Шадар сайдад нэр дэвшигчийн тодорхойлолтыг АТГ-аас авах шаардлагатай
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2016.02.17

Шадар сайдад нэр дэвшигчийн тодорхойлолтыг АТГ-аас авах шаардлагатай

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн Даваа гарагт нээлтээ хийх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй. Үүнээс шалтгаалж өнөөдөр / өчигдөр/ УИХ-ын даргын зөвлөлийн хурлыг хийлээ. Намуудын удирдлагууд яг ямар асуудлыг ярилцаж, тохиролцов?

-УИХ-ын даргын зөвлөлийн хурал дээр АН-ын бүлгийн даргын хувьд ээлжит бус чуулганы нээлтийг пүрэв гараг хүртэл хойшлуулж өгөхийг хүссэн.

-Шалтгаан нь?

ИХ дахь МАН-ын бүлэг болон бусад нам, эвсэл манайхыг ирцээ бүрдүүлэхийг шаардсан.  

Ирцээ бүрдүүлэхийн тулд гадаадад байгаа гишүүдээ эх орондоо ирэхийг нь хүлээх хэрэгтэй. Тиймээс хоёр хоногийн хугацаа хүссэн юм.

-Гадаадад байгаа дөрвөн гишүүн Пүрэв гарагаас өмнө амжиж ирэх үү?

-Тийм ээ, амжиж ирэх үүрэг өгөөд байна. Тэд эхнээсээ нислэгийн хуваариа наашлуулах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн. Тиймээс ирэх Пүрэв гарагт AH 35 гишүүнээ чуулганы нээлтэд оролцуулна. Ингэснээр УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж үзэж байна.

-Сөрөг хүчний зүгээс өнгөрсөн даваа гарагт нээлтээ хийх байсан ээлжит бус чуулганы хуралдаанд нэг ч гишүүн ирээгүй. Тэр ч битгий хэл, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд ч оролцоогүй. Ийм байхад энэ удаагийн ээлжит бус чуулган нээлтээ хийж чадах уу. Эсвэл танай намын зүгээс бие даагч гишүүд болон ИЗНН-ыг оролцуулан хүчээр ирцээ бүрдүүлж, ээлжит бус чуулганыг нээхээр төлөвлөв үү?

-Ямар ч л байсан АН олонхыг бүрдүүлж байгаагийн хувьд 35 гишүүнээ бүрэн оролцуулна.

-Гэхдээ ээлжит бус чуулганыг нээхийн тулд 39 гишүүн танхимд хүрэлцэн ирсэн байх ёстой. Ингэж байж хуулийн дагуу УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжтой болно шүү дээ?

-Бид ярилцаж байна.

-Ярилцаад ямар нэгэн тохиролцоонд хүрч чадав уу. УИХ-ын даргын зөвлөлийн хуралд МАН-ын удирдлагууд оролцсон биз дээ?

-Тийм ээ, оролцсон. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын дэд дарга М.Энхболд нар байсан.

-Тэд ямар байр суурийг илэрхийлж байх юм. Ээлжит бус чуулганы нээлтэд гишүүд нь оролцоно гэнэ үү?

-МАН-ын гишүүд ээлжит бус чуулганы хуралдаанд оролцох эсэх нь бүлгийнх нь асуудал байх. Гэхдээ УИХ-ын даргын зөвлөлөөс захирамж гаргасан. 

-Ямар захирамж билээ?

-Гишүүдийг хуралдаандаа суух захирамж. Учир нь, УИХ-ын гишүүд хуралдаандаа суух үүрэгтэй. Түүнээс ирц бүрдсэний дараа орно гэсэн ямар ч хууль, эрх зүйн орчин байхгүй. Энэ бол зүгээр л шалтаг.

-Та сая зүгээр л шалтаг гэлээ. Магадгүй МАН-ын бүлгийн зүгээс тохиролцоонд хүрч чадаагүй болохоороо хуралдаандаа суухгүй байгаа юм биш үү?

-Ямар тохиролцоо.

-Олон нийтийн дунд сүүлийн үед маргаан дагуулаад байгаа Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг чөлөөлөхтэй холбоотой асуудлаар сөрөг хүчин зөвшилцөх ёстой гэж үзээд чуулганы нээлтэд оролцохгүй байна гэх хардлага бий. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Цэцийн асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авсан ч хугацаа нь дууссан. Иймээс хүссэн хүсээгүй чуулганаар хэлэлцэж, шийдвэр нь гарах ёстой. Бид ганц Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа гэх хүний асуудлыг яриагүй.

Үндсэн хуулийн Цэцийг үндсэн үйл ажиллагаанаасаа хазайсан үйлдэл хийгээд байна гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр энэ удаагийн ээлжит бус чуулганы хуралдаанаар зөвхөн Цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэхгүй.

-Тэгээд ямар хэлэлцэнэ гэж?

-Татварын багц хуулиудыг хэлэлцэх шаардлагатай. Маш сайн хуулийн төслийг өргөн мэдүүлсэн шүү дээ. Дээр нь эрүүгийн хэд, хэдэн хуулийн төсөл хүлээгдэж байна. Хэд, хэдэн улстай холбоотой хэлэлцээр бий. Энэ мэтчилэн цаг хугацаа алдаж болохгүй олон зүйл байна.

-Эрүүл мэнд, спортын сайдыг томилох эсэх асуудлыг ээлжит оус чуулганаар хэлэлцэхгүй гэсэн үг үү?

-УИХ-ын даргын зөвлөл дээр тухайн ээлжит болон ээлжит бус чуулганыг хуралдуулахад ямар асуудал хэлэлцэхээ тогтдог. Өөрөөр хэлбэл, дараалал гаргадаг гэсэн үг. Харин энэ удаагийн ээлжит бус чуулганаар ямар нэгэн сайдын томилгоотой холбоотой асуудал ороогүй. Оруулах ч боломж байхгүй.

-Яагаад боломжгүй гэж?

-Хэрэв уг асуудлыг Засгийн газраас албан ёсоор өргөн баривал дахин ээлжит бус чуулган зарлаж болно. Зарлахыг ч үгүйсгэхгүй.

-Сайд нарын томилгоо гэснээс “Шударга ёс” эвслийн бүлэг Шадар сайдаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилуулахын тулд чуулганы нээлтэд оролцохгүй байгаа гэх юм. Танай бүлгийн хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Хэнийг Шадар сайдаар томилуулахаар УИХ-д оруулж ирэх нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Миний мэдэж байгаагаар бол АТГ-аас сайдад нэр дэвшигчийн тодорхойлолтыг авах шаардлагатай. Тэр бичгийг хүлээж байгаа юм билээ.

-Хэрэв АТГ-аас Н.Энхбаярыг албан тушаалд томилох боломжтой гэсэн хариу ирвэл хүлээж авна гэсэн үг үү?

-Үнэхээр тийм шийдвэр гарвал УИХ-д орж ирэх ёстой. Гэхдээ Шадар сайдын асуудал энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэхгүй. АТГ-аас бичиг ирсний дараа Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Шадар сайдын асуудлаа УИХ-д өргөн мэдүүлэх ёстой.