76:41 буюу төрд байх ёстой түшээдийн нэг
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2016.02.04

76:41 буюу төрд байх ёстой түшээдийн нэг

Энэ удаагийн “76:?” буландаа нийслэлийн Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Одонтуяаг онцолж байна. 

- АМЛАЛТ

2012 оны сонгуульд нэр дэвшсэн хүмүүс хувиасаа амлалт өгч, ийм тийм ажил хийнэ гэж нэр дурьдаагүй. Намынхаа мөрийн хөтөлбөрийг барьж орсон учраас давуу талтай гэж хэлж болно. Учир нь сонгогдсоныхоо дараа тухайн тойрогтоо хийнэ гэж амласан амлалтаа биелүүлэх гэж бие биеэсээ өрсөн төсөвт цөөн ч болов төгрөг суулгуулах гэж зүтгэхээ больсон. Тэгэхдээ сонгогчдынхоо итгэлийг дааж УИХ-ын гишүүн болсон учраас мэдээж тойрогтоо ажил хийх ёстой. 

С.Одонтуяа гишүүн ч намын мөрийн хөтөлбөрийг гол болгож сонгуульд оролцсон. Өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан нам төрийн эрх барьсан болохоор мөрийн хөтөлбөр нь ерөнхийдөө биелж байгаа гэхэд болно. Мэдээж хэрэг хэн ч өгсөн бүх амлалтаа биелүүлж амжихгүй. Тэгэхдээ л дийлэнхийг нь биелүүлсэн гээд дүгнэчихэд болно. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбож дуусгалаа. 


Улаанбаатар хотын хэмжээнд ч чамгүй олон ажил хийсэн нь өнөөдөр үр дүнгээ өгч л байна. Үүнээс гадна С.Одонтуяа гишүүний сонгогдсон тойрогт бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж, эрүүл мэнд, боловсролын салбарт нэлээд ахиц гарчээ. Үйлчилгээ явуулах байртай болж байна гэдэг тэр хэмжээгээрээ ажил урагшлах нөхцөл мөн учраас ийнхүү онцолж байгаа хэрэг. Бүр тодруулбал, төсвийн асуудлыг нааштай шийдүүлснээр Баянгол дүүргийн цэцэрлэгийн шинэ барилга, сургуулийн өргөтгөл, их засвар гэхэд 20 орчим ажил гүйцэтгэж, сурагчдын суудлын тоог нэмэгдүүлж, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлжээ.


Үр хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь сэтгэл амар явуулсан эцэг, эх ажлаа сайн хийж, авдаг хэд нь нэмэгдэж, амьдрал нь дээшлэх нь гарцаагүй. Мөн дүүргийнхээ удирдлагуудтай хамтран  цагдаагийн хэлтсийнхэн болон хороодын цагдаа нарынхаа ажиллах нөхцлийг сайжруулахад анхаарч ажиллажээ. Ажиллах нөхцөл нь сайжирснаар тус дүүргийн цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэхэд нь дөхөм болж, цаашлаад иргэдийн амар тайван амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм. 

Түүнээс гадна дүүргийнхээ хэмжээнд өдөр, шөнийн алинд ч гэрэлтүүлэггүйгээр өнгөт бичлэг хийх чадвартай 415 камерыг суурилуулжээ. Камерын хяналтын нэгдсэн төвийг байгуулснаар гэмт хэргийн гаралт буурч байгаа сайхан мэдээ  ч дуулдаж байгаа юм. Түүнчлэн өмнө нь Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан учраас тэрбээр эрүүл мэндийн салбарт нэлээд анхаарч, хөрөнгө мөнгийг нь шийдүүлж чадсанаар сүүлийн 32 жил энэ салбарт хийгдээгүй бүтээн байгуулалтыг цогцлоож, 140 хүүхдийн ортой Хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулснаар баянголчуудын нэг асуудал шийдэгдсэн гэж хэлж болно. 

Үүнээс гадна УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нарын санаачилгаар ЭМСЯ, ЦССҮТ, Баянгол эрүүл мэндийн цогцолборын дэмжлэгтэйгээр Монгол Улсад анх удаа олон улсын жишгийн дагуу Баянгол дүүрэгт цус цуглуулах төвийг нээсэн нь цус, цусан бүтээгдэхүүн дутагдалтай, ганцхан төв ажилладаг байдлыг халж, цусаа бэлэглэгч доноруудад үйлчилгээг нь ойртуулж, цус цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж сайжрах үндэс болж, олон зуун хүнд амьдрал бэлэглэсэн буянтай ажил болж байна хэмээн тойргийнхон нь ам сайтай байдаг юм билээ. Энэ мэтчилэн зөвхөн төр, засгаас хийх ёстой хэмээн гараа хумхиж суулгүй Баянгол дүүргээс сонгогдсон гишүүд, дүүргийн удирдлагуудтайгаа нягт хамтран ажиллаж, багийн ажиллагааны үр дүнг харуулж чадаж байгаа билээ. 

Өмнө нь тойргоос сонгогдсон гишүүд ингэж их ажил хийж, тэр бүхнээ иргэддээ тайлагнадаг, төрийн анхан шатны байгууллагатай нягт холбоотой ажилладаг байсан тухай мэдээлэл бараг гардаггүй байсан санагдана. Их л удаж сонгууль дөхөхөөр сонгогчиддоо хайр зарладаг байв. Гэтэл тэр тэгсэнгүй. Тиймээс түүнийг амлалтаа сайн биелүүлсэн гэж дүгнэх гээд байна. 


- АМЖИЛТ


С.Одонтуяа гишүүнийг ерөнхийд нь амжилттай ажиллаж байгаа төрийн түшээ гэж дүгнэхэд буруудахгүй. Тэрбээр УИХ-ын гишүүний хамгийн гол үүрэг болох хууль санаачлах ажлаа нэлээд сайн гүйцэтгэж буй. Мөн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгүүдийн ахлагчаар ажиллаж, амьдралд ойр хуулийн төслүүдийг батлуулж чадсан гавьяатай. 

Тухайлбал, хууль санаачлагч болон бусад гишүүдтэй хамтран Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төрийн өмчийн тухай, Нийгмийн эрүүл мэндийн тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Хамтын тэтгэврийн тухай, Хог хаягдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг олон хуулийн төсөл дээр ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллажээ. 

Харин өөрийнх нь санаачлан өргөн барьсан хуулийн төслөөс дурьдвал Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хүүхдийн эрх болон Хүүхэд хамгааллын хуулийн төсөл зэргийг нэрлэж болохоор аж. 

Тиймээс ч байнгын хорооны хурлаар Гэр бүлийн тухай хуулийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Хүүхдийн эрх болон Хүүхэд хамгааллын хуулийн төсөл болон Гэр бүлийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Одонтуяаг томилсон юм. Учир нь байнгын хорооны гишүүд Гэр бүлийн тухай хуулийг Хүүхдийн эрх болон Хүүхэд хамгааллын тухай хуультай уялдуулах нь чухал гэдэг дээр санал нэгдэн ийм шийдвэр гаргасан. Мөн АН-ын бүлгийн дэд даргын үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ саяхан болсон Ардчилсан намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дөрөвдүгээр дээд чуулганаар гишүүдийн олонхийн саналаар тэргүүнээр нь сонгогдсон. 

Үүнээс гадна түүний харьяалагддаг эмэгтэй гишүүдийн бүлэг эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, кампанит ажлуудыг эхлүүлсэн. Энэ мэтчилэн УИХ-ын гишүүний хийх ёстой ажлыг ор нэр төдий гүйцэтгэж, хуралдаа суудаггүй гишүүдийг бодвол тэр анх удаа гишүүнээр сонгогдсон гэхэд ажлаа сайн хийж, үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэжээ. 

- АЛДАА 
- ТЭНЭГЛЭЛ

УИХ-ын гишүүний хувьд, эмэгтэй хүнийхээ хувьд ч С.Одонтуяа энд тэнд алдаа гаргаж, олны нүдэнд өртөөд байсан удаагүй. Гэхдээ хүн бүхэн өндөг шиг өөгүй байдаггүйтэй адил түүнтэй нэр холбогдсон алдаа гэх ганц зүйл нь Газрын тосны газрын даргаар нөхрийгөө томилуулсан гэх асуудал.

Зарим мэдээллийн хэрэгслээр “...Газрын тосны газар нь Уул уурхайн яаманд харьяалагддаг, тэгэхээр сайд Д.Ганхуяг өөрийн фракцийн хүнийхээ нөхрийг ийн чухал алба руу татсан бололтой. Ер нь тэгээд С.Одонтуяа гишүүн ч адтай айхтар бүсгүй юм даа, тийм чухал албанд нөхрийгөө суулгаж чаддаг. Ардчилсан нам дотор УИХ-ын сонгуульд нэр дэвшээд унасан хүн цөөнгүй бий. Тэд ажилтай болох гээд Ерөнхий сайдыгаа царай алдсаар суухад С.Одонтуяа гишүүн нөхрийгөө ийн өөд татаж амжлаа шүү дээ...” хэмээн бичсэн байдаг. 

Гэхдээ түүний нөхөр сонгуулийн өмнө ч тэнд ажилладаг байсан бөгөөд зарим нэг хүмүүс шиг өндөр албан тушаалтай ойрын хүнийхээ дэмжлэгээр албан тушаалд суусан “хоосон гар”-уудыг бодвол эхнэрийнхээ нэрийг унагалгүй, хийсэн ажилтай, хэлэх үгтэй сууж байгаа гэдгийг хүмүүс харж байгаа биз ээ.  

- ИРЭЭДҮЙ

Түүний ирээдүй тодорхой. Энэ удаагийн сонгуулиар жагсаалтад орох боломжтой ч түүнд хуучин тойрогтоо нэр дэвших бүрэн дүүрэн боломж бас бий. Учир нь эхлүүлсэн ажлаа дуусгах, хийж хэрэгжүүлж буй зүйлүүдийнхээ эцсийн үр дүнг үзэх нь С.Одонтуяа гишүүнд ч, тойргийнх нь сонгогчдод ч хэрэгтэй. 

Тэрбээр өөрөө ч “Би Баянгол дүүргийн иргэдийн төлөө ажиллаж байгаа. Иргэд маань ч гэсэн надад итгэж, найддаг. Тиймээс би Баянгол дүүрэгтээ нэр дэвших бодолтой байна” хэмээн ярилцлага өгөхдөө хэлсэн байсан. Тиймээс түүнийг ирээдүйг тодорхой хэмээн бардам хэлж байгаа юм. Ерөөсөө улс төрд заавал эрэгтэй хүн байх ёстой мэтээр сэтгэж байсан үе 2012 онд улирч, намууд ч эмэгтэйчүүддээ боломж олгосноор энэ удаагийн УИХ эмэгтэй гишүүдтэй болж чадсан. Эмэгтэй гишүүд ч сонгогчдынхоо итгэлийг алдалгүй ажиллаж, амьдралд ойр хуулийн төслүүдийг санаачилж, эхнээсээ ч хэрэгжээд эхэлсэн. 

Тийм болохоор эмэгтэйчүүдийг төрд гаргах нь зөв юм байна гэдгийг сонгогчид ойлгож буй биз ээ. Тэд эрэгтэйчүүдийн гаргах гэж буй шийдвэрийн төлөө санал нэгтэй эсэргүүцэж, бас эерүүлж чаддаг гэдгийг олон түмэн хангалттай харлаа. Мөн авлига, хээл хахууль гээд элдэв төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэл багатай гэдгийг ч мэдэрлээ. Тийм болохоор энэ жилийн сонгуулиар ч гэсэн зүтгэлтэй, сэтгэлтэй эмэгтэйчүүдийг дэмжихэд буруудахгүй биз ээ.