Хэзээ нэгэн цагт Их хуралд өрсөлдөх л байх
Геологийн төв лабораторийн захирал Н.Тэгшбаярыг “Ярилцах танхим ”-ын зочноор урилаа.
АШИГТ МАЛТМАЛЫНХАА ДЭЭЖИЙГ ГАДААДАД ШИНЖЛҮҮЛДГИЙГ ЭЦЭСЛЭХ ТҮВШИНД ХҮРЛЭЭ
-Та нэг үе Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байсан. Гэвч тус газар татан буугдаж, та нэг хэсэг нам гүмхэн байсан. Харин саяхнаас Геологийн төв лабораторийг удирдахаар очиж. Энд томилогдохоосоо өмнө юу хийж байв?
-Яахав. Залуу хүнд хийх юм хаа мундах билээ. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна. Туг бариад гэдийхгүй, тугал хариулаад бөхийхгүй гээд явж л байлаа.
-Ингэхэд шинэ албаа аваад хэр хугацаа өнгөрч байна вэ. Энэ хугацаанд юу амжуулав. Танайх өөрийн гэсэн онцлоготой салбар шүү дээ?
-Албаа аваад бараг хагас жил болж байна. Ажил маань ч сайн байна. Албаа аваад овоо хэдэн сар болж байна. Санхүү доголдож өглөг, авлага ихтэй, татвар дансыг нь хаасан, цалингаа хэдэн сар тавиагүй зэрэг багагүй хүндэрсэн газар авсан. Одоо юутай ч 170 орчим ажилчдынхаа цалинг бүрэн нөхөж тавилаа. Санхүүгийн хямралтай, уул уурхай зогсонги байдалд байгаа энэ үед манай багийхан энэ томоохон сорилтын ард гарч чадах итгэл үнэмшилтэй боллоо. Ажлыг сэтгэлээсээ хичээгээд хийвэл болохгүй юм байдаггүй гэжбоддог. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд зохиолч Чинагийн Галсан гуай ямар ч улсын дэмжлэггүйгээр 500 мянган мод тарьж чадсан сайхан жишээ байна. Залуучууд мөнгө байхгүй гэж хойшоо суудгаа болиод шинийг санаачлаад хичээгээд зүтгэх л хэрэггэй, Мөн өнгөрсөн онд бид ур чадварын сорилт зохион байгуулагчаар итгэмжлэгдлээ.
-Энэ нь юу гэсэн үг вэ?
-Ингэснээр манай лаборатори гурав дахь олон улсын түвшиний итгэмжлэлийг хангаж байгаа юм. Тодруулбал, нэгдүгээрт эрдэсийн лабораторид тавигдах ерөнхий стандарт. Хоёр дахь нь аттестатчилсан стандардчилсан загвар зохион бүтээгчийнх, гурав дахь нь сая миний хэлсэн ур чадварын сорилт зохион байгуулах олон улсын итгэмжлэл. Энэ гурвыг зэрэг хангасан лаборатори дэлхийд цөөхөн байдаг. Миний мэдэхээр АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллагаар үнэлүүлж итгэмжлүүлсэн 800 гаруй лабораториос тав нь манайх шиг гурвалсан итгэмжлэлтэй. Энэ нь Геологийн төв лаборатори олон улсад чадамжтай, үнэлэмжтэй болж хүлээн зөвшөөрөгдөж буй хэрэг юм.
Мэдээж ингэж хүлээн зөвшөөрөгдөнө, энэ хэмжээнд ажиллана гэдэг том үйл явдал, Энэхүү итгэмжлэл нь нэг гишүүнтэй ТББ-ын “Оны шилдэг" энэ тэр гээд нэр зохиогоод утасдаад өгчихдөг зүйлээс огт өөр. Ажлын туршлага, хүмүүсийн ур чадвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл, үр дүнгийн хамгийн өндөр нарийвчлал зэрэг маш олон зүйлийг тасралтгүй олон улсын стандартад нийцүүлэн ажиллаж байгаа лабораторид олгодог юм. Бас жил болгон аттестатчилж, шалгадаг. Хамгийн гол нь үүнийг хадгалана гэдэг том чадамж, Ер нь манай лабораторийн хувьд онцлогтой. Эрдэсийн шинжилгээний бүрэн цогц үйлчилгээг үзүүлдэг. Байгуулагдаад 57 жил болсон. Энэ амжилтад хүрэхэд анх байгуулагдахаас нь эхлээд өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэл асар их бий.
-Лаборатори олон улсад хүлээн эөвшөөрөгдсөний давуу тал юу вэ. Тухайлбал, манайхны эрдэсийн шинжилгээ хийлгэнэ гээд маш олон дээжийг гадагш явуулдаг. Ингэснээр их хэмжээний валют гадагш урсгадаг?
-Манай улсын хувьд маш олон давуу талтай. Нэгдүгээрт таны яриад байгаа Ашигт малтмалынхаа дээжийг гадаадад шинжлүүлдгийг эцэслэх түвшинд хүрч компаниуд цаг хугацаа хэмнэнэ. Хоёрдугаарт бүс нутгийн орнуудад хайгуул хийж байгаа компаниуд манайх руу дээжээ илгээж шинжлүүлдэг болно. Гурав дахь нь бүс нутагт өөрийн салбар төлөөлөгчийн газрыг байгуулах. Бид аттестатчилсан стандартчилсан 80 гаруй загварыг бид бүтээж,үйлдвэрлэж, эзэмшиж байгаа. Үүнийгээ зургаан тивд байгаа төлөөлөгчийн газраараа дамжуулж зарж байна. Мэдээж эсгий улавчаа хийгээд зарах нь зөв.
Гэхдээ дэлхийтэй өрсөлдөхийн тулд өндөр технологид тулгуурласан бизнес хийх хэрэгтэй. Гаднын орнууд шинжлэх ухааны шинэ ололт, нээлтүүдийг хэрэглээ болгож байгаа биз дээ. Тэгэхээр бид ч бас үүнээс суралцах ёстой. Эсвэл шинжлэх ухаан, оюун ухаанд суурилсан бизнес хийж түүнийгээ экспортлох ёстой. Ингэж чадаж байгаа улс орон өнөөдөр хөгжиж байна. Тэгвэл манайх бүс нутгийн эрдэсийн дээжийг Монголд шинжлэх чадамжтай болж, гадаадад шинжлүүлдгийг эцэслэх түвшинд хүрлээ. Энэ нь том агуулгаараа Монголд, бүх салбарт үр өгөөжөө өгч чадна гэж хэлж болох юм.
-Жишээ нь ямар салбярт?
-Улсын төсөв бүрдүүлж гаалийн татвар тогтооход чухал үүрэгтэй оролцож байна. Яагаад гэвэл экспортолж байгаа эрдэсийн бүтээгдэхүүнд хэдий хэмжээний алт, зэс, газрын ямар ховор элемент байгааг бид тогтоогоод өгчихөж байна. Гаалийнхан татварынх нь хэмжээг бодоод Сангийн яаманд өгчихнө. Тэгээд татвараа авна. Жишээ нь, манайхан “Оюутолгой”-н хил гаалиар гаргаж байгаа бүтээгдэхүүнд арбитр, экспердицийн шинжилгээ хийж байна. Яахав хүмүүс “Оюутолгой”-г муу хэлдэг юм билээ. Гэхдээ миний хувьд яг хамтарч ажиллаж шинжилгээг нь хийж байгаагийн хувьд муу хэлэх аргагүй. Яагаад гэвэл бид олон улсын стандартыг оруулж ирж байна. Тэр түвшинд ажиллаж байна. Тэр хэрээр манай чадамжийг олон улсад тодорхойлж байна. Энэ жил л гэхэд “Оюутолгой” 1000 орчим компанитай ханган нийлүүлэлт хийж байгаа. Тэгэхэд манайх хамгийн өндөр үнэлгээг авсан.
-Сонирхож асуухад танайх энэ талаар тооцоо судалгаа хийж үзсэн үү. Тодруулбал, танай лаборатори энэ шинжилгээг хийдэг болсноор ийм хэмжээний мөнгөний урсгалыг гадагш гаргасангүй гэдэг ч юм уу?
-Би сая жишээ хэлсэн шүү дээ. Оюутолгой жилд ойролцоогоор 300 гаруй тэрбумын татвар төлж байна. Тэгвэл тийм хэмжээний татвар төлөгчийн гаргаж байгаа бүтээгдэхүүнд арбитр, экспердицийг хийнэ гэдэг өөрөө маш том чадамж. Юм болгоныг мөнгөөр үнэлж болохгүй. Хамгийн гол нь ийм чадамжтай байна. Бусад газарт ч үр өгөөжөө өгч байна гэдэг агуулгаараа хөгжлийг авчирч байгаа юм. Түүнчлэн “Хайгуулын салбарт хөрөнгө оруулагчдын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд итгэмжлэгдсэн лабораторийн оролцоо” сэдэвт уулзалт, семинарыг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг. Энэ хүрээнд 3000 гаруй лиценз эзэмшдэг 1000 гаруй компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Энэ үйл ажиллагааг Ашигт малтмалын газар ч, Уул уурхайн яам ч дэмжиж байна. Би түрүүн хэлсэн дээ. Энэ нь бүх салбарт үр өгөөжөө өгнө гэж. Тэгвэл тухайн хайгуулын лицензтэй газар шинжилгээ хийлгээд үр дүн сайн байвал орд болоод явна. Тухайн талбай эрдэсийн хуримтлал багатай байвал бас л лабораторийн шинжилгээний үр дүнгээр тодорхойлж газрын бага, цагийн эрт дээр хайгуулаа зогсоож, нэмэлт зардал гаргаж болохгүйг нь тогтоогоод өгнө. Хэрэв орд байх боломжтой гэвэл манайх технологийн туршилтаар ямар технологи, химийн бодис ашиглахыг зааж өгөх жишээтэй. Энэ нь хэн хэндээ үр өгөөжтэй. Дээр үед лиценз авсан компани хайгуул хийгээд дээжээ шинжлүүлэхэд нэг, хоёр элементээр нь тодорхойлдог байсан. Харин одоо манай лабораторийн чадамж сайжирснаар нэг дор үелэх системийн 44-78 элементийг тодорхойлж байна. Энд мэдээж боловсон хүчний чадвар маш чухал. Шинжилгээ хийхэд дээж бэлтгэгчээс эхлээд аргачилал хяналтын инженерүүд, чанарын менежер зэрэг олон хүний оролцоотой өндөр нарийвчлалтай дүнг гарган ажиллаж байна.
-Мэргэжилтнүүд гэснээс лаборатори олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхийн хэрээр боловсон хүчинд тавих шаардлага нэмэгдэнэ биз?
-Бид боловсон хүчинг ОХУ, Япон, Франц, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй оронд бэлтгэдэг. Тэр ч бүү хэл бидний дараагийн шат нь хүмүүсийг гадагш нь явуулж бэлтгэх бус харин бүс нутгийн хүмүүс манайд ирж туршлага судлаад, сураад явах хэмжээнд хүрэх. Тухайлбал, бид энэ хүрээнд Олон улсын Атомын энергийн агентлагийн түшиц лаборатори болохоор бэлтгэлээ базааж байна.
-Эрдсээс гадна өөр ямар сонирхолтой шинжилгээ хийж байна вэ?
-Олон сонирхолтой зүйл ярьж болно. Жишээлбэл, Монгол хүний толгойн үсний аттестачилсан, стандартчилсан загварыг зохион бүтээхээр МУИС-ийн профессор О.Болормаа багшийн багтай хамтран ажиллаж байна. Хүний үсний эрдэс бодисын агууллагаар нь олон мэдээлэл авч болно. Тухайлбал, нэг хүний үснээс аваад ирлээ гэхэд түүгээр нь аль аймгийн хүн, ямар өвчтэй юм гэдгийг хүртэл тогтоох боломжтой болно. Алс хэтдээ энэ ажил шүүх шинжилгээ, эрүүл мэнд гээд олон салбарт хэрэг болох учиртай. Дэлхийд үсний аттестатчлалыг гаргасан маш цөөхөн орон бий. Тэрний нэг нь манайх болно. Үснээс шинжилгээ аваад хүний биед байх ёстой бодисуудын аль нь их, бага байна вэ гэдгийг хүртэл тогтоогоод түүнийгээ хоолоор хэрхэн зохицуулах, ямар шинжилгээнд хамрагдахыг хүртэл мэдэх боломжтой болох юм.
-Сонирхолтой юм байна. Энэ шинжилгээг хаана өгч болох вэ?
-Манай лаборатори болон МУИС-ийн ШУ-ны сургуулийн Хүрээлэн буй орчин судлалын лабораторид.
НАДАД НУУЖ ХААХ ЗҮЙЛ ҮГҮЙ Ч ТЭГСЭН ИНГЭСЭН ГЭЭД ЯРИАД ЯВАХ ЭРХ БАЙХГҮЙ
-Ярианыхаа сэдвийг өөрчилье. Таны толгойлж байсан Цөмийн энергийн газрыг татан буулгасан. Анх байгуулагдах үеэс нь ажиллаж хөрс суурийг нь тавьчихаад байхад татан буулгах үед танд юу бодогдсон бэ?
-Яахав, агентлаг татан буугдсан гэж харагдаж байгаа ч Ерөнхий сайдын дэргэдэх ажлын алба Цөмийн энергийн комисс болоод статус нь дээшилж байгаа юм. Албаны нарын бичгийн даргаар физикч Г.Манлайжав ажиллаж байна. Миний хувьд агентлагийн даргаар ажиллаж байхдаа хэд хэдэн зүйл дээр анхаарч байсан. Гол анхаарсан зүйл нь цөмийн технологийн сайн талыг энхийн зорилгоор ашиглах, энэ нь ямар давуу талтай юм бэ гэдгийг ард түмэнд ойлгуулах. Үүний тулд их хичээсэн. Мэдээж сайн зүйл болгон сөрөг талтай. Тэгвэл тэр саар талаас нь яаж хамгаалах юм бэ, энэ нь тухайн салбарт ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Өөрөөр хэлбэл, цөмийн болон цацрагийн хяналт дээр улсын ерөнхий байцаагчийн хувьд анхаарч, тухайн салбарт энэ нь ямар чухал вэ гэдгийг ойлгуулахыг хичээсэн.
Мөн технологи нэвтрүүлэх чиглэлд шаргуу ажилласан. Жишээлбэл, Улсын клиникийн Нэгдүгээр эмнэлэгт эсийн түвшинд оношлох чадвартай цөмийн технологид тулгуурлаж ажилладаг “Хоёр толгойт экспект гамма сити аппарат”-ыг суурилуулах асуудлыг бүрэн шийдсэн. Мөн Олон улсын атомын энергийн агентлагийн бүрэн эрхт төлөөлөгч байх хугацаандаа ШУА-ын дэргэдэх ФТХ- ийн захирал талийгаач орлогчтойгоо ярьж, зөвлөж. Засгийн газар, БСШУЯ-аар дэмжүүлэн Европын Цөмийн Судалгааны Байгууллага (СЕЯМ)-тай хамтарч ажиллах гэрээг 2014 онд байгуулж байлаа.Энэ мэт яривал олон ажил бий.
-Гэтэл одоо энэ талаар хэн ч дурсахгүй, бараг мартчихсан байна шүү дээ. Үүнд харамсахгүй байна уу?
-Эдгээр ажлууд зөвхөн миний гэхээсээ илүү салбарын ажил учраас харамсаад байх зүйл байхгүй.
-Та санаж байгаа байх. Цөмийи энергийн газар татан буугдсан. Гэтэл дараахан нь “Хан Ресурс”- ийн тухай асуудал хөндөгдсөн. Зарим хэвлэлээр уг нь энэ асуудлыг Н.Тэгшбаяр дарга сайн мэдэж байгаа. Гэтэл хаачив гэж байлаа. Одоо манай Засгийн газар их хэмжээний өрөнд уначихаад Олон улсын арбитрын шүүхэд давж эаалдаад байна. Энэ талаархи таны байр суурь?
-Би тэр чигт ажиллаж байсан хүн. Бүх мэдээллийг мэддэг нь ч үнэн. Гэхдээ энэ том ажлын хэсэгт орсон хүн ямар ч мэдээллийг нууцлана гэж гэрээ байгуулдаг юм. Тэгэхээр энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Товчхондоо, надад нууж хаах зүйл үгүй ч тэгсэн ингэсэн гээд яриад явах эрх байхгүй. Ер нь процесс одоо хүртэл үргэлжилж байгаа гэж ойлгож байна. Энэ бүхний эцэст аль нэг нь ялах байлгүй дээ.
ЗАРИМ НЬ Н.ТЭГШБАЯР УРАН ИДДЭГ, УУДАГ ГЭЭД ЯРЬДАГ ЮМ ГЭСЭН
-Таниас асуухгүй байх аргагүй бас нэг асуулт байна. Энэ нь Улаанбадрахтай холбоотой. Нэг хэсэг “Арева” гэж бүтэхгүй компани Монголд орж ирээд, уран асгаад түүнд нь нутгийн иргэдийн мал хордлоо гэх мэдээлэл гарсан. Харин танай салбарынхан энэ бол өрөөсгөл мэдээлэл гэсэн хариуг өгч байсан?
-Би шууд хэлье. Наад асуудал чинь хэсэг хүн мэдээлэлгүй иргэдээр тоглосонбайхгүй юу. Тэнд ямар ч Атомын цахилгаан станц байхгүй. Ямар ч цөмийн зэвсэг хийх үйлдвэр байхгүй, анхан шатны боловсруулалтыг нь ч хийгээгүй. Дэлхий үүсэхэд тэнд уран байж л байсан. Одоо ч байж л байна. Тэгвэл тэнд өмнө нь яагаад мал үхээгүй юм. Миний хувьд тэнд хордож үхсэн гээд байгаа тугалд хийсэн шинжилгээг харсан. Миний харснаар үхсэн тугалын элгэнд уран байгаагүй. Тэгэхээр уранаас болоогүй гэсэн үг. Үүнийг энэ тухай дүгнэлтийг физикчид маш нарийн тооцож гаргасан. Тэр тооцоогоор уранд хордсон гээд байгаа тугалыг тэнд байгаа хамгийн их цацрагтай газар 30 жил огт хөдөлгөхгүй мөн хордсон гээд байгаа шорооноос нь арав дахин их цацраг ялгарсан шороо идүүлвэл хордлого авах тооцоо гарсан.
Н.Хүүхэнхүү доктор энэ тооцоог гаргасан. Та нар одоо очоод асуувал хэлээд л өгнө.
-Та энэ асуудлаас болж багагүй шүүмжлүүлсэн?
-Наад асуудалтай чинь холбогдуулаад хэлэхэд төр шилэн данстай болчихоод байна найзууд аа. Тэгвэл Төрийн бус байгууллагын дансыг бас шил болгоё. Тэдний дансанд хаанаас мөнгө орж ирээд хэний эсрэг юу хийгээд байгааг шалгах ёстой. Шалгах эрх нь ард түмэнд нээлтгэй байх ёстой. Тэгвэл нэг юм хэлнэ дээ. Их олон юмны учир тайлагдана. Цөмийн энергийн газрын дарга байгаад ажлаа өгсөн хүний хувиар хэлэхэд Монголд ураны уурхай ажиллах нь нэг газар хэрэггүй л байгаа байхгүй юу. Үүнийг мэддэг нь мэдэж л байгаа байлгүй. Уг нь уран олборлоно гэдэг нь 108 химийн элментийн нэгийг нь ашиглаж байгаа хэрэг. Одоо миний бодож байгаа зүйл гэвэл үүнийг олон нийтэд ойлгуулах. Хүмүүсийг тодорхой хэмжээний ойлголттой болгох. Гэвч ганцаараа дийлэхгүй байна. Энгийн л юм. Ингээд ярихаар зарим нь Н.Тэгшбаяр уран иддэг, уудаг гээд ярьдаг юм гэсэн. Гэтэл бидний амьсгалж байгаа агаар цацрагийн фонтой. Үүнийг хэлсэн нь миний буруу биш биз дээ. Манай өвөгчүүл үгний үнэн нь, дээр гэж ярьдаг. Би үнэн зүйлийг хэлсэн.
-Энэ их хэл амны дараа албаа өгөхөд танд юу бодогдсон бэ?
-Тэр ажил миний хувийн өмч биш. Би албан тушаалаас биш аав ээжээсээ төрсөн. Албаа авна гэхэд нь өгч л орхино. Ажил өгсөн үед нь итгэл хүлээлгэж байна даа гээд сайн хийнэ. Одоо болсон, яв гэвэл өгч л орхино. Тэрнээс албаа өг гэхээр нь хувийн компани шигээ бодоод тамгаа өгөхгүй хав дараад авч зугтаад байна гэдэг утгагүй. Тэр бол инээдтэй асуудал. Тамгаа аваад зугтаж байгаа зарим хүнийг харахаар өрөвдцөг. Энэ улс мөнх орших л юм чинь би хийхгүй байлаа гэхэд өөр нэг шийртэй аавын хүү гарч ирээд тэр ажлыг амжуулна биз дээ. Одоо ч гэсэн манай Г.Манлайжав ажлаа сайн хийж байгаа юм билээ.
-Гэхдээ таны сэтгэлийн угт нэг юм байна биз?
-Зарим нь намайг өөрийн хийсэн ажлаа ертөнцийн төв гээд бодчихсон гэж л байдаг юм. Хэрэв тэгж ойлгож байгаа бол сайн биз дээ. Хүн хийж байгаа ажлынхаа төвд орж байж тэр ажил нь урагшилдаг юм байгаа биз дээ. Надад агентлагийн дарга боллоо гээд майдаах зүйл байсангүй. Гудамжинд лааз өшиглөлөө гээд хямарч явсангүй. Би өөрийн гэсэн бизнестэй. Албанаас буугаад ирлээ гэхэд найзууд маань байна. Тэгээд ч аав минь надад “Монгол хүн өлсөж үхдэггүй юм. Салхи хэдий хүчтэй ч уулыг бөхийлгөж чаддаггүй. Миний хүү уул шиг бай. Зөв бай” гэдэг. Энүүхэндээ гэхэд Монгол Улсын бүх иргэн улс төр гэхээр хэн арын ажлыг нь хийх юм. Уг нь хүн дарга байна уу цэрэг байна уу хамаагүй, хийж байгаа ажилдаа сэтгэлтэй, бүтээлтэй, шинжлэх ухаанчаар хандвал улс хөгжинө. Эцэст нь тэмдэглэхэд Шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулж, түшиж хөгжих ёстой.
-Тэгвэл та УИХ-ын сонгуульд өрсөлдөх үү, эсвэл арын албанд хүчин зүтгэх үү?
-Хэзээ нэгэн цагт Их хуралд өрсөлдөх л болно. Харин хэзээ гэдгийг цаг хугацаа харуулах байх.