НҮБ-ын ХХ-ийн Тогтвортой хөгжлийн зорилгууд хөтөлбөрийн бүс хариуцсан зөвлөхийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр /2016.01.26/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой хөгжлийн зорилгууд хөтөлбөрийн бүс хариуцсан зөвлөх Михайла Прокопыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хатагтай Михайла Прокоп, Байнгын хорооны даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрээр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн системийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээр төсөл хэрэгжүүлдэг болохыг дурдаад Сангийн яаман дээр хэрэгжүүлж буй төсөл энэ оны 3 дугаар сард дуусч байгаа талаар мэдээлэл өглөө. Тиймээс цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах шинэ төсөл боловсруулахдаа холбогдох байгууллагуудын саналыг авахаар ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, мөн 2015 оны 11 дүгээр сард батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс хэрхэн хамтарч, ямар дэмжлэг үзүүлэх шаардлагатай талаар судалгаа хийж байгаагаа дуулган, санал солилцох хүсэлтээ илэрхийлэв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70 дугаар чуулга уулзалтын үеэр батлагдсан “Тогтвортой хөгжлийн зорилгууд”-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улс анхаарч ажиллаж байна.
Энэхүү баримт бичигт Монгол Улс ядуурал, ажилгүйдэл, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөц, байгаль орчны бохирдол, ногоон хөгжил зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж саналаа тусгасан болохыг тэмдэглэн хэлэв. Түүнчлэн Монгол Улс тогтвортой хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим арга хэмжээ, Улсын Их Хурлаар хэлэлцэж буй “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар мэдээлэл өглөө. Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороог өөрчлөн, НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг Монгол Улсын хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх асуудлыг эрхлэх Тогтвортой хөгжлийн зорилгуудын дэд хороо байгуулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болохоо дуулгалаа.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл оролцсон юм. Тэрээр Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхийн ажлын хэсгийн гишүүний хувиар уг тогтоолын төслийн талаар мэдээлэл өгч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн энэ чиглэлийн хамтын ажиллагааны талаар өөрийн саналаа танилцуулсан юм. Уулзалтын үеэр талууд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн системийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр боловсруулж буй төслийн талаар харилцан ярилцаж, санал солилцов