Тэтгэвэр 15-30 хувь нэмсэн гэсэн мөртлөө 8-15 хувь л нэмэгдсэн байдалтай байгаа
2014.04.21

С.Бямбацогт: Тэтгэвэр 15-30 хувь нэмсэн гэсэн мөртлөө 8-15 хувь л нэмэгдсэн байдалтай байгаа

УИХ хамтын тэтгэврийн тухай хуулийг хэлэлцэхээр боллоо. Гэр бүлийн хоёр 20 жил нийгмийн даатгал төлж 10-аас дээш жил хамт амьдарсан бол хууль үйлчлэхээр зааж өгсөн. Аль нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлвэл тэтгэврийг үргэлжлүүлэн авах зохицуулалтыг энэ хуулиар хийж өгч байгаа юм. Хамтын тэтгэврийн тухай хуулийг санаачлагч нь засгийн газраас санал аваагүй парламент дахь цөөнх шүүмжилж байгаа. Бас төсөвт дарамт учирна гэж үзэн МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. УИХ-ын чуулган хуулийн төслийг дэмжиж хэлэлцэхээр боллоо.

Засварлага аваад байсан МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт эхэлж дүгнэлтээ танилцуулсан. Цөөнхийн бүлгээс энэ хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ тооцоо судалгаа тааруу байгааг онцолсон. Тухайлбал тэтгэвэр 100 хувь олгогдоно гэдэг байдлаар батлагдвал 200 тэрбум төгрөг хэрэгтэй болно. төсөвт учрах энэ мөнгийг яаж шийдэх нь тодорхойгүй.

Мөн хуулийн төслийг С.Эрдэнэ сайд санаачилсан. Тэгсэн хэрнээ засгийн газрын санал аваагүйг цөөнх шүүмжилсэн. С.Эрдэнэ сайд дангаараа хууль бариад гүйгээд байгаа нь шинэчлэлийн засгийн газар танхимаараа ажиллаж чадахгүй байгаагийн нэг илрэл юм гэж МАН-ын гишүүд тайлбарласан. Энэ бүгдээ тодорхой болгохын тулд цөөнх завсарлага авсан. Тав хоногийн хугацаанд хууль санаачлагчаас болоод холбогдох байгуулагуудаас МАН мэдээлэл хүссэн ч өгөөгүй гэдгийг хэллээ.

Цөөнхийн бүлгээс энэ хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ тооцоо судалгаа тааруу байгааг онцолсон.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: “Өнөөдөр тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлага байна.  Энэ асуудлыг яаж шийдэх гэж байгаа талаар өнөөдрийг хүртэл тодорхой асуудал шийдэгдээгүй. Тэтгэвэр 15-30 хувь нэмсэн гэсэн мөртлөө 8-15 хувь л нэмэгдсэн байдалтай байгаа. бараа бүтээгдэхүүний үнэ  30-40 хувиар өссөн байна. Үүнийг бид яах ёстой юм бэ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэрэгжих үү, хууль хэрэгжихээс өмнө хань ижил нь бурхан болсон хүмүүст хэрэгжих үү гэдэг нь тодорхойгүй байсан. Олон тодруулах шалтаг, шалтгаан байсан. Харамсалтай нь бид бүгдэн дээр нь хариугаа авч чадаагүй.”

Энэ хуультай холбогдуулан тодруулах зүйл олон байгааг мөн хэлсэн. Тухайлбал манай улс тэтгэврээ эв санааны зарчим дээр  тулгуурлан олгоод олон болсон. Ирэх жилээс энэ дүрэм нэрийн данс болж өөрчлөгдөнө.

Үүнтэй яаж холбогдож байгаа нь бас л тодорхойгүй. Дээр нь тэтгэвэр тэтгэмжээ нэмэхээ тодорхой болгох ёстойг ч С.Бямбацогт гишүүн санууллаа. С.Бямбацогт даргын танилцуулсан дүгнэлтийн дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хурааж гишүүдийн олонх дэмжлээ.