан жил бүр Засгийн газраас шинэчлэн тогтооно. Гэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээний 20 хувиас бага байж болохгүй гэж заажээ.

... Энэ нь одоогоор Засгийн газрын өнгөрсөн онд баталсан “Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай 52 дугаар тогтоол”-ын дагуу 46 мянган төгрөгөөс багагүй хэмжээний мөнгө авна гэсэн үг ...

Хамтын тэтгэврийг нас барсан эхнэр эсвэл нөхрийн өндөр насны тэтгэвэр авах хугацаа дуусгавар болсны дараа эхнэр эсвэл нөхөр нь хамтын тэтгэвэр авахыг хүсч өргөдөл гаргасан өдрөөс эхлэн олгох юм.

Хамтын тэтгэвэр авагч өөрөө нас барсан тохиолдолд нас барснаас хойш 30 хоног дуустал энэ тэтгэврийг олгох юм байна.

Өндөр насны болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч нь 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан бол гэр бүлийнх нь хүнд олгох тэтгэврийн зардлыг төсвөөс даана.

Хамтын тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг

  • Хамтын тэтгэвэр авах өргөдөл
  • Иргэний үнэмлэх, хуулбартайгаа
  • Гэрлэлтийн гэрчилгээ, нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
  • Хүсэлт гаргагчийн болон түүний нас барсан эхнэр эсхүл нөхрийн тэтгэврийн дэвтэр, түүний хуулбар
  • Эхнэр эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ, түүний хуулбар
  • Оршин сууж байгаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт.
4ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Э.Батцэцэг Хамтын тэтгэврийн тухай хуулийн хувьд насаараа ханилсан хань нь өнгөрсний дараа үлдсэн нэг нь тэтгэврийнх нь тодорхой хувийг авч болох тухай зохицуулалт оруулсан гэж ойлгодог. Үүнийг мэдээж дэмжинэ. Гэхдээ аливаа хуулийг дагасан сөрөг үйлдлүүдийг сайн хааж өгөөсэй. Яг хүндээ зөв хүрээсэй л гэж бодож байна. Зөвхөн тэтгэвэрийг нь үргэлжлүүлэн авахын тулд хамт амьдарх, магадгүй өндөр тэтгэвэртэй настны амь насанд аюул учруулах, талийгаачийн араас хэл ам хийж булаацал дах мэь зүй бус үйлдлүүд гаргахааргүй тодорхой зүйлчилж заасан байгаасай л гэж хүсэж байна.

2016.05.02

Ш.Норовсамбуу Нийгмийн халамжийн байгууллагууд энэ хуулийг сурталчилж иргэдийг мэдээ мэдээллээр хангах хэрэгтэй байна. Энэ хууль хэрэгжсэнээр хань ижлээ мөнх бусаар алдаж амьдрал нь хүнд байгаа ганц бие настангуудад маш хэрэгтэй хууль болж байна. Хуулийн хэрэгжилт, мэдээ, мэдээлэл хүргэх тал дээр сайн ажиллаасай.

2016.05.02

Ш.Норовсамбуу Энэ хууль маш их хүлээллттэй байна.

2016.05.02

Ц.Амарсанаа Хууль үзэл баримтлал дээр бол дэмжиж байгаа гэхдээ. Хуулийн тодорхой заалтуудад нэмэлт оруулмаар санагдаж байна. тухайлбал Хамтран амьдрагчдын асуудал мөн хувь тогтоох асуудал бол хуурмаг л харагдаж байна. Амьдралд үр өгөөж гаргах түвшиний зохицуулалт байхгүй байна. Хууль гэж журмын зохицуулалтаар ч хийчиж болох юм.

2016.05.03