УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2016.01.27

Орон сууцтай болсон өрхийн тоогоор дундаж давхарга тэлнэ

“Бид” булангийн зочноор УИХ-ын гишүүн Д.Ганхуяг оролцож, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Таныг Уул уурхайн сайдаар ажиллаж байхдаа энэ салбарт есөн том ажил хийсэн гэж сонссон. Тухайлбал, шатахууны худалдааны нэгдсэн бодлого, Монголын алт Монголдоо үлддэг болсон, түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс хайргыг ашиглах эрхийг орон нутаг нь олгодог болсон, Эрдэс баялгийн орлогоос орон нутагт хуваарилагдах хэмжээ нэмэгдсэн зэрэг ажлыг эхлүүлсэн гэж сонссон юм байна?

-Шинэчлэлийн Засгийн газарт Уул уурхайн сайдаар ажиллах хугацаандаа шатахууны гадаад худалдааг нэгдсэн бодлоготой болгож, бизнесийн зарчимд нийцүүлэн, зөв гольдролд нь оруулсан юм. Зах зээл талаас нь харвал бид шатахууны хувьд нэг орны нэг компаниас хараат учраас бараг л хэлсэн үнээр нь худалдан авсаар ирсэн байдаг. Тиймээс Дорнодын хоёр талбайгаас экспортолж байгаа түүхий нефтийнхээ оронд шатахуун авъя гэж шийдээд ингэхдээ олон улсын аргачлалыг хэрхэн ашиглах дээрээ тогтож, үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө багаараа ажилласан.

Экспортолж байгаа түүхий нефтийнхээ оронд “Петрочайна” компаниас шатахуун авахдаа Сингапурын хөрөнгийн биржийн түүхий нефтийн үнийг үндэслэж, тооцох аргачлал дээр хоёр тал тохирч холбогдох гэрээ, хэлэлцээр хийсэн юм. Дараа нь энэ аргачлалыг “Роснефть” компанид санал болгоход дургүй байсан ч хүлээн авсан. Бид аргачлалаа оруулж гэрээ, хэлэлцээрээ ч шинэчилсэн. Эдгээр ажлын үр дүнд 2013 онд шатахууны хилийн үнийг тонн тутамд нь 250 орчим ам.доллараар бууруулсан. Үүнээс хойш тодорхой хэмжээгээр шатахууны хилийн үнэ буурсан. Өөрөөр хэлбэл түүхий нефтийн үнэнд суурилж, шатахууны хилийн үнийг тооцдог нийтлэг аргачлалд шилжсэнээр энэ барааны худалдаа бизнесийн зарчимд шилжсэн юм.

Нөгөө талаас шатахуун нь өрх бүрийн амьжиргааны өртөгт нөлөөлдөг стратегийн бүтээгдэхүүн учраас энэ худалдааг эрхлэгч аж ахуйн нэгж, мэргэжлийн холбооны гишүүн байхаас гадна, энэ худалдаанд төрийн захиргааны байгууллагатай хамтарч ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлсэн.  Ингэснээр нэгдсэн бодлоготой болсон юм.

-Алтны хувьд Монголбанкинд тушаах хэмжээ нь эрс нэмэгдсэн дүн гарч байлаа?

-Монголын алт Монголд үлдэхгүй, гадагшаа далд хэлбэрээр гараад байна гэсэн яриа гардаг байсан. Хууль сахиулах байгууллагын судалгаанаас сураг алдардаг алтны хэмжээ 4-5 тонн гэсэн мэдээлэл байв. Ийм хэмжээтэй алт газрын гав руу орсон мэт алга болчихдог байсан гэсэн үг л дээ. Тиймээс асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “алтны худалдаанд ил тод байдлыг бий болгоно“ гэсэн зорилт оруулахад Ерөнхий сайд “наадах чинь дийлдэх үү” гэж асуусан юмдаг.

Судлаад үзэхээр Монгол Улс хоёр хөршөөсөө хамаагүй өндөр нөөц ашигласны төлбөр (НАТ) алтнаас авдаг байсан. Хятадын хувьд импортын алтнаас 2 хувь, ОХУ 3-4 хувийн НАТ авдаг байхад, Монгол суурь НАТ нь таван хувь, дээрээс нь үнийн өсөлтөөс хамаараад таван хувийг авдаг. Түүнчлэн НАТ-ыг борлуулалтаас тооцдог учир, энэ нь татвар төлөхийн өмнөх ашгийн бараг 30 хувьтай  тэнцэнэ байх. Манай улсад олборлогдсон алт экспортлогддог, эсхүл ил гарахгүй байгаа шалтгаан нь энд байна гэж үзсэн. Тиймээс энэ алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, Монгол банкинд алтаа тушаавал 2.5 хувийн НАТ төлнө, тушаагаагүй тохиолдолд 10 хувийн НАТ-ыг төлөх хууль батлуулсан. 2013 онд энэ хууль батлагдсан.

Түүнээс өмнөх жилүүдийн дунджийг аваад үзэхэд 4.5 тонн орчим алт Монголбанкинд тушаасан байдаг. Харин хууль хэрэгжсэн 2014 онд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 13.8 тонн хүрч, өмнөх жилүүдийн дунджаас 2.7 дахин нэмэгдэж, энэ алтны 50 орчим хувийг иргэд буюу бичил уурхай эрхлэгчид тушаасан гэсэн мэдээлэл байна. 2015 онд 2014 оныхоос илүү үр дүн гарна гэж найдаж байгаа.  Ер нь өнгөрсөн зуунд ч, энэ зуунд ч аливаа улс орон алтыг гадаад валютынхаа нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад ашиглахыг гол зорилт болгож ирсэн. Энэ хууль батлагдсанаар нэг жилд тушаасан алтнаас төв банкны гадаад валютын нөөц 350 орчим сая ам.доллараар нэмэгдсэн байна.

/2-р хэсэг/

/3-р хэсэг/

/4-р хэсэг/

-Газрын тосны тухай хууль батлагдсанаар уул уурхайн салбарт бас нэгэн шинэ ахиц гарсан болов уу гэж боддог юм?

-Тийм ээ. Олон жил хүлээсэн Газрын тосны тухай хуулийг батлуулах гэж жил гаруй болсон. Нөөц ашигласны төлбөр бол баялгийн эзэн орны  авдаг татвар. Хуучин хуульд ч энэ талаар заалт байгаагүй. Тиймээс шинээр гарсан хуульд эхлээд Засгийн газар нөөц ашигласны төлбөрөө аваад, түүний дараа зардлыг хасч, үлдсэн тосыг хоёр тал Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хуваахаар хуульчилсан. Хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг, эрсдэл өндөртэй уул уурхайн салбарт урт хугацаанд эрхзүйн орчин тогтвортой байх нь хамгийн чухал. Бид энийг л зорьж ажилласан. Тиймээс Эрдэс баялгийн салбарт урт хугацааны баримтлах бодлогоо батлуулсан. Энэ бодлогод хууль санаачлах эрхтэй этгээдийн хуулийн төсөлд заавал ч үгүй бодлогын зөвлөлийн санал авч байхаар хуульчилсан. Бодлогын зөвлөл нь эрдэмтэд, хөрөнгө оруулагчид,судлаачид, төр засгийн гээд бүх талын оролцоотой байхаар  тусгасан юм.

Миний хувьд хүнд цаг үед уул уурхайн салбарын Засгийн газрын гишүүнээр ажилласан гэж боддог. Энэ салбарт асар их гомдол хуримтлагдсан. 106 тусгай зөвшөөрөлтэй холбогдсон авлигын асуудал, 2012 оны сонгуулийн үеэр “Урт нэр”-тэй хуулийг хэрэгжүүлж байна гээд тэр үеийн Засгийн газрын шийдвэрээр төрөөс олгосон тусгай зөвшөөрлийнхөө 40 орчим хувийг гэв гэнэт зогсоосон.

Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийг 5 жил зогсоосон байсныг зөвхөн Засгийн газрын шийдвэрээр талбайг тогтоосны үндсэн дээр эмх замбараатай дэс дараатай явуулахтай холбогдуулж, Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан. Төр тусгай зөвшөөрөл өгч аль нэг этгээдийн хөрөнгийг хайгуулд буюу газрын хэвлий рүү хийсний дараа тэр зөвшөөрлөө нөхөн олговрыг нь шийдэхгүйгээр засаг өөрөө хүчингүй болгоно гэдэг бол маш болчимгүй, байж болохгүй шийдвэр байх. Өнгөрсөн 2, 3 жилийн хугацаанд эдгээр асуудлыг шийдвэрлүүлж чадсан гэж бодож байна.

-Та Уул уурхайн сайд болоод удаагүй байхдаа “Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харна” гэж хэлсэн нь тухайн үед нэлээд шүүмжлэл дагуулсан. Одоо Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-д өргөн бариад байна. Энэ бичигт Оюу Толгойн зардал хэтэрснийг хүлээн зөвшөөрсөн нь Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл болсон гэх утга агуулгатай өгүүлбэр байна. Тэгэхээр яагаад Монгол Улсын Засгийн газар зардал хэтрээд буйг тухайн бүрт нь хянаж байгаагүй юм бэ?

-Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг УИХ-аар батлуулахад Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруул гэсэн үүрэг авсан. Нэгэнт УИХ-аас баталсан хууль учир Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхийг салбар хариуцсан сайддаа үүрэгдэж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах саналыг тавь гэсэн. Энэ саналыг тавьсан ч нөгөө тал хүлээж авах боломжгүй гэсэн хариулт өгсөн.  Асуудал 2012 онд болоод өнгөрсөн.

Зардлын хэтрэл бол анхаарал татсан асуудал л даа. Анхны хөрөнгө оруулалтыг 2009 оны  гэрээний төсөлд 4 тэрбум ам.доллар гэж тусгасан байсан. 2007 оны гэрээний төсөлд энэ анхны хөрөнгө оруулалт 2.7 тэрбум ам.доллар  гэж байсан. Юу ч байхгүй газар том бүтээн байгуулалт явагдана гээд зардлын нөөцтэй байх хэрэгтэй гэж үзэн 2009 онд 4 тэрбум. ам.долларыг тэр хэвээр нь явуулсан. Энэ нь тухайн үедээ бөөн хэл ам дагуулсан. Ингэж батлагдсан анхны хөрөнгө оруулалтын зардлын хэмжээ 2012 онд 6.6 тэрбум ам.доллар болж, даруй 50 хувиар өссөн байсан. Тухайн үед УИХ-ын олонхи байсан, засгийн эрх барьж байсан улс төрийн хүчин энэ зардлыг хянаж байх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Оюутолгой компанид Монголын ард түмэн 34 хувь эзэмшдэг ба энэ эрх, хяналтыг Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Компани нь сар, улирал бүр ХНХ,ТУЗ-ийн хурлаа хийж, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй  байдаг. 2012 оны есдүгээр сард Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахад энэ зардал аль хэдийнэ хэтэрчихсэн байлаа.

Чухам яагаад ач холбогдол өгсөн бэ гэхээр анхны хөрөнгө оруулалтын зардал байсантай холбоотой юм. Анхны хөрөнгө оруулалтын 4 тэрбум ам.долларын 60 хувь буюу 2.4 тэрбум ам.долларын 1.8 тэрбумыг хөрөнгө оруулагч өөрөө гаргана, 800 орчим сая ам.долларыг Монголын тал ирээдүйд авах ногдол ашгаасаа төлөх нөхцөлтэй,  анхны хөрөнгө оруулалтын зардлын үлдсэнийг болоод, цаашдын бүх зардлыг банкны зээлээр санхүүжүүлэх тохиролцоо хийгдсэн юм.  Зардал хэтрэх нь менежмент хийж байгаа талдаа ашигтай тусах нийтлэг хандлагатай байдаг. Нөгөө талдаа Монголын талын ногдол ашгаасаа хасагдах анхны хөрөнгө оруулалтын зардал нь тодорхой бус байдлаар нэмэгдэж болохгүй юм.

Тухайн үед МАН-ын Засгийн газар  энэ зардлын хяналтыг хариуцлагатай хийх байсан. Хүний хөгжил сангийн, ашигт малтмалын тухай хуульд зааснаар стратегийн ордтой холбогдсон харилцаанд Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга  гол нөлөөтэй оролцдог. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг энэ төслийн зардлын хэтрэлтэй холбогдуулж, огцруулах хуулийн төсөлд тухайн үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан гишүүн нь гарын үсэг зурж, оролцсон харагдсан. 

-Зардал хэтрэх тусам манай талд ашиггүй нь тодорхой. Үүнээс өөр асуудал байгаагүй гэжүү?

-Энэ төсөлтэй холбоотой бас нэг асуудал байдаг. Тэр нь Монголын хууль, олон улсын дүрэм журамд нийцэхгүй гэх асуудал юм. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар санхүүгийн зөвлөх компанийг сонгохдоо Оюу Толгойн тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Айвенхоу Майнз” хувьцаат компанийн эхний 10-т багтах хувьцаа эзэмшигчийг сонгосон байдаг. Энийг хаана ч ашиг, сонирхлын зөрчил гэж үзэх байх. Тэр компани гэрээ байгуулагдсанаас хойш 2012 оны долдугаар сар хүртэлх хугацаанд  680 орчим сая ам.долларын орлого, ашиг хийсэн. Тухайн үеийн эрх баригчид яагаад ийм сонголт хийснийг ойлгодоггүй юм. Эндээс харахад сонгууль дөхөж хэт улс төржсөнөөс болоод, Монгол төрийн ой санамж муудаад байна гэж хэлэхээр байна.

-Та Баянзүрх дүүргээс УИХ-д гурван удаа улирч сонгогдсон гишүүн. Улаанбаатарт амьдарч байгаа иргэдийн хувьд хамгийн тулгамдсан асуудал бол орон сууц. Гэтэл орон сууцны зээл сүүлийн хэдэн сар зогсонги байдал орсон байсныг саяхан УИХ хэлэлцэж, хуулийг нь өөрчилж баталсан. Мөн зээлийн хүүг 5 хувь болгох асуудал яригдаж байна?

-Зах зээлийн эдийн засагтай улс оронд төр иргэд, аж ахуйн нэгжийн урдуур орж садаа болохын оронд иргэдийнхээ ая тухтай ажиллаж амьдрах зохицуулалтыг хийх үндсэн үүрэгтэй ажилладаг. Эдгээр зохицуулалтаар хийх, үндсэн ажлын нэг  нь иргэдээ орон сууцтай болоход хөнгөлөлттэй урт хугацааны зээл олгох юм. Энэ бол олон улсын хэмжээнд Засгийн газрын хийдэг нийтлэг ажил. Монгол Улс нэг хүнд оногдох газар нутгаараа тэргүүлдэг. Ганцхан дэд бүтэцтэй газар хангалттай бус, дээр нь хямд үүсвэртэй санхүүжилт олдохгүй байсаар ирсэн. МАН эрх барьж байхдаа орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүүг төсвөөс санхүүжүүлж эхэлсэн юм билээ. Ийм ачааллыг улсын төсөв даахгүй. Нийтлэг бус үйл ажиллагаа. Харин төв банкны мөнгөний бодлогоор дамжуулж, арилжааны банкуудад үнэт цаасаар баталгаа гаргах, эргээд мөнгөжүүлэх байдлаар шийдэх нь хамгийн нийтлэг хувилбар юм.

Монголбанк өнгөрсөн хугацаанд энэ аргачлалаар 76 мянган өрхийн орон сууцанд олгогдсон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдсэн гэж ойлгож байна. Монгол Улс социализмын үед улсын төсвөөс барьсан орон сууцаа иргэддээ хувьчлаад өгчихсөн. Иргэдийн орон сууцны асуудлыг шийдэх нь улс орны хөгжилд ихээхэн чухал нөлөөтэй байдаг. Иргэд орон сууцтай болсноор, тэдний хуримтлал тийм хэмжээгээр нэмэгдэж, дундаж орлоготой иргэдийн тоо ч нэмэгддэг. Энэ бол Монголын төр, засгийн үндсэн зорилт. Өмнө нь ипотекийн энэ зээл хэрэгжиж эхлээгүй байхад иргэдийн орлогын ихэнх нь импортын бараанд гадагш гардаг байсан шүү дээ.

-Ипотекийн зээлийн тогтолцоонд Тэтгэврийн нөөц сан гэсэн шинэ бүтэц орж ирэх гээд, хуулийн төслийг нь хэлэлцэж байна. Үүгээр яг ямар харилцааг зохицуулах юм бэ. Иргэдийн хувьд тэтгэврийн сантай андуурч ойлгоод байх шиг байна?

-Сан гэдэг зүйл олон үр дагавартай байдаг. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 8 хувийн хүүтэй урт хугацааны зээлийг олгож ирснээр 76 мянган өрх орон сууцны зээлд хамрагдсан. Энэ бол сүүлийн 25 жилд хийгдээгүй ажил. Одоо инфляц буурсан учраас зээлийн хүүг 5 хувь болгохоор судалгаа хийж байна. Энэ бол сайн хэрэг. Орон сууцны ипотекийн зээлийн хүүгээс сард 20 гаруй тэрбум төгрөгийн орлого олохоор байгаа. Тэгээд  энэ таван хувийн хүүгийн орлого, дээрээс нь нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөт үлдэгдлийн орлогын хүү зэргийг нэг санд төвлөрүүлж, тэтгэврийн нөөцийн сан байгуулах хуулийг сая УИХ баталлаа.

Тэтгэврийн нөөцийн санд жилд 250 орчим тэрбум төгрөг хуримтлагдах юм. Энэ сангийн менежментийг ил тод, сайн удирдах хэрэгтэй. Өнөөдрийн та бидний төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээс  тэтгэвэр авч байгаа хүмүүст сар бүр тэтгэврийг нь өгөөд явж байгаа. Гэтэл 2018-2030 оны хооронд тэтгэвэрт гарах хүмүүсийн тоо асар ихээр нэмэгдэх тооцоо бий. Энэ хүмүүст цаашид тэтгэврийг нь өгье гэхээр одоо бидний төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл хүрэлцэхгүй. Тиймээс шинэ нөөц бий болгох, хуримтлалыг нэмэгдүүлэх зэргээр, энэ сан зөв гольдролдоо  орох юм.

-УИХ сарын өмнө гаргасан шийдвэрээ зассан. Энэ нь хүүхдийн 20000 төгрөг. Хүүхдийн мөнгийг олгох нэмэлт эх үүсвэр хаанаас гарч байна вэ?

-УИХ, Төсвийн байнгын хороо Засгийн газраас оруулж ирсэн саналд ямар ч өөрчлөлт хийлгүй баталсан. Төсөв муу байгаа үед өрхийн орлогоос хамааруулж олгоё гэдэг санал гарч байсан. Тэгээд сая УИХ хүүхдийн мөнгө бол халамж биш, бүх хүүхдэд ялгаваргүй олгоё гэдэг дээр санал нэгдэж чадсан нь сайн хэрэг. Энэ оны төсөвт суусан хөрөнгөөр долдугаар сарыг дуустал хүүхдийн мөнгийг хуучнаараа бүрэн олгоод явах боломжтой байх. Харин төсвийн тодотголыг шаардлагатай үед нь хийх хэрэгтэй. Хөгжилтэй орнуудад хүн амаа өсгөх хүн ам зүйн бодлогын хүрээнд цэцэрлэгийн хүүхдийн хувьсах зардлыг хоёр дахь, гурав дахь хүүхдээс нь тодорхой хэмжээгээр нэмэгдүүлдэг юм билээ. Ийм сайн туршлагыг ч судлах хэрэгтэй байх.