Нэг шил архины 100 төгрөгт татганаж болохгүй
УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд “Нийслэл хот бие даасан төсөвтэй байна”, “Нийслэл хот татвартай байна, татварыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг бол Татварын ерөнхий хуулиар нийслэл хотын албан татвар нь орон нутгийн татварт хамаарахаар тус тус заасан боловч нийслэл хотын албан татварын тухай хууль өнөөг хүртэл батлагдаагүй байгаа аж.
Татварыг орлогод, хөрөнгөд болон хэрэглээнд гэсэн 3 үндсэн зүйлд ногдуулдаг байна. Эдгээрээс хотын татварыг ногдуулах хамгийн зохистой зүйл бол хэрэглээ буюу хотын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ юм байна.
Дэлхийн орнуудын дээрх туршлагад үндэслэн төвлөрлийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах гэх мэт хотын өдөр тутмын амьдралд тулгарч буй олон асуудлыг эдийн засгийн аргаар шийдвэрлэх зорилгоор нийслэл хотод бизнес эрхэлсэн бол энэ төрлийн татварыг ногдуулдаг байхаар хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд нийслэл хотын албан татварыг албан татвар суутгагчийн борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдуулахаар тусгасан байна.
Түүнчлэн Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 0-1.0 хувийн хязгаарт багтаан батлахаар төсөлд тусгажээ. Зочид буудал, амралтын газар, баар рестораны үйлчилгээ, бүх төрлийн танхимаас нэг хувийн татвар тогтоохоор тусгаад байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан
"Давхар төлөлт гарах вий. Жишээ нь архи, тамхиар үйлчилдэг газрууд давхар татвар төлөх вий. Нөгөө талаас аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг цогцоор нь худалддаг. Гэтэл аялал жуулчлалын ашгийг бууруулах вий. Гадны жуулчдад яаж нөлөөлөх вэ?"
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
"Төрлийн хувьд давхцаж байгаа гэж хэлж болох байх. Гэхдээ татвар төлөгч нь иргэн, үйлчлүүлэгчид хамаарч байгаа. Нэг хувийн татвар бөөний үнэд хамаагүй, жижиглэн худалдаанд тавигдаж байгаа"
Татвар ногдуулах барааны төрлүүд
-Бүх төрлийн согтууруулах ундаа
-Бүх төрлийн тамхи
-Татвар төлөгчийн худалдан авсан дараах үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулна
-Зочид буудлын үйлчилгээ
-Амралтын газрын үйлчилгээ
-Рестораны үйлчилгээ
-Баарны үйлчилгээ
Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-1.0 хувийн хязгаарт багтаан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална
Албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг ногдуулахдаа борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд бусад албан татвар, төлбөр, хураамжийг оруулан тооцохгүй
Ингээд хуулийн мөрдөх хугацааг 10 сараас байх саналыг гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Байнгын хорооноос гарсан саналуудаар санал хураалт явуулж дуусаад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.