"МоАН санаачилга"-ын ерөнхийлөгчөөр Л.Болдыг сонгов
УИХ-ын гишүүн Л.Болд
2016.02.22

"МоАН санаачилга"-ын ерөнхийлөгчөөр Л.Болдыг сонгов

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиосон 2015 онд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд, А.Бакей, Ц.Оюунгэрэл нар Монголын ардчиллын тулгуур үнэт зүйлсийг тодорхойлон томъёолж, намын гишүүд, дэмжигчдийн дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлж байсан.

Олныг хамарч, цөөнгүй хүний дэмжлэг авч байсан уг үйл ажиллагаа нь “МоАН санаачилга” нэртэй бие даасан байгууллага болон бэхжлээ. Монголын ардчиллын хувь заяа, түүнээс шууд хамаарах улс орны аюулгүй байдал, хөгжил, дэвшлийн төлөө санаа нэгдэж, нийгэм, улс төрийн амьдралд идэвхтэй оролцдог 100 хүн “МоАН санаачилга” нэрийн дор нэгдэн, өнгөрсөн баасан гаригт анхны хурлаа хийжээ. Анхдугаар хуралдаанаар тус байгууллагын дүрэм, бүтцийг баталж, удирдлагуудаа сонгосон байна.

Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Болдыг “МоАН санаачилга”-ын ерөнхийлөгчөөр, түүний санал болгосноор Д.Нямхүү, С.Мэндсайхан, Л.Нармандах нарыг дэд ерөнхийлөгчөөр сонгожээ. Удирдах зөвлөл нь хорин нэгэн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Оюунгэрэл, А.Бакей, С.Баярцогт, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар зэрэг хүн багтжээ.

МоАН-ын үүсгэн байгуулагчид ардчиллаа аврах, зөв чиглэлд оруулах, хөгжүүлэх замаар шинэ Монголыг хөгжүүлэх их үйлсийн төлөө хамтран зүтгэж, шаарддагатай цагт тэмцэж, ардчиллын үнэт зүйлсийн манаанд зогсох болно хэмээн цаашдын үйл ажиллагааныхаа чиг шугамыг тодорхойлж байв. Хурлаас гаргасан тунхаглалд “Ардчилал нь нийгмийн тогтолцоо гэдэг утгаараа шударга ёс, оршихуй, тусгаар тогтнолын баталгаа мөн ч байнгын арчилгаа, өмгөөлөл, ухаарал шаарддаг зүйл билээ. Ардчиллын үнэт зүйлсийг цаг үргэлж мэдэрч, түүнийг ил тодоор хамгаалж, үндсэн сэдвийг туслах явдлаас зааглаж чаддаг байх нь өдгөө онц чухал байна. “МоАН санаачилга”-ыг үүсгэн байгуулагчид бид Монголын ардчиллын үнэт зүйлсийг сахин хамгаалж улам бүр баяжуулсаар байхаа тунхаглан зарлаж байна” гээд Монголын ардчиллын үнэт зүйлсийг 10 зарчмаар тодорхойлжээ.

Тус байгууллага нь ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг дээдэлсэн, нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага байх юм. Гэсэн ч гишүүд нь үзэл бодлоороо нэгдэн, тодорхой улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглохгүй хэмээн дүрэмдээ тусгаснаас үзвэл МоАН буюу Монголын ардчиллын нэгдэл нэрийн дор улс төрийн томоохон хүчин бий болж болох юм гэж ажиглагчид үзэж байна.