Шадар сайдыг энэ удаа хэлэлцэхгүй
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.
-Ээлжит бус чуулганыг ирэх пүрэв гарагт эхлүүлэх захирамжийг УИХ-ын дарга гаргалаа. УИХ дахь бусад бүлэгтэй зөвшилцсөн гэж ойлгож болох уу?
-Энэ саналыг би Ардчилсан намын бүлгийн даргын хувьд гаргасан. Шалтгаан нь УИХ дахь МАН-ын бүлэг болоод бусад нам “Ардчилсан намын бүлэг эхлээд ирцээ бүрдүүл” гэдэг шаардлага тавьсан. Тиймээс гадаадад байгаа гишүүдээ ирэх хүртэл хоёр хоног шаардсан учраас хүсэлтээ тавьсан. Ирэх пүрэв гарагт манай бүлэг бүх гишүүнээ чуулганы нээлтэд оролцуулахад УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж үзэж байна.
-Шударга ёс эвслийн бүлэг Шадар сайдаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилуулахыи тулд чуулганы нээлтэд оролцохгүй байгаатухай мэдээлэл бий. Энэ талаар Ардчилсан намын бүлгийн байр суурь ямар байгаа бол?
-Шадар сайдад хэнийг томилох вэ гэдэг нь Ерөнхий сайдын эрх. Надад өгсөн мэдээллээр “Авлигатай тэмцэх газраас сайдад нэр дэвшигчийн талаар тодорхойлолт авах шаардлагатай. Тэр бичгийг хүлээж байгаа” гэсэн. Тэгэхээр АТГ энэ хүнийг тухайн албан тушаалд томилох боломжтой гэсэн шийдвэрээ өгвөл УИХ-д орж ирэх ёстой. Шадар сайдын асуудлыг энэ удаагийн чуулганаар хэлэлцэхгүй. Бичиг ирсний дараагаар Ерөнхий сайд Шадар сайдын асуудлаа УИХ-д өргөн мэдүүлнэ.
-Харин Цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудлаар эхлээд УИХ дахь бүлгүүд зөвшилцөх ёстой юм биш үү. МАН тийм шаардлага тавьж байгаа?
-Цэцийн асуудлаар МАН-ын бүлэг завсарлага аваад хугацаа нь дууссан. Тэгэхээр энэ асуудлыг хүссэн ч, эс хүссэн ч УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой. Бид Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа гэдэг хүний асуудлыг яриагүй. Хамгийн гол нь Үндсэн хуулийн Цэц үндсэн үйл ажиллагаанаасаа хазайсан үйлдэл хийгээд байна гэж үзэж байгаа. Нөгөө талаас, ээлжит бус чуулганаар зөвхөн Цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай хэлэлцэгдэхгүй. Харин татварын багц хуулиудыг хэлэлцэх шаардлага бий. Маш сайн хуулийн төслүүдийг Засгийн газар өргөн мэдүүлсэн. Дээр нь Эрүүгийн хэд хэдэн хуулийн төсөл байгаа. Цаг алдаж боломгүй л хуулиуд байгаа юм.