АН бодлого, хариуцлага, хүний нөөцийн хувьд шинэчлэгдэх ёстой
АН-ын "Шинэчилье" хөдөлгөөний зохицуулагч М.Алзахгүй
2016.02.03

АН бодлого, хариуцлага, хүний нөөцийн хувьд шинэчлэгдэх ёстой

Олон нийт улс төрийн намуудад нилээн шүүмжлэнгүй хандаж буй энэ цаг мөчид ярилцлагаа улс төрийн нам гэдэг институци Монголд хэрэгтэй юу? гэсэн асуудлаар манай уншигчидтай санаа бодлоо хуваалцаач?

Төрийг ямар нэгэн институци барих хэрэгтэй. Тухайн институци нь хувь хүнээс хамааралгүйгээр явдаг механизмтай байх ёстой. Хувь хүн төр удирдана гэж байхгүй. Олон бие даагчтай парламент бол "шуудайд хийсэн үхрийн эвэр"-тэй адил. 

Өрнөдийн орнуудад улс төрийн нам төлөвшиж тогтоод, хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн байхад Монголд институцийнхээ тогтолцоо руу бүрэн шилжиж амжаагүй, өнгөрсөн цаг хугацаанд бүрэн төлөвшиж чадаагүй байна гэж боддог. 

Одоогоор улс төрийн нам гэдэг албан тушаал дэвших гэсэн хүмүүсийн бүлэглэл болчихсон юм шиг харагдаж байна. Энэ бүхнийг өөрчилж, бодлогын нам руу шилжих ёстой.

Үүнд тодорхой цаг хугацаа, тодорхой эр зориг хэрэгтэй гэж боддог. Монгол Улсад улс төрийн нам байх ёстой гэж үздэг.

Монголын улс төрийн намууд институцийнхээ хувьд бүрэн төлөвшөөгүй гэж ярилаа. Ингэж үзэхэд тодорхой хэмжээний улс төрийн мэдлэг, туршлага байх шаардлагатай гэж бодож байна?

Би улс төрийн намын тухай арвин их туршлага хуримтлуулсан хүн гэж өөрийгөө хэлэхгүй. Гэхдээ энэ чиглэлийн олон ном уншиж, судалж байна. Мөн ИТХ, намын дунд шатны байгууллага, олон нийт, залуучуудын байгууллагыг тэргүүлж байсан хүний хувьд энэ хугацаанд ямар зүйл ажиглагдсан бэ гэхээр улс төрийн нам ч бай, компани ч бай зорилго, үзэл баримтлал, зарчим, үнэт зүйлс зэргээрээ нэгдсэн байх ёстой. Гэтэл өнөөгийн байдлыг харахаар үнэт зүйл, зарчим гэсэн зүйлс алдагдчихсан гэж харагддаг.

Би Ардчилсан намын гишүүн. Манай нам ч ялгаагүй зүүний үзэл баримтлалтай нам болчихсон байх жишээтэй.

Одоогоор барууны ардчилал, зүүний ардчилал гэсэн үндсэн хоёр том хүчин давамгайлж байна. Зүүний үзэл бол халамж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлтэй байдаг бол барууны үзэл бол илүү хувь хүн рүү чиглэсэн бодлоготой байдаг. Тэр утгаараа энэ хоёр үзэл зарчмын зөрөөтэй байдаг боловч өнөөдрийн манай улс төрийн намуудын олонхи нь зүүний үзэл баримтлалтай байна уу даа гэж хардаг.

Тиймээс өнөөгийн нөхцөл нь олон нийт, сонгогчдод тодорхойгүй байдал үүсгэж байна. Намын гишүүнчлэлтэй болох хүсэлтэй залуучуудад ч намуудын бодлого, зарчим тодорхойгүй, нийтлэг шинжтэй байгаагаас үүдээд аль намд элсэх вэ гэдэгтээ эргэлзэж байна. Нөгөө талаас улс төрийн намд шилжиж, даргын цүнхийг барьж гүйвэл албан тушаалд хүрнэ гэсэн ойлголтыг залууст өгч байна.

Улс төрийн нам гэдэг институци бол улс эх орноо хөгжүүлье гэсэн нэгдмэл зорилготойгоор сайн дураараа эвлэлдэн нэгдсэн нийгмийн өндөр идэвхтэй, өндөр боловсролтой хүмүүсийн нэгдэл байх ёстой.

Тиймээс нэгд, улс төрийн намууд үзэл баримтлал, үнэт зүйлстэй байх ёстой, хоёрт засаглалаа сайжруулах ёстой гэж боддог. Сайн засаглалтай байх ёстой гэдэг дээр үзэл бодол нэгдсэн Ардчилсан намын хэсэг залуус намаа шинэчлэх хөдөлгөөн байгуулсан. Манай хөдөлгөөн үндсэн хоёр шаардлагыг тавьж байна. Нэгдүгээрт, АН-ыг бодлогын нам болгоё. Хоёрдугаарт, сайн засаглалтай болгоё гэсэн зорилготой ажиллаж байна.

Сайн засаглалтай байна уу гэдгийг нээлттэй-ил тод байдал, шударга-эрх тэгш байдал гэсэн үндсэн хоёр шалгуурыг тавьж болно. Тэр дундаа намын санхүүжилт гэсэн ойлголт энд яригдана.

Нэг талаас, одоогоор намууд санхүүжилтаа хэрхэн, хаанаас босгодог вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Намыг удирдаж буй хүмүүсийн намтар, ажлын замнал маш тодорхой байх ёстой. Үнэхээр мэдлэг, чадвараараа энэ албан тушаалд хүрсэн үү, ямар шалгуурыг хангаж энэ өндөрлөгт хүрсэн нь тодорхойгүй байна.

Нөгөө талаас, намын нийт гишүүдийн оролцоо эрх тэгш байх ёстой боловч энэ харьцаа алдагдсан.

Дарга гэсэн “том хүн” намыг бүхэлд нь удирдаж, авч яваад байгаа дүр зураг түгээмэл байна.

Дотоод ардчилал буюу нийт гишүүдийн оролцоог хангасан байх ёстой ч одоо бол намын эгэл жирийн гишүүний санал, байр суурь намын бодлогод тусч байна уу, үгүй гэдэг процесс ойлгомжгүй, хаалттай.

АН, МАН гэсэн хоёр том нам төр ээлжлэн барьж ирсэн. АН-ын гишүүний хувьд нээлттэй ил тод, шударга эрх тэгш байдал алдагдсан гэж хардаг. МАН-ын хувьд ялгаагүй байх гэж боддог. Тиймээс энэ бол зөвхөн АН, МАН-ын асуудал биш цаашид Монголын улс төрийн намуудын хөгжил, дүр зургийг илэрхийлэх чухал асуудал. 

Журмын хэсэг нөхөдтэйгээ хамтраад АН-ын "Шинэчилье" хөдөлгөөн байгуулсны гол зорилго нь юу юм бэ?

Нэрнээс нь сонсоход намаа шинэчлэх зорилготой гэдэг нь харагдаж байгаа байх. Яагаад шинэчилье гэж байна гэхээр болохгүй байгаа зүйл байгаа болохоор, шинэчлэх хэрэгтэй учраас энэ хөдөлгөөнийг байгуулсан. Засаглалын тухайд, хүний нөөцийн хувьд шинэчлэх, засах зүйлс байна. Тиймээс намын хэсэг залуучууд дуу хоолойгоо нэгтгэхийг хүссэн.

25 жилийн өмнө манай нам байгуулагдахдаа эх орондоо эерэг өөрчлөлт авчрахыг зорьсон. Өнөөдрийг хүртэл эерэг өөрчлөлтийг авчирсаар байна. Гэхдээ тийм ч хангалттай биш байна гэж хардаг.

Яагаад гэвэл Монголын нийгэм, эдийн засгийн байдал ямар байна гэдгээс харахад ойлгомжтой болов уу. Нам дотроо хэд хэдэн шийдвэрлэх шаардлагатай асуудал байна.

Үндсэндээ хүний нөөцийн шинэчлэл, бодлогын шинэчлэл, хариуцлагын шинэчлэл гэсэн гурван үндсэн шинэчлэлийг хүсч, зорьж байна.

Бодлогын шинэчлэл гэдэг нь АН бодлогын нам болъё гэсэн утгаар, хариуцлагын шинэчлэл гэдэг нь авлига, хээл хахуульд холбогдсон нөхдүүдэд, хэд хэдэн удаагийн сонгуульд намаа ялагдалд хүргэсэн хүмүүст хариуцлага тооцох нь зүйтэй. Шударга, сайн хүмүүсээр хүний нөөцөө бүрдүүлье гэсэн санал дэвшүүлж, байгуулагдаад байна.

Тэгэхээр АН-аа шинэчилье хөдөлгөөнийхөн намаа зөв чиглэл рүү түлхэж, хөдөлгөөнд оруулах, сайн засаглалтай нам болгож хөгжүүлэхийн тулд сэтгэл зүрхээрээ нэгдсэн залуучууд байна.

Хэр үр дүнтэй байна? Намын удирдлагууд та бүхэнд яаж хандаж байна?

Эхэн үед хүндээр тусгаж авч, үл ойшоосон асуудал гарсан. Хөдөлгөөн байгуулагдаад жил орчим болж байна. Хэвлэлийн хурал хийлгэж, асуудлуудаа тавьж байлаа. Саяхан болох байсан намын ҮЗХ-аар намын даргад шаардлага хүргүүлээд, шийдвэрлэх боломжтой зарим асуудлаар ярилцсан.

Намын дарга бол намаа шинэчилье, шинэчлэх хэрэгтэй гэдгийг зөвшөөрсөн хандлагатай байна. ҮЗХ-ын гишүүд ч үүнд санал нэг байгаагаа илэрхийлсэн. 

УИХ-д суудалтай намын гишүүд ч намаа шинэчлэх хэрэгтэй гэдэг дээр өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Хөдөлгөөнөө байгуулаад, анх намынхаа удирдлагуудад 12 заалт бүхий шаардлага хүргүүлж байсан. 2015 оны дөрөвдүгээр сард гэсэн үг.

Тэрхүү 12 шаардлагын 5-ыг намын даргын зүгээс хүлээн зөвшөөрч, дэмжсэн. 2 шаардлагыг нь хэрэгжүүлээд явж байна. АН Бодлогын зөвлөлтэй боллоо гэж байна. Энэ бол бидний нэг шаардлага байсан. Мөн залуучууд болон эмэгтэйчүүдэд тодорхой квот олгох хэрэгтэй гэсэн шаардлагын үндсэн дээр нам дотроо энэ асуудлыг ярилцаж байна.

Улс төрийн намаар дагнан судалдаг судлаачтай ярилцаж байхад "тогоо хагаравч тулгандаа, олгой хагаравч гэдсэндээ" гэдэг шиг намын асуудлыг нам дотроо ярих, шийдвэх ёстой гэж ярьж байсан. Та үүнтэй хэр санал нийлж байна?

Санал нийлж байна. Мэдээж бид асуудлаа дотроо ярилцаад, шийдэх гээд тодорхой алхмуудыг хийгээгүй биш хийж байсан. Дотроо ярилцаж шийдэх гэхээр хүлээн зөвшөөрөхгүй, үл ойшоосон хандлагатай байсан. 

Намын хэсэг бүлэг хүмүүс цэвэр өөрсдийн эрх ашгийг хамгаалах хүсэлтэй байсан. Тиймээс гараад дуугаръя, АН-ын 160 мянган энгийн гишүүн бидний юу хүсээд байгааг мэдэх ёстой гэсэн байр сууринаас хандаж, гаднаас дуугарч эхэлсэн. Тэрнээс биш улс төрийн амбиц хөөж, хэн нэгэнд таалагдах гэж, эсвэл популизм хийх гэсэн зүйл биш. 

Хувийн тоглолт биш гэдгийг яаж мэдэх үү?

Манай хөдөлгөөн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Хөдөлгөөн дотроо удирдах зөвлөл, дарга гэсэн статус байхгүй. Бүгд зохицуулагчид гэж явдаг. АН-аа шинэчилье гэсэн чин хүсэлтэй 30 гаруй залуусаар эгнээгээ тэлсэн хөдөлгөөн. Тиймээс бидэнд хувийн ашиг сонирхол, амбиц байхгүй. Бид намаасаа албан тушаал, эрх ямба авахын төлөө хөөцөлдөөгүй.

Нөгөө талаас яагаад заавал шинэчлэх гээд байгаа юм бэ? Мөрөөрөө ажлаа хийгээд стресс багатай явж болдоггүй юм у гэж харах хүмүүс байж магадгүй. Тэр том намыг шинэчлэнэ гэж? гэх зэргээр асуулт байж магад. Энэ асуултад хариулахад Монгол Улсын иргэн бүр улс эх орныхоо өмнө хүлээсэн тодорхой үүрэг хариуцлага гэж бий. Өөрийн чадах зүйлээрээ хувь нэмрээ оруулах ёстой гэж боддог.

Төрийг нам удирддаг. Төрийг цэвэр тунгалаг байлгахын тулд намыг цэвэр байлгах хэрэгтэй. Нам хүчтэй, чадавхтай байж гэмээнэ Монгол Улсын төр өрсөлдөх чадвартай байна. Тиймээс улс төрийн намууд шинэчлэгдэж байж, төрийн тогтолцоо зөв голдрилдоо орно гэж харж байна. 

Ярилцахад таатай байлаа. Баярлалаа.