Нийслэлд хэрэгтэй нэг хувь
2016.02.24

Нийслэлд хэрэгтэй нэг хувь

Хуулийн нэр: Нийслэл хотын албан татварын тухай

Санаачлагч: Засгийн газар

Өргөн барьсан он.сар.өдөр: 2014.12.30

Батлагдсан он.сар.өдөр: 2015.06.19

Хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн он.сар.өдөр: 2015.10.01

Хуулийн бүтэц: 1 бүлэг, 12 зүйлтэй

Манай улсын нийслэл дэлхийн зарим хотуудын жишгийг дагаж Нийслэл хотын албан татварын тухай хуулийг баталсан. Тус хуулиар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газрын үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтад нийслэл хотын албан татвар (НХАТ) ногдуулахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл дээр дурдсан дөрвөн үйлчилгээний газар болон архи, тамхи жижиглэнгээр худалдан авагчид нь нийслэл хотын албан татварыг суутгагчид юм. Хүн амын төвлөрөл, байршлийг харгалзаж татварын хувь хэмжээ 0-1 хувийн хязгаарт багтаан НИТХ-д нийслэл хотын албан татварын хувь хэмжээг батлах эрхийг олгожээ.

... Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд НИТХ-ын 29 дүгээр хуралдаанаараа журам баталж, нийслэлд үйл ажиллагаа явуулж л байгаа бол алслагдсан дүүрэг, хороо үл харгалзан баар, ресторан, амралтын газрын үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтад нэг хувийн татвар ногдуулахаар болсон юм ...

Хэрэв борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнэ тодорхойгүй, бараа үйлчилгээг харилцан солилцсон, хүмүүс хоорондоо зах зээлийн бодит үнээс доогуур үнээр бараа үйлчилгээ борлуулсан, эсвэл үнэгүй өгсөн бол зах зээлийн бодит үнийг тооцон нийслэлийн албан татвар ногдуулж байна.

Нийслэлийн албан татвар суутгагч нь энэ татварыг төлбөрийн баримтандаа заавал тусгах ёстой. Нийслэлийн татвар хамаарах бараа, ажил үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, хувь хүн нь дараах үүрэгтэй: Тухайлбал, хоёрдугаар сард төвлөрсөн татвараа гуравдугаар сарын 10-ны дотор Нийслэлийн татварын газарт төлж, тайлангаа тухайн улирлын эхний сарын 20-ны дотор харьяалах дүүргийн татварын албанд өгөх үүргийг хуулиар хүлээжээ.

Энэ хууль нь нийгэмд сөрөг үр дагавартай, хувь хүний эрүүл мэндэд хортой согтууруулах ундаа, тамхи зэрэг барааны хэрэглээг хязгаарлах зорилготой юм байна.

... Хуулийн хүрээнд жилд бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтад ногдуулсан татвараас 11.7 тэрбум төгрөг, зочид буудал, амралтын газар, ресторан, баарны үйлчилгээнээс 1.4 тэрбум төгрөг нийт 13.2 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна ...

Энэ төлөвлөгөө хэр биелэгдэж байгааг Нийслэлийн татварын газрын дарга Х.Төмөрбаатараас тодруулсан юм. Х.Төмөрбаатар ярихдаа: “2016 оны нэгдүгээр сарын байдлаар буюу хууль хэрэгжиж эхэлснээс хойш гурван сарын дараа нийслэлийн албан татвараас 500 орчим сая төгрөгийн орлого бүрдүүлээд байна. Энэ бол хангалтгүй үзүүлэлт. Тиймээс Нийслэлийн Засаг дарга, Гааль, Татварын ерөнхий газар хамтарсан захирамж гаргаж НӨАТ-ын хууль болон НХАТ-ын хуулийн хэрэгжилтийг шалгахаар тусгай ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн албан татвар суутган төлөгчдийн дунд шалгалт явуулж, Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, ПОС терминал машин хэрэглэж байгаа эсэхийг шалгажээ. Шалгалтын дүнгээр эдгээр хуулийн хэрэгжилт учир дутагдалтай, албан татвар суутган төлөгчид үйлчилгээндээ зориулалтын кассын машин хэрэглэхгүй байгаа нь тогтоогдсон”  гэж ярилаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.