Хуулийн төсөлд дурдагдсан тоо баримтыг тодорхой болгох хэрэгтэй гэж үзлээ
Ажлын хэсгийн хуралдаан боллоо
2014.04.29

Хуулийн төсөлд дурдагдсан тоо баримтыг тодорхой болгох хэрэгтэй гэж үзлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо.

Ажлын хэсгийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Бакей удирдаж, Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, ажлын дэд хэсгийн гишүүд болон Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Бакей нэгдүгээрт, Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаан дээр хуулийн төслийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүдээс нэлээд олон, тодорхой саналуудыг гаргасан, эдгээр саналуудыг судлан үзэж, хуулийн төсөлд тусгах боломжтой эсэх талаар тайлбар бүхий лавлагаа хийхийг ажлын дэд хэсгийн гишүүдэд үүрэг болгов.

Мөн хуулийн төсөлд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Экспертын албанаас дүгнэлт гаргуулах хэрэгтэй гэв.

Хоёрдугаарт, энэхүү хуулийг хэрэгжүүлэхэд улсын төсөвт дарамт учруулна гээд харилцан адилгүй статистик тоон баримтыг дурдаж байгааг арга зүйн талаас нь тодорхой болгож, олон жилийн дундаж тоон үзүүлэлттэй нь харьцуулж гаргахыг Сангийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Статистикийн Үндэсний Хорооны ажилтнуудад үүрэг болголоо. Гуравдугаарт, хуулийн төслийг хэлэлцэх үеэр хамгийн маргаантай байсан асуудал болон зарчмын зөрүүтэй саналуудыг бэлтгэх, хуулийн төсөлд тусгах боломжит хувилбарыг гаргахыг ажлын дэд хэсгийн гишүүдэд үүрэг болгов.

Дөрөвдүгээрт, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлтэй ижил төстэй бусад гадаад орнуудын хууль тогтоомжийн хэрэгжилт, туршлагыг судлах нь зүйтэй гээд энэхүү судалгааны захиалгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтэст албан бичгээр хүргүүлэхээр боллоо.

Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг хуулийн төслийн зарим нэг зүйл, заалтын талаар Ажлын дэд хэсгийн гишүүдээс тодруулга аваад хуулийн төсөлд дурдагдсан тоо баримтыг тодорхой болгох, хүн амын насжилттай холбогдсон судалгаа, мэдээллээр хангахыг санал болгов.