УИХ дахь АН -ын бүлгийн дарга Б.Г арамгайбаатар
2016.01.22

Ардын намынхан Г.Уянга гэдэг хүний даашинзны хормойд зүүгдэж явна

УИХ дахь АН -ын бүлгийн дарга Б.Г арамгайбаатараас тодрууллаа.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхийн тулд байнгын хорооны ирц бүрдүүлэх гэж нэлээдгүй удах шиг боллоо. Энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?

-Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах гэж өглөөний 08.30 цагаас эхлэн таван цаг хүлээсэн. Ирц бүрдээгүй тул аргагүйн эрхэнд хойшилсон. “Шударга ёс" эвслээс Н.Батцэрэг гадаад томилолттой байсан тул ирж амжаагүй. ИЗНН-ынтөлөөлөл байнгын хороонд сууж байсан. МАН-ын гишүүдээс хэн нь ч суугаагүй.

Бид таван цаг хүлээж, байнгын хорооны дарга гишүүдийн хуралдаа орохыг шаардсан ч дээрээсээ удирдлагын шийдвэртэй тул орж ирээгүй. Би бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр гишүүн болон бусад  гишүүдтэй уулзсан. “Та нар хуралдаа орж суу. Та нар өөрсдөө өргөн барьсан шүү” гэсэн ч тэд “Бидэнд орох эрх байхгүй байна” гэдэг тайлбар өгсөн. “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаад шийдвэрээ гаргасан хэдий ч Г.Уянга гишүүн үдээс өмнө орж ирээгүй.

Г.Уянга гишүүн “Шийдвэр хүлээж байгаа” гэсэн байна лээ. Ямар ч байсан эд шийдвэр хүлээж байгаа юм байна. Хүлээж байгаа шийдвэрийг нь гаргах хүн нь МАН-ын дарга юм байна гэдэг нь харагдаж байна.

-МАН-ынхан олонхи ирцээ бүрдүүлэхээр орно гээд өрөөндөө байсан гээд байгаа?

-АН-ынхан бүгд л ирээд суучихсан байсан шүү дээ. Тиймээс бид ирц бүрдүүлэхгүй байх үндэслэл байхгүй.

-“Шударга ёс” эвслийн бүлгийн зарим гишүүн сайд нарыг огцруулахгүй ганцхан Ерөнхий сайдыг огцруулна гэдэг зүйл ярих юм...

-Яалаа гэж тийм зүйл байдаг юм. Ерөнхий сайдыг огцруулах асуудал яригдана гэдэг чинь кабинетыг огцруулах асуудал яригдана гэсэн үг.

Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудал яригдана гэдэг чинь Засгийн газар огцрохоос өөр замгүй. Миний харж байгаагаар энэ бүхэн Ардын намын хийж байгаа ажил. Г.Уянга гэдэг хүний даашизны хормойд зүүгдсэн Ардын намын олонхийн шийдвэр. Өөр шийдвэр байхгүй.

-ҮЗХ хуралдах байсан ч хойшилсон. Энэ нь Засгийн газартай холбоотой гээд байгаа?

-Товчхондоо энэ асуудал бол  гэнэтийн шийдвэр байсан. Засгийн газрыг огцруулах асуудлыг гэнэт өргөн барьсан. Учир нь Засгийн газар бонд босгох гээд сайд нар нь гадагшаа явчихсан байлаа. Бондын асуудал шийдэгдэхийн өмнө энэ ажиллагаа хийгдэж байгаа нь бонд босгуулахгүй байх, ямар нэгэн аргаар АН-ын хийж байгаа ажлыг саатуулах гэсэн бодлого агуулсан гэж үзэж байна. Нэгэнт ийм онцгой шийдвэр гарсан тул бид ҮЗХ-ын хуралдааныг хойшлуулах нь зүйтэй гэсэн юм.

-Засгийн газрыг огцруулах асуудлаас болоод гадаад ертөнцөд бонд босгох ажилд хүндрэл хэр гарч байгаа вэ?

-Бэлтгэл хангагдаад эхний ажлууд хийгдэж байтал ийм асуудал гарсантай холбогдуулан тээнэгэлзэх зүйл бий болсон гэдгийг Сангийн сайд хэлж байсан. Энэ асуудлыг шийдэх ёстой. Ард түмнийхээ төлөө гэдэг Ардын намынхан бүх боломжийг хааж байна.