Т.Доржхандын авч зугтсан тамгыг ашиглахгүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2016.03.03

Т.Доржхандын авч зугтсан тамгыг ашиглахгүй

ХҮН-ын Төв хорооны албан ёсны товлолт хурал өнөөдөр  болж, сүүлийн үед  үүсээд байгаа дотоод асуудлаа авч хэлэлцсэн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлаас хийсэн сурвалжлагыг доорх байдлаар хүргэж байна. 

С.Боргил: Т.Доржхандын авч зугтсан тамгыг ашиглахгүй 

Өнөөдрийн хурлын ирц хэд байсан бэ?

- Төв хороо 58 гишүүнтэй. Үүнээс 43 нь хүрэлцэн ирж, нэг хүн хүндэтгэх шалтгааны улмаас саналын  эрхтэйгээр оролцсон. Өнөөдрийн хурал бол албан ёсны товлолт хурал.

- Танай намын тамга хаана байгаа бэ? 

- Намын дүрмийн дагуу ЕНБД тамгаа барьдаг. Гэтэл Т.Доржхандыг албан тушаалаас нь чөлөөлчихөөд байхад тамгаа авч зугтан, хууль бусаар ашиглаж байгаа. Өнөөдөр Төв хороны хуралаар Т.Доржхандын авч зугтсан тамгыг цаашид ашиглахгүй байхаар тогтсон. Бид хуулийн хүрээнд дахин тамга тэмдгээ захилахаар болсон байгаа. 

- Намаа Т.Доржханд нарт ямар арга хэмжээ авахаар болсон бэ? 

- Намын төв хорооны хурлаас Б.Найдалааг намын  дэд даргаас чөлөөлөх шийдвэр гарсан. МөнТ.Доржханд, н.Гантулга, Б.Найдалаа нарыг намын нэр хүндэд халдаж,  дүрэм зөрчин, тамга тэмдэг хууль бусаар ашигласан үндэслэлээр цагдаагийн байгууллагад өгнө

- Та бүхэн өнөөдөр хамгаалалттай ирсэн юм уу? 

- Үгүй. Би амьдралдаа  хамгаалалт авч үзээгүй. Бидэнд  хамгаалалт авч ирэх шаардлага ч байхгүй. 

С.Ганбаатарыг намын даргаас огцруулсан мэдэгдлээ танайхаас дээд шүүхэд хүргүүлсэн гэж сая мэдэгдлээ. Энэ тохиолдолд ямар нөхцөл байдал үүснэ гэсэн үг үү? 

- Би тодорхой хариулж мэдэхгүй байна. Өчигдрийн төв хорооны хурал албан бус хурал болсон. Шийдвэрийг нь өнөөдөрийн албан ёсны Төв хорооны хурлаас хүчингүй гэж үзсэн байгаа. 


С.Ганбаатар: ХҮН-аас хэсэг нөхөд урвасан

- Та  намынхаа  дунд үүсээд байгаа нөхцөл байдлыг бусад намуудаас зориуд хийсэн хагаргах үйлдэл гэж тайлбарлаж байна. Яг хэн ийм явуулга хийж байгаа гэж?

- ХҮН өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд байна. Биднийг зөв зүйл яриад, улс орныхоо төлөө ажиллах гээд гараад ирэхээр бусад улстөрийн намууд зориудаар явуулга хийж байгаа нь өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэсэн. Би хэн биднийг дундаас задлахаар зүтгэж байгаа гэдгийг маш сайн  мэдэж байна. Энэ бол Монголын ард түмний нулимсаар цадаж, ядуурлаар нь өөрсдөө баяжиж байдаг хүчтэй бүлэглэлүүдийн хийж байгаа ажил.

 -  Тэгэхээр та Т.Доржханд нарыг  бусад нам эвсэлд урвасан гэж үзэж байгаа хэрэг үү? 

- Тэдний төлөө манай журмын гурван нөхөр урвасан явдалд үнэхээр харамсалтай байна. 12 жил би хүний төлөө тэмцэж явна. Олон л дайсантай учирч байсан. Харин сая дотроосоо урваж хүндрэл учрууллаа. Өнөөдөр ХҮН үүнийг хангалттай шийдэх хүчтэй, ардчилалтай гэдгээ харуулж байна. Бид асуудлаа нээлттэй, ил тодоор шийдээд явна. 

ХҮН-ын нэр хүнд сонгуулийн өмнө унаж байгаа нь эрсдэлтэй биш үү? 

- Би харин ч ХҮН ирэх сонгуулиар ялна гэдэгт бүр итгэлтэй болж байгаа. Энэ явдал намайг баярлуулж байна. Бид олон түмний нүдэнд өртсөн байна. Асуудал олны нүдэн дээр өрнөж байна. Энэ эрчээрээ сонгуульд ялалт байгуулна. 

"Монгол ньюс" мэдээллийн төвийн гадаа юу болов? 

Мэдээлийн үеэр өчигдөр албан бусаар хуралдсан Төв хорооны төлөөллүүд "Монгол ньюс" мэдээллийн төвд орохоор завдсан ч хамгаалалтын албаныхан оруулсангүй.  Улмаар "Монгол ньюс" мэдээллийн төвийн үүдэнд эмх замбараагүй байдал үүсэн, С.Ганбаатарыг ХҮН-ын даргаас чөлөөлсөн мэдэгдлийг дээд шүүхэд хүргүүлсэн гэж мэдэгдсэн юм. 

Мэдэгдлийг ХҮН-ын гишүүн Ж.Лхагварсүрэн  сэтгүүлчдэд уншиж танилцуулсан бөгөөд Б.Найдалаагийн талын хүн аж. Улмаар  үүдэнд ирсэн ХҮН-ын төлөөллүүд "Ганбаатартай, Ганбаатаргүй намаа аваад явна.Та нар Алтан дорнод Монголын хамгаалагч нар дагуулж ирэхээсээ ичихгүй байна уу. Ингэж болохгүй ш тээ" гэх тайлбар хийсэн хэдий ч дотогш нэвтэрч чадсангүй.