Монголын Бизнесийн Зөвлөл шинэ гишүүнээр хүрээгээ тэлсээр байна
Монголын Бизнесийн Зөвлөлийн хоёрдугаар сарын хурал, 2016/02/22
2016.02.24

Монголын Бизнесийн Зөвлөл шинэ гишүүнээр хүрээгээ тэлсээр байна

Хоёрдугаар сарын 22-нд “Blue Sky Hotel”-ийн 3 давхарын хурлын танхимд зуу орчим компанийн төлөөлөл цугларсан Монголын Бизнесийн зөвлөлийн сарын хурлын үеэр зургаан илтгэгч оролцсон юм.

Хурлын үеэр тус зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайер энэ оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдах томоохон арга хэмжээнийхээ талаар танилцуулж байсан юм. 

Сарын хурлын илтгэгчид

30-40 насны залуучууд өмнө нь гадаадын хөрөнгө оруулалтын банк, хаалттай хөрөнгө оруулалтын санд ажиллаж байсан мэдлэг, туршлагаараа нэгдсэн “Horizon Partners” нэртэй зөвлөх үйлчилгээний компани байгуулжээ. Байгуулагдаад гурван жил болж буй тус компани өнөөдрөөс Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүн болж байна. Тус зөвлөлийн сарын ээлжит хурлын эхэнд компанийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ маш итгэлтэйгээр компаниа танилцуулсан юм. Монголын Бизнесийн Зөвлөлийн сар тутмын хурлаар шинэ гишүүд нь бусад гишүүддээ компанаа танилцуулдаг жишиг тогтжээ. Бид зөвлөлийн шинэ гишүүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

"Horizon Partners" компанийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ

Зөвлөлд яагаад элсэх болов?

Зөвлөл нь Монголын бизнесийн салбарт томоохон хувь нэмэр оруулж байгаа байгууллага гэж ойлгодог. Олон гишүүнтэй, гишүүд нь төрөлжсөн. Эдгээр гишүүдэд бизнесээ өргөжүүлэх, санхүүжилт авах, мэргэжлийн хүрээнд хамтарч ажиллах хэрэгцээ шаардлага тулгардаг. Тиймээс бид зөвлөлийн гишүүдийн эдгээр хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор тус зөвлөлд гишүүнээр элсэж байна. Эрч хүчтэй, ихийг бүтээх хүсэл эрмэлзлэл дүүүрэн залуучууд орчин үеийн гэж хэлж болох зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Манай байгууллага Английн алдарт “Global Banking and Finance Review Awards-аас “Шилдэг шинэ хөрөнгө оруулалтын зөвлөх компани” гэсэн шагнал хүртсэнээ энэ дашрамд дурдах нь зүйтэй болов уу.

Одоогоор хэдэн харилцагчтай болоод байна? Тэдэнд өгдөг гол зөвлөгөө?

Мөнгө, хөрөнгө оруулалтын өгөөж гэдэг бол чухал үзүүлэлт. Гэхдээ манай улсад жижиг, дунд бизнесийн хөгжил орхигдсон байна гэж хэлж болно. Тэд бага хүч, хөрөнгөөр гүйцэтгэх ажилд ихээхэн хөрөнгө мөнгө, цаг, хүч зарцуулсан байх нь элбэг. Тэр дотроо хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах төсөл хөтөлбөр санаачлах нь ховор байдаг. Гэтэл ЖДҮ эрхлэгчид бол манай улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хөгжлийн суурь болж өгдөг. Ер нь том ч бай, жижиг ч бай компани аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ тооцоо судалгаанд суурилсан, үндэслэл, төлөвлөлт сайтай байж, мэргэжлийн ур чадвартай хүмүүсээр хүний нөөцөө бүрдүүлэх нь зүйтэй гэж зөвлөж байна. ЖДҮ-дэд зориулсан хэрэгтэй, онцгой үнийн санал бүхий шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж байна. Бид хөрөнгө оруулалтын зөвлөгөө, бизнесийн зөвлөгөө, бизнесээ хөгжүүлэх зөвлөгөө өгч байна.

2016 оны гуравдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Канад улсын Торонто хотноо болох Уул уурхайн чуулга уулзалт(PDAC)-д оролцох болсноо Ашигт малтмалын газрын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа мэдэгдсэн юм. Тэрээр тус чуулга уулзалтад Монгол Улсын уул уурхайн салбарт хэрэгжиж буй шинэ төсөл хөтөлбөрүүдийг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулж, өндөр ач холбогдолтой бусад арга хэмжээнд оролцохоо илэрхийлэхийн ялдамд Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүдэд хамтран ажиллах, мэдлэг туршлагаа хуваалцах бүрэн боломжтой болохыг хэлж байлаа.

Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа

Дараагийн сонирхолтой бөгөөд маш товч илтгэлийг Монгол дахь Австралийн Тэтгэлгүүдийг Австралийн Засгийн Газрын нэрийн өмнөөс хэрэгжүүлдэг Коффий компанийн төлөөлөл хэлэлцүүлсэн юм. Хатагтай Л.Энхтүвшин нь Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрийн зорилго, ач холбогдлын талаар танилцуулсан төдийгүй энэ удаад тус сарын хурлыг дэмжиж, хамтран ажиллаж байгааг энд дурдах нь зүйтэй болов уу.

"Эмэгтэйчүүдийн манлайлал" хөтөлбөрийн Хүний нөөцийн хөгжил, түншлэлийн менежер Л.Энхтүвшин

Яагаад Монголын Бизнесийн зөвлөлд хамтран ажиллах болов?

“...Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр нь Австрали улсад мастер, докторын зэрэг хамгаалж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилготой залуусын манлайллын ур чадварыг сайжруулах зорилготой хөтөлбөр юм. Энэ ч үүднээс Австралид төгсөгч Монгол залуусыг Монголын Бизнесийн зөвлөлийн гишүүдэд танилцуулах, хөтөлбөрт хамрагдагсад зөвлөлийн гишүүн байгууллагуудад боловсрол, туршлагаа хуваалцах, хамтарч ажиллах боломжийг нээж өгөх үүднээс энэ сарын хуралд оролцож байна. Энэ жилийн Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрт эдийн засаг, санхүү, боловсрол, байгаль орчин, тогтвортой хөгжил зэрэг олон салбар, чиглэлээр Австрали улсад мэргэжил дээшлүүлж, одоо өөрийн орны төрийн, төрийн бус, хувийн хэвшилд ажиллаж буй 20 хүн оролцож байна. Тэдний 16 нь эмэгтэй, 4 нь эрэгтэй байна. Тиймээс дийлэнх хувийг эзэлж буй эдгээр эмэгтэйчүүдийг бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд гаргах, менежменттэй байж, өндөр албан тушаалд хүрэхэд туслах зорилготой. Одоогоор Австрали улсын тэтгэлэгт хамрагдсан 400 Монгол залуус байдаг бөгөөд тэд бүгд манай хөтөлбөрт оролцох боломжтой...”

Тэр хуралд оролцогчдыг инээлгэж чадсан. Австралийн худалдааны комиссийн Монгол дахь төлөөлөгч Брэндан Коён нь байгууллагынхаа үүрэг оролцооны талаар сонирхолтой илтгэл тавьсан юм.

Австралийн худалдааны комиссийн Монгол дахь төлөөлөгч Брэндан Коён

Түүний араас дэлхийн 40 гаруй улс орны иргэдтэй хамтран шинэ санаа хэрэгжүүлэх, тэдэнд тулгамдсан саад бэрхшээлийг даван туулах, орон нутгийн иргэдийн амьдралыг сайжруулах зорилготой Мерси Корын суурин төлөөлөгч Женнифер Бийлман Монгол Улсад хэрэгжүүлж буй шинэ төслөө танилцууллаа.

Мерси Корын суурин төлөөлөгч Женнифер Бийлман

Монголын санхүүгийн зах зээлд сүүлийн үед явагдсан томоохон хэлцэл, зах зээлийн өнөөгийн байдал, Монгол Улсын Засгийн газар, холбогдох газраас тус салбарыг хөгжүүлэхэд баримталж буй бодлого, арга хэмжээг танилцуулахаар Санхүүгийн зохицуулах хорооноос төлөөлөл ирсэн байлаа.

Санхүүгийн Зохицуулах Хорооны Зах зээлийн хөгжлийн газрын дарга А.Батпүрэв

24 жилийн түүхтэй, уул уурхай, нөхөн сэргээлт, үйлдвэрлэл худалдаа, барилга угсралт, зураг төсөл зэрэг салбар, чиглэлд үйл ажиллагаагаа явуулж буй Монполимет группээс сарын хурлын төгсгөлд группээ товч танилцуулсан юм.

Монполимет группийн ерөнхий захирал Н.Мөнхнасан

Монголын Бизнесийн Зөвлөлийн сарын хурал ийнхүү амжилттай болсон юм.