Хамтын тэтгэврийн хууль 2017 оноос хэрэгжинэ
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр санал хураан баталлаа.
УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлж байсан юм. Эл хуулийн зорилго нь хамтран амьдарч байсан ахмадын нэг нь нас нөгцсөн бол үлдсэн нь тэтгэврийнх нь тодорхой хувийг олгоно. Тэтгэврийн хэдэн хувийг олгох вэ гэдгийг тухайн үеийн Засгийн газар тогтооно.
Үргэлжлүүлэн УИХ-ын хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Дотоодын онцгой албан татварыг нэмэгдүүлсэн бол хэдий хэмжээний орлого олох боломж байсан бэ” гэдгийг лавлалаа.
УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Өрсөлдөөн байж л чанартай, хямд үнэтэй бүтээгдэхүүн орж ирнэ. Хэт өрсөлдөөнийг хязгаарлан, дотоодын компаниудад дарамт учруулах нь зөв бодлого мөн үү” гэж асуусан юм.
Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “ Хэтэрхий явцуу, захиалгатай бодлого болж хувираад байна. Улс дотооддоо үйлдвэрлэдэг олон бүтээгдэхүүн бий. Гурилан бүтээгдэхүүн, мах ногоо зэрэг. Энэ дээр яагаад тийм бодлого байж болохгүй юм бэ? гэж асуусан юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.