Л.Гантөмөрийг УИХ-д дахин сонгох хэрэгтэй
“Монголын мэдээ” сонин 2016 оны парламентын ээлжит сонгуульд өрсөлдөх магадлалтай хүмүүсийг “Хэн нь хэн бэ” буландаа онцолж, сонгох, сонгогдохгүй шалтгааныг нь тоймлож байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг онцолж байна. Тэрбээр энэ удаагийн сонгуулиар Сүхбаатар дүүрэгт өрсөлдөнө гэсэн төлөв гарчихаад байгаа. Жагсаалт руу л аваачаад хийчихдэггүй юм бол тэр тойргоо өөрчлөхгүй байх.
Нэр: Лувсаннямын Гантөмөр
Төрсөн огноо: 1973 оны хоёрдугаар сарын 26
Ам бүл: 5
Боловсрол: 1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг төгссөн. 1996 онд Япон улсын Сэндай коллежи Цахилгаан холбооны инженер мэргэжлээр төгссөн. 1999 онд Япон улсын Нагаока технологийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр төгссө юм.
Ажилласан байдал: 2000-2004 онд "Сэтгэшгүй трейд" ХХКомпанид дэд захирлаар ажиллав. 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажилласан. 2007 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдов. 2012 онд УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдсон. 2012 оны наймдугаар сарын 4-нд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж эхэлсэн. 2014 оны арванхоёрдугаар сарын 10-нд “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газрын БСШУ-ны сайдаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Сонгох шалтгаан: Ид жагсч яваа мэргэшсэн улстөрч
Тэр яах аргагүй боловсорсон улстөрч хүн. Өндөр боловсролтой гэж тодотгох гээд байгаа хэрэг. Тэртээ 1990-ээд оны эхэн үеэс 2000-аад оны эх хүртэл Япон улсад боловсрол эзэмшсэн. Өндөр боловсролтой хүн
1. Тэр яах аргагүй боловсорсон улстөрч хүн. Өндөр боловсролтой гэж тодотгох гээд байгаа хэрэг. Тэртээ 1990-ээд оны эхэн үеэс 2000-аад оны эх хүртэл Япон улсад боловсрол эзэмшсэн. Өнөө цагт бол баруунд боловсрол эзэмшсэн хүмүүсийг өндөр боловсролтой гэж тодотгох гээд байдаг болж. Гэвч Японы боловсрол гэдэг дэлхийн хаана ч үнэлэгддэг. Тэгээд ч цаг үе өөрчлөгдөж, зах зээлийн нийгэмд шилжиж байх үед хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх эгнээнд явж байсан Японд суралцаж, номын дуу сонссон нь түүнийг ямархуу энтэй залуу болохыг гэрчлээд өгнө. Түүгээр ч зогсохгүй тэрбээр 2012 онд Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор болж, боловсрол чадвараа баталсан. Мөн өнгөрсөн хугацаанд түүнийг улс төрийн тавцанд ямархуу хэмжээнд боловсорч байгааг иргэд мэдэх буй за. Өндөр боловсорсон гээд хэлчихэд маргах хүн гарахгүй биз.
Ид жагсч яваа мэргэшсэн улстөрч
2. Аливаа ажилд мэргэших гэж нэг юм бий. Л.Гантөмөр сайд 2004 оноос авахуулаад 12 жилийн турш парламентад сууж байна. Үндсэндээ гурван удаа дараалан сонгогдсон гэсэн үг. Тиймдээ ч мэргэшсэн улстөрчийн тоонд зүй ёсоор орно. Анх удаа УИХ-д сонгогдоод, юу хийхээ мэдэхгүй, “хэлгүй” гэсэн ангилал руу орчихсон тууж явдаг шинэковуудын дэргэд хал үзэж, халуун чулуу долоосон улстөрч. Хаана юу хэлэх, ямар асуудалд яаж байр сууриа илэрхийлэх, хариуцаж яваа салбараа хэрхэн өргөх, ямар хууль тогтоомж нэн шаардлагатай байгааг мэдрэхтэйгээ болсон гэж дүгнэх гээд байна. Өнөөдөр парламентад тасралтгүй 5-6 удаа сонгогдсон гишүүд бий. Гэхдээ тэднийг ард түмэн тэтгэвэрт нь гаргах сонирхолтой болсон. Тэгвэл Л.Гантөмөр гишүүд ид жагсч яваа улстөрч гэдгээрээ ялгаатай. Монголчууд 40 хүрсэн эр гэж ярьдаг даа. Тэгвэл тэрбээр одоо л 40 гарч яваа улстөрч. Тийм болохоор мэргэшсэн, ид жагсч яваа шилдэг улстөрч гэдгээр нь дахин сонгоход болохгүй юм байхгүй.
Чухал хуулиудыг санаачилсан
3. Зарим нэг гишүүдийн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийж парламентад суусныг хараарай. Ганц ч хууль санаачлаагүй, чуулган дээр үг хэлээгүй шахам байгаа. Тэгвэл Л.Гантөмөр сайд УИХ-ын гишүүнийхээ үүргийг сайн биелүүлж яваа. УИХ-ын гишүүний үндсэн хийх ёстой ажил бол хууль санаачлах. Тэгвэл тэрбээр 2014 онд нэр бүхий гишүүдтэй хамтарч Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль санаачилж, УИХ-аар хэлэлцүүлэн, батлуулсан. Мөн Газрын тухай хуулийн төсөл, Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төсөл санаачилсан байна. Энэ мэтээр санаачилсан хуулиуд, хийсэн ажлыг нь дурьдвал чамгүй их.
Боловсролын салбарт хийсэн ажилтай сайд
4. 2012 оны “Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газар байгуулагдахад тэрбээр тухайн үеийн БШУ-ны сайд болсон. Дараа нь засаг солигдоход яамаа удирдаж үлдсэн юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд боловсролын салбарт цөөнгүй ажлыг хийж, гүйцэтгэсэн. Хүүхэд харах үйлчилгээний хуулиас авахуулаад бодлогын хүрээнд шийдсэн ажил цөөнгүй бий. Мөн Улаанбаатар хотод ганц дутагдаад байгаа сургууль, цэцэрлэгийн асуудлыг ч сүүлийн хэдэн жил шийдэж байгаа. Өмнө нь сургууль, цэцэрлэг ашиглалтад орлоо гэсэн мэдээлэл хэр гардаг байлаа. Өнгөрсөн жилүүдэд хэчнээн сургууль, цэцэрлэг ашиглалтад оров.
Үүнд салбарын сайдын гавьяа их бий. За тэгээд “Монгол инженерийн оюуны бүтээлийг төр үнэллээ”, “Хөдөө орон нутагт дадлага хийсэн МУБИС-ийн оюутнуудад тэтгэлэг олгов”, “Монголд анх удаа смарт анги нээв”, “Их, дээд сургууль, коллежид элсэгчид Монгол хэл, бичгийн шалгалт заавал өгдөг боллоо” гэх зэрэг боловсролын салбартай холбоотой мэдээллийг хаанаас ч уншиж болно. Тэр яах аргагүй боловсролын салбарт маш ихийг хийж, бүтээж байгаа сайд. Магадгүй дараагийн дөрвөн жилд ч гэсэн Боловсролын яамыг удирдаад аваад явдаг бол бодлого гажаад, эхэлсэн ажил зогсоод байхгүй амар байхсан.
Сонгохгүй шалтгаан: Дөрвөн жилд удирдаж ажилласан боловсролын салбартай нь холбох байх
Л.Гантөмөр сайд бүхий л талаараа тэгширч, төрд байх хэрэгтэй хүн гэдгээ харуулсаар байгаа. Сүхбаатар дүүргийн иргэдийн итгэлийг гурван сонгууль дараалан хүлээнэ гэдэг хэр баргийн аавын хүүгийн хийх ажил биш.
- Л.Гантөмөр сайд бүхий л талаараа тэгширч, төрд байх хэрэгтэй хүн гэдгээ харуулсаар байгаа. Сүхбаатар дүүргийн иргэдийн итгэлийг гурван сонгууль дараалан хүлээнэ гэдэг хэр баргийн аавын хүүгийн хийх ажил биш. Хэрвээ түүнээс сонгохгүй байх шалтгаан хайя гэвэл өнгөрсөн дөрвөн жилд удирдаж ажилласан боловсролын салбартай нь холбох байх. Нэг үеэ бодвол Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдэж л байна. Мөн дээд боловсролын салбарт ч өөрчлөлт орсон.
Гэхдээ иргэд хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж хонон өнжин дугаарладаг байдал алга болчихоогүй л байна. Жил ирэх тусам, хүн амын тоо өсөхийн хэрээр цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж дугаарлах эцэг, эхийн тоо нэмэгдэж. Гадаа хонож байгаа шөнийн тоо нэмэгдсээр л байгаа. Өнгөрсөн намар гэхэд ямархуу дайн, дажин шиг юм боллоо доо. Энэ асуудлыг шийдээд, алга болгочихоогүй. Ард түмэн одоо болтол бухимдсаар байна. Зөвхөн энэ шалтгаанаар түүнийг сонгохгүй байж болох юм.