Ашигт малтмалынхаа дээжийг гадаадад шинжлүүлдгийг эцэслэх түвшинд хүрлээ
Монгол Улсын Геологийн төв лабораторийн захирал Н.Тэгшбаярыг энэ удаагийн “Ярилцах танхим”-даа урилаа.
-Та шинэ албаа аваад хэр хугацаа өнгөрч байна вэ. Энэ хугацаанд юу амжуулав. Танайх бас л өөрийн гэсэн онцлоготой салбар шүү дээ?
-Албаа аваад овоо хэдэн сар болж байна. Санхүү доголдож өглөг, авлага ихтэй, татвар дансыг нь хаасан, цалингаа 2-3 сар тавиагүй зэрэг нилээд хүндэрсэн газар авсан одоо юутайч 170 орчим ажилчдынхаа цалинг бүрэн нөхөж тавьлаа. Санхүүгийн хямралтай, уул уурхай зогсонги байдалд байгаа энэ үед манай багийхан энэ томоохон сорилтын ард гарч чадах итгэл үнэмшилтэй боллоо. Ажлыг сэтгэлээсээ хичээгээд хийвэл болохгүй юм байдаггүй гэж боддог. Энэнтэй холбогдуулаад хэлэхэд зохиолч Чинагийн Галсан гуай ямар ч улсын дэмжлэггүйгээр 500 мянган мод тарьж чадсан сайхан жишээ байна. Залуучууд мөнгө байхгүй гэж хойшоо суудгаа болиод шинийг санаачлаад хичээгээд зүтгэх л хэрэгтэй.
Хэвлэл мэдээллээр танай лаборатори итгэмжлэгдсэн тухай яриад байсан энэ тухай ярихгүй та ?
Гол нь өнгөрсөн 2015 онд бид ур чадварын сорилт зохион байгуулагчаар итгэмжлэгдлээ. Ингэснээр манай лаборатори 3 дахь олон улсын түвшиний итгэмжлэлийг хангаж байгаа юм. Тодруулбал нэгдүгээрт эрдсийн лабораторид тавигдах ерөнхий стандарт. Хоёр дахь нь аттестатчилсан стандардчилсан загвар зохион бүтээгчийнх, гуравдахь нь сая миний хэлсэн ур чадварын сорилт зохион байгуулах олон улсын итгэмжлэл юм. Энэ гурвыг зэрэг хангасан лаборатори дэлхийд гарын 5 хуруунд багтах цөөхөн байдаг. Миний мэдэхээр тав АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллагаар үнэлүүлж итгэмжлүүлсэн 800 гаруй лабораториос зөвхөн 5 нь манайх шиг гурвалсан итгэмжлэлтэй. Энэ нь Монгол Улсын Геологийн төв лаборатори олон улсад чадамжтай, үнэлэмжтэйгээ улам баталгаажуулж буй хэрэг. Ингэж хүлээн зөвшөөрөгдөнө, энэ хэмжээнд ажиллана гэдэг мэдээж том үйл явдал. Энэхүү итгэмжлэл нь нэг гишүүнтэй ТББ “Оны шилдэг” энэ тэр гээд нэр зохиогоод утасдаад өгчихдөг зүйлээс огт өөр. Энэ юу гэсэн үг вэ гэвэл өмнө нь өндөр технологид суурилж хийдэггүй байх үедээ элементүүдийг бараг л нэг нэгээр нь тодорхойлдог байсан. Өнөөдөр цөмийн технологи дээр суурилсан өндөр нарийвчлалтай үр дүн гаргадаг тоног төхөөрөмжтэй болсноор нэг удаагийн хэмжилтээр нэгэн зэрэг үелэх системийн 44-70 гаруй элементийг тодорхойлж чаддаг болсон. Энэ нь лабортарийн бүтээмж, хүчин чадал өссөнийг илтгэж байна төдий чинээгээр ажилчдын ур чадвар дээшилснийг харуулж байна. Бас АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллагаас жил болгон аттестатчилж, шалгаж байдаг. Тэгэхээр үүнийг хадгалана гэдэг хариуцлага том чадамж л даа. Ер нь манай лабораторийн хувьд их онцлоготой.Эрдэсийн шинжилгээний бүрэн цогц үйлчилгээ үзүүлдэг цорын ганц лаборатори. Байгуулагдаад 58 жил болсон. Энэ амжилтад хүрэхэд анх байгуулагдахаас нь эхлээд өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэл асар их бий.
-Лаборатори олон улсад хүлээн зөвшөөрөгдсөний давуу талууд нь юу вэ. Тухайлбал, манайхан эрдэсийн шинжилгээ хийлгэнэ гээд маш олон дээжийг гадагш нь явуулдаг. Ингэснээр эдийн засгийн хувьд ихээхэн хохирол амсдаг гэдэг шүү дээ?
-Таны яриад байгаагаар олон тэрбум төгрөгийн Ашигт малтмалынхаа дээжийг гадаадад шинжлүүлдгийг эцэслэх түвшинд хүрлээ. Ингэснээр дотоодын хайгуулын компаниуд цаг, мөнгө хэмнэж түүнчлэн гадагшаа гарах валютын урсгалыг багасгана. Хоёрдугаарт бүс нутгийн орнуудад хайгуул хийж байгаа компаниуд манайх руу дээжээ илгээснээр валютын нөөцийг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах юм. Гурав дахь нь бид тэдгээр бүс нутагт өөрийн салбар төлөөлөгчийн газраа байгуулах зэрэг олон давуу тал үүсч байгаа юм. Аттестатчилсан стандартчилсан 80 гаруй загварыг бид бүтээж,үйлдвэрлэж, эзэмшиж байгаа. Үүнийгээ зургаан тивд байгаа гэрээт борлуулагчдаараа дамжуулан зарж байна. Мэдээж эсгий улавчаа хийгээд зарах нь зөв гэхдээ Дэлхийд өрсөлдөхийн тулд өндөр технологид тулгуурласан бизнес хийх хэрэгтэй. Гаднын орнууд шинжлэх ухааны салбарын шинэ ололт, нээлтүүдийг хэрэглээ болгож байгаа биз дээ. Бид шинжлэх ухаан, оюун ухаанд суурилсан бизнес хийж түүнийгээ экспортлох ёстой. Ингэж чадаж байгаа улс орон өнөөдөр хөгжиж байна. Тэгвэл манайх бүс нутгийн эрдсийн дээжийг Монголд шинжлэх чадамжтай болж, гадаадад шинжлүүлдгийг эцэслэх түвшинд хүрлээ. Энэ нь том агуулгаараа Монголд, бүх салбарт үр өгөөжөөөгч чадна гэж хэлж болох юм.
-Жишээ нь ямар салбарт?
-Уул уурхайн салбараас улсын төсөв бүрдүүлж гаалийн татвар тогтооход чухал үүрэгтэй оролцож байна. Жишээлбэл 5 тоннын хэмжээтэй цагаан ууттай зэсийн баяжмал дотор байгаа алт, зэс, газрын ховор, молбиден, мөнгө гэх мэт элементүүд хичнээн байгааг бид тогтоогоод өгчихөж байна. Энэ үр дүн дээр үндэслээд татварынхан татварын хэмжээгээ гаалийнхан гаалийн татварын хэмжээгээ тогтоогоод Сангийн яаманд өгчихнө. Тэгээд татвараа авна. Жишээ нь, манайхан “Оюутолгой”-н хил гаалиар гаргаж байгаа бүтээгдэхүүнд арбитр, экспердицийн шинжилгээ хийж байна. Яахав хүмүүс “Оюутолгой”-г муу хэлдэг юм билээ. Гэхдээ миний хувьд яг хамтраад ажиллаад шинжилгээг нь хийж байгаагийн хувьд тэгж хэлэх аргагүй. Яагаад гэвэл бид олон улсын стандарт гэдэг зүйлийг оруулж ирж байна. Тэр төвшинд ажиллаж байна. Тэр хэрээр манай чадамжийг олон улсад тодорхойлж байна. Энэ жил л гэхэд “Оюутолгой” 1000 орчим компанитай ханган нийлүүлэлт хийж байгаа юм билээ. Тэгэхэд манайх хамгийн өндөр үнэлгээг авч байна.
-Харилцагч, зах зээл рүүгээ хандаж ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна ?
Бид “Хайгуулын салбарт хөрөнгө оруулагчдын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд итгэмжлэгдэсэн лабораторийн оролцоо”сэдэвт уулзалт, семинар 7 хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад зохин байгуулж байна. Энэ хүрээнд 3000 гаруй лиценз эзэмшдэг 1000 гаруй компанийн төлөөллийг бүгдийг нь хүлээн авч уулзлаа. Энэ үйл ажиллагааг Ашигт малтмалын газар ч, Уул уурхайн яам ч дэмжиж байна. Би түрүүн хэлсэн дээ. Энэ нь олон талд үр өгөөжөө өгнө. Тэгвэл бид тухайн хайгуулын лицензтэй газар шинжилгээ хийлгээд үр дүн сайн байвал орд болоод явна. Тухайн талбай эрдсийн хуримтлал ЭЗ-н агууллага багатай байвал бас л лабораторийн шинжилгээний үр дүнгээр тодорхойлж гарлагын бага, цагийн эрт дээр хайгуулаа зогсоож, нэмэлт зардал гаргаж болохгүйг тогтоогоод өгнө. Хэрэв орд байх боломжтой гэвэл манайх технологийн туршилтаар ямар технологи, химийн бодис ашиглахыг хүртэл чиглүүлж өгөх жишээтэй. Мэдээж шинжилгээ хийгээд багахан зүйл гарвал та нар үргэлжлүүлж хөрөнгө оруулалт хийх хэрэггүй , энэ газар орд болохгүй гэдгийг хэлнэ. Энэ ч хэн хэндээ маш үр өгөөжтэй ажил.
-Мэргэжилтнүүд гэснээс лаборатри олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхийн хэрээр боловсон хүчинд тавих шаардлага өндөрсөх байх?
-Бид боловсон хүчнээ ОХУ, Япон, Франц, Солонгос гээд өндөр хөгжилтэй оронд бэлтгэж байна. Тэр бүү хэл бидний дараагийн шат нь хүмүүсээ гадагш нь явуулж бэлтгэх бус харин бүс нутгийн хүмүүс манайд ирж туршлага судлаад сураад явах хэмжээнд хүрчихэж байгаа юм. Тухайлбал, бид энэ хүрээнд Олон улсын Атомын энергийн агентлагийн түшиц лаборатори болох бэлтгэлээ базаан ажиллаж байна.
Эрдсийн шинжилгээнээс гадна Сонирхолтой ямар шинжилгээ хийж байна вэ?
Олон сонирхолтой зүйл ярьж болно. Жишээлбэл бид Монгол хүний толгойны үсний Атестачилсан, стандартчилсан загвар зохион бүтээхээр МУИС-н Проф.О. Болормаа багшийн багтай хамтран ажиллаж байна. Хүний үсний эрдэс бодисын агууллагаар нь олон талын мэдээллийг авч болно. Нэг хүний үсийг аваад ирлээ гэхэд үсээр нь аль аймгийн хүн, ямар төрлийн өвчлөлтэй юм гэдгийг хүртэл тогтоох боломжтой болно. Алсдаа энэ ажил шүүх шинжилгээ, эрүүл мэнд гээд олон салбарт хэрэг болох учиртай. Дэлхий дээр үсний стандарт загвар гаргасан маш цөөхөн орон бий. Тэрний нэг нь манайх болно. Үснээс шинжилгээ аваад хүний биед байх ёстой бодисуудын тэр нь их, бага байна гэдгийг тогоогоод түүнийгээ хоолоор хэрхэн зохицуулах, ямар шинжилгээнд хамрагдахаа хүртэл мэдэх боломжтой болно.
-Сонирхолтой юм байна. Энэ шинжилгээг хаана өгч болох вэ?
-Манай даборатори болон МУИС-ийн ШУ-ны сургуулийн Хүрээлэн буй орчин судлалын лабораторид өгч болно.
Та цөмийн энергийн газрын дарга байсан Хан Ресурст Монгол 100 сая ам.долларын өртэй болчлоо гээд хэвлэл мэдээллээр яригдаад байгаа энэ талаар мэдээлэл өгнө үү ?
Намайг анх Цөмийн энергийн газрын дарга болоход л маргаантай байсан асуудал. Одоо ч маргаантай хэвээр байх шиг байна. Ажил хариуцсан хүмүүсээс нь асуусан дээр байх.
Цөмийн энергийн салбарыг эсэргүүцэгчид их байх юм энэ талаарх таны бодол ?
Цөмийн энергийг салбарыг эсэргүүцэгчид их байна. Энэ нь дэлхий бөөрөнхий гэж хэлээд олон эрдэмтэд дундад зуунд цаазаар авахуулж байсан. Өнөөдөр хүн бүр л дэлхий бөөрөнхий гэдгийг мэддэг болсон. Утаа гаргадаг биш ус гаргадаг ус төрөгчөөр эрчим хүчээ шийддэг машиныг Тоёота компани олноор үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлээд эхэлчихлээ. Үүнтэй адил цөмийн технологийн энхийн хэрэглээ, цөмийн шинжлэх ухааныг ойлгож хүлээн зөвшөөрөх цаг ирнэ гэдэгт эргэлзэхгүй.