ХҮН хүчээ сэлбэж, дүрмээ шинэчиллээ
ХҮН-ын албан ёсны Төв хорооны /ТХ-ны/ хурал өнөөдөр 09.00 цаг боллоо. Тус намын ТХ-ны хурал нь АН-ын ҮЗХ, МАН-ын Бага хуралтай ижил гэж хэлж болно. ХҮН-ын ТХ-ны гишүүдэд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөлөгч мөн намын дэргэдэх Бодлого судалгааны хүрээлэнгийн хүмүүс багтдаг байна. Тус хурлаар Удирдах зөвлөлийн гишүүнд багтаж байсан Т.Доржханд, Б.Найдалаа, З.Лхагвадорж нарыг нам дотроо хашиж байсан албан тушаал болон Удирдах зөвлөлийн /УЗ/ гишүүнээс чөлөөлөх шийдвэр гаргалаа.
УЗ-өөс чөлөөлөгдсөн гишүүдийн оронд Б.Баярмагнай, В.Буянмөнх, Д.Миеэгомбо нарыг томилсон байна. Мөн Л.Баярсайхан, Ц.Ганзориг, Э.Бат-Ирээдүй, Т.Лхагва, Ч.Наранбаатар, Т.Лхагвадорж нарын зургаан гишүүнийг ТХ-ны гишүүнээр сонгох саналыг 100 хувь дэмжлээ.
Дээрх албан тушаалын томилгооноос гадна намын тамгыг хүчингүй болгож шинэ загвараар хэвлүүлэх зэрэг ажлыг ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одонгуад даалгалаа. Мөн ХҮН ИЗНН-тай эвсэж сонгуульд оролцох асуудлыг хөндөж, намын их хурлаа хуралдуулах шийдвэрийг дэмжлээ.
Төв хорооны хурлыг өндөрлүүлж ХҮН-ын дарга С.Ганбаатар үг хэлсэн юм. Тэрбээр “Мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн бохир хүчнүүдийн эсрэг явж байгаа гэдгээ мартаж болохгүй. Шинэ хүч, шинэ нам гэдэг маш том мөрөөдөлтэй байсан гэж надаас ам асуух хүн гарах л байх. Би дахиад хэлье.
Шинэ хүмүүст итгэж байна. Шинэ үзэл бодол, шинэ санааг монголын улс төрд оруулж ирэхгүйгээр бидний монгол сайхан болохгүй. Үүний төлөө хэн нэгэн улс төрд хүчээ үзэж, олон жил зүтгэж, тодорхой эрх мэдэл, нэр хүндтэй болсон хүмүүс нь итгэл зүтгэлээ өгөхгүй л юм бол монголын улс төр байдгаараа л байна. Мэдээж монголын улс төрийг шинэчилж засахын төлөө та бие биедээ өгч байгаа итгэл найдвар чухлаас чухал.
Бидэнд алдах ухрах эрх байхгүй. Ард эх орон, бидний үр хүүхдийн ирээдүй байна. Эх орноо энэ 25 жилийн төөрөгдөл хямралаас гаргахын төлөө эрүүл шударга нийгэмд золгуулахын төлөө өндөр хариуцлагыг бид өөртөө авч тууштай тэмцэх болно. ХҮН монголын түүхийн сэргэн мандалын хөдөлгөгч хүчин байж чадна гэдэгт итгэж байна” хэмээлээ.