Хэлэлцэж буй бүх асуудлаар яаран сандран дуугараад байдаггүй
Ажилдаа зүтгэлтэй, цаг барьдаг, аливаа шийдвэрт нухацтай хандаж, судалгааны үндэслэлтэйгээр өөрийн санаа бодлоо илэрхийлдэг УИХ-ын гишүүн бол Ц.Баярсайхан гэж хамтран зүтгэгчид нь түүнийг үнэлдэг.
Парламентад дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж буй түүнтэй энгийн яриа өрнүүллээ.
Монголын парламентад 4 дэх удаагаа сонгогдон ажиллахад юу нөлөөлсөн гэж үздэг вэ?
Төрөлх Дундговь аймгаасаа 3 удаа сонгогдон, 2012 онд намын жагсаалтаар 4 дэх удаагаа томилогдон ажиллаж байна. Миний хувьд 1986 оноос эхлэн нутгийн засаг захиргааны байгууллагад ажилласан. Аймгийн захиргаанд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, тэргүүн дэд дарга, аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 1996 оны сонгуульд өрсөлдөж, анх удаа парламентад хөл тавьсан.
Олон түмэн сонгогчийг төлөөлж, парламентад сууна гэдэг итгэл, үүрэг хариуцлага гэж ойлгодог.
Үндсэн хуулиар төрийн эрхийг ард түмэн барьдаг. Төрийн эрх барих эрхээ төлөөллийн зарчмаар хэрэгжүүлдэг. Орон нутгаа төлөөлж, говь нутгийн иргэдийн сайн сайхны төлөө, бүс нутагт төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төрийн шийдвэр гаргахад нутаг орны онцлог, говьчуудын амьдрал ахуйн онцлог зэргийг тусгая гэсэн зорилгоор 20 жилийн өмнө төрийн ордны хаалгаар алхан орж байлаа. Нутгийн ард түмэн надад итгэсэн нь энэ.
Парламентад байх хугацаандаа нийт ард түмний эрх ашгийг эрхэмлэж ажиллах тангараг өргөн, тэр тангарагийнхаа дагуу ажилласаар ирлээ. Орон нутгийн онцлог, байгаль цаг уурын хатуу ширүүн уур амьсгал, малчдын хүсэн хүлээж буй шийдвэрийг төрийн шийдвэрт тусгахын төлөө чармайн ажилласан гэж боддог.
Монгол Улсын хөгжлийг тодорхойлоход эдийн засгийн болоод хувь хүний эрх чөлөөг хангах, хувийн хэвшлийг дэмжих, бүтээн байгуулалтыг орон нутаг руу хандуулах, Монгол Улс дэд бүтцийн хувьд өндөр хөгжилтэй болох, бүс нутагт хөгжил авчрах, ард түмний амьжиргааг сайжруулах, нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр өөрийн чадах чинээгээ зүтгэлээ гэж бодож явдаг.
Хамгийн гол нь сонгогчдодоо юу амласан, түүнийгээ хэрэгжүүлэх чиглэлд анхаарахыг хүссэн. Худлаа амлаж, түүнийгээ хэрэгжүүлэхгүй байсан бол намайг сонгохгүй байсан байх гэж боддог. Дөрвөн удаа сонгогдсон нь иргэд, сонгогчдодоо амласан зүйлээ биелүүлэхийг зорьж, түүнийхээ төлөө зүтгэн, говьчууд биднийг төлөөлж ажиллаж чадлаа гэсэн дүгнэлт юм болов уу гэж бодож байна.
25 жилийн түүхтэй парламентын 16 жилийн түүхийг хамт бичилцсэн гэхээр энэ хугацаанд батлагдсан гол гол хуулиудад хэр оролцоотой байв?
1996-1998 оны хооронд байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар ажиллаж байлаа. Энэ үед байгаль хамгаалах чиглэлийн олон хууль тогтоомжийг УИХ-аар батлуулж, ялангуяа тусгай хамгаалалтад авсан газар нутагт амьдарч буй малчид, ААН-ийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр “Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн хууль” санаачлан, батлуулан.
Байгаль орчин, аялал жуулчлал, банк санхүүгийн тогтолцоог сайжруулах чиглэлийн хуулиудыг санаачилж, батлуулсаар ирсэн.
Тусгай хамгаалалттай газар нутгийг нийт газар нутгийн 30 хүртэл хувьд хүргэх уриалгыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч гаргасантай холбогдуулан энэ зорилтыг Дэлхийн байгаль хамгаалах байгууллагын хуралдаанд оролцож, илтгэл тавин, энэ хэмжээ 11 орчим хувьтай байсан бол 16 орчим хувь болгон нэмэгдүүлсэн.
Монгол орны зайлшгүй хайрлаж, хамгаалж явах ёстой бүс нутгуудыг тусгай хамгаалалтад авахуулах, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтыг төрийн бус байгууллагуудад хариуцуулах, нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой алхам хийсэн болов уу гэж боддог.
Аялал жуулчлалын салбарыг Монгол Улсын эдийн засгийн томоохон тэргүүлэх салбар болох ёстой гэж үздэг. Аялал жуулчлал бол үндсэндээ экспорттой адилхан валют олдог салбар. Нүүдлийн соёл иргэншилтэй Монгол Улсын хувьд байгалийн давтагдашгүй ховор байдал, өргөн уудам газар нутгаараа гадаадын жуулчдыг татаж, аялал жуулчлалын салбарыг дэлхийн түвшинд хүргэснээр валютын нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэх үүднээс “Аялал жуулчлалын салбарын тухай” хуулийг санаачилж, батлуулсан.
Хөдөө аж ахуйн нэгдэл хувьчлагдаж, малчид мал сүргээ хувьдаа авч, байгаль цаг уурын онцлог эрсдэлтэй Монгол Улсын хувьд алслагдсан орон нутгийн малчдад хүндрэл учрах, байгалийн эрхшээлд орох нь түгээмэл тохиолддог учраас хоршиж ажиллах, ЖДҮ-чид хөрөнгө, хүчээ нийлүүлэн, хоршиж ажиллах үүднээс “Хоршооны тухай хууль”-ийг санаачлан, батлуулсан.
Статистикийн тогтолцоог боловсронгуй болгох, Засгийн газрын харьяаллаас гаргаж, УИХ-ын харьяанд оруулах асуудлыг зохицуулах хуулийг нэр бүхий гишүүдтэй хамтран санаачилж, батлуулсан.
Банк, санхүүгийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд нилээн ажил хийлээ. Үндсэндээ манай банк, санхүүгийн байгууллага, иргэдэд үл хөдлөх хөрөнгө гэж байгаагүй. 1997 оны орон сууцны өмч хувьчлалын дараа иргэд өөрсдөө орон сууцтай болж, малыг малчдад өгсөн.
Бизнес эрхлэх гэхээр зээлийн олдоц муу учраас зээлийн мэдээллийн сан бий болгох, “Зээлийн батлан даалтын сан” бий болгох, түүгээрээ дамжуулан хийж бүтээе гэсэн иргэнд төрөөс санхүүгийн баталгаа гаргаж, хүссэн хэмжээгээр нь зээл олгодог байх, заавал банкинд үл хөдлөх хөрөнгөө барьцаалахгүйгээр тогтвортой сайн харилцагчаа мэдээлэлд нь үндэслэн зээл олгодог тогтолцоог бий болгох чиглэлээр хуулиуд санаачлан боловсруулж, батлуулж байлаа.
Таныг буурь суурьтай, тулхтай хүний хувьд үе, үеийн парламентад байх ёстой хүний нэг гэж УИХ-ын зарим гишүүн, улс төр судлаачид үзэж байна. Та үүнтэй хэр санал нийлэх вэ?
Би өөрийгөө бодоход 1996 оноос хойш УИХ-ын нэгдсэн хуралдаан, байнгын хороо, Засгийн газрын хуралдаанд аль болохоор цаг барихыг эрхэмлэж ирсэн. Хэлэлцэж буй бүх асуудлаар яаран сандран дуугараад байхыг гол болгодоггүй. Анхаараасай, шийдчихмээр асуудлыг зохицуулах чиглэлд цөөхөн дуугарч, саналаа хэлдэг.
Бүх сэдэв, асуудлаар яриад байвал ярих л байх. Гэхдээ...
Хувь хүн талаасаа бүхнийг мэдэх хүн гэж байхгүй. Тийм учраас гадарлах асуудал дээрээ дуугарч, санал бодлоо хэлдэг. Түүнийг гишүүд дэмжих талдаа байдаг. Аливаа асуудлыг олон талаас нь харах шаардлагатай гэж үздэг.
Дундговь аймгийн Ардын хурлын депутатийн гүйцэтгэх захиргаанд ажиллаж байсан туршлага минь хууль тогтоох байгууллагад их хэрэг болдог байх. Учир нь аймаг, орон нутгийн удирдлагад ажиллана гэдэг маш олон асуудалтай нүүр тулгарч байдаг.
Шилжилтийн эгзэгтэй хүнд үед өмч хувьчлалын ажил, картын барааны хуваарилалт гээд толгой эргэм том том асуудалтай тулгарч байлаа. Тэр үеийн аймгийн удирдлагууд бүгдээрээ тал, талаас нь ярилцаж, гарц гарган, иргэдтэйгээ хамтран ажиллаж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэдэг байсан нь парламентад хэрэг болдог байх.
Парламентын гишүүн болгон эцсийн эцэст хувь хүмүүс шүү дээ. Тэд бие биендээ эерэг болон сөргөөр нөлөөлж болно. Үнэхээр үнэн, зөв байр суурь, үг хэлж байвал санал нийлдэг. Ингэж нэгдэн, нягтарч чадвал төрийн бодлого зөв гарах чиг хандлага тогтно. Санаа оноо нийлж буй зүйлдээ дуугарч, саналаа нэмэрлэж байх нь Монгол төрийн шийдвэр зөв голдрилдоо орох юм болов уу гэсэн бодолтой байдаг.
Таны хувь хүний төлөвшилд юу түлхэц болсон бэ?
Эмэг ээж дээрээ өссөн. Миний эмэг ээж бичгийн боловсролтой, багийн дарга хүн байлаа. Сургуульд орохдоо ном уншиж чаддаг, шатар тоглодог хүү байлаа. Нэгдлийн адуу малладаг хөдөөний ажилтай хүү явлаа. Морь барина, тугал татна, үнээ малаа хариулна, адуунд явна, айраг бүлнэ.
Тэр үед миний хийх дуртай хамгийн гоё ажил бол гүүний үрс гаргах байлаа.
Зургаа, долдугаар ангиасаа суманд ирч агент хийсэн, тэмээн жин хөтөлнө. Сумын төвд амьдардаг байсан болохоор сумын иргэдэд хашаа хороо барих, малын цус авах, мал ноослох зэрэг ажилд нь тусалдаг байсан. Ес, аравдугаар ангиасаа зуны амралтаар барилга дээр ажиллана.
Нэг удаа сумын сургуулийн дотуур байрны барилга дээр ажиллаад 160 төгрөгийн цалин авч байсан нь миний хувьд маш их мөнгө санагдаж байлаа.
40 улирал дараалж онц сурсан. Сургуулийн сурагчдын зөвлөлийн даргаар ажилладаг томоотой хүүхэд байсан. Спорт сонирхдог. Сагс, болейвол тоглож, аймгийнхаа залуучууд, идэрчүүдийн шигшээ багт тоглож явлаа.
Оюутан байхдаа ч онц сурлагатан байж. Сургуулийнхаа номын сангийн ихэнх номыг уншсан даа. Сургуулиа төгсөөд л аймагтаа ажиллаж эхэлсэн. Нутгийн бүсгүйтэй танилцаж, ханилсан. Одоо дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд минь том болсон.