Засгийн газар тогтвортой байх магадлал 80 хувь
Мэдээллийн технологи, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа
2016.01.25

Засгийн газар тогтвортой байх магадлал 80 хувь

“Ардын эрх” сонин, “Eagle news” телевиз, “Үндэстний тойм” сэтгүүл, “Eagle.mn” сайт хамтран “Хонин жилийн таамаг-2016”-г зарласан билээ. “Монголын медиа” корпорациас зохиож буй энэ таамагт нэгдэхийн тулд твиттерийн “#таамаг2016” хаштагаар оролцож болно. Мэдээллийн технологи, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа манай таамагт оролцож, дараахь таван асуултад ийн хариуллаа.

-Цагаан сарын өмнө доллар ямар ханштай байх вэ?

-Долларыг одоогоор байж болох дээд хэмжээндээ хүрсэн гэж бодож байна. Гэхдээ баярын үеэр буурах магадлал бага. Манайхан уламжлалаа дагаад баяраар хүмүүст бэлэг бэлдэнэ. Үүнийхээ 60-70 хувийг өмнөд хөршөөс авна. Тэгэхээр валютыг гадагшаа гаргана гэсэн үг. Гэхдээ Оюутолгойн далд уурхайн санхүүжилт орж ирвэл ханш тогтворжих байх. Одоо бол валютын ханш буух үе биш.

-Үхрийн цул махны үнэ яаж өөрчлөгдөх вэ?

-Бичин жилд зуд болно гэдэг ярианы үр дүнд махны үнэ нэлээд буурсан. Дэмий малаа алдаж байхаар мөнгө болгоё гэсэн хандлагаар малчид нийлүүлэлтийг ихэсгэсэн нь ингэж үнэ буурахад хүргэсэн байх. Баярын үеэр махны үнэ бага зэрэг хэлбэлзэх байх. Харин хавраас махны үнэ өсөх болов уу гэж бодож байна. 

-Орон сууцны ам метр нь  ямар үнэтэй байх бол?

-Барилгын салбарт үнийн хөөс хагарсан гэж бодож байна. Найман хувийн хүүтэй зээл гарснаар маш олон хороолол баригдсан. Үүний ихэнхийг барилгын компаниуд зээлээр барьчихсан шүү дээ. Гэтэл ипотекийн зээлийн хүндрэлээс болоод байр авах хүн багаслаа. Тэгэхээр зээлээ төлөхийн тулд хямд үнээр хурдан борлуулахыг хичээж байна. Энэ нэг талаас зөв үзэгдэл. Гэхдээ үүнийг удаашруулж болохгүй. Ипотекийн зээл таван хувь руу орох ажил хурдан хэрэгжээсэй гэж хүсч байна. Энэ бол нүдээ олсон маш зөв зүйл. 

-Засгийн газар тогтвортой байж чадах болов уу?

-Хуулийн талаас нь харвал тогтвортой байна байх. Мөн хийгдсэн гэрээнүүд үр дүнгээ өгөөд эхэлбэл эдийн засаг ч тогтворжино. Энэ жил сонгуулийн жил. Тиймээс засаг барьж байгаа нам нь Засгийн газраа тогтвортой авч үлдэхийг хичээж ажиллана. Тэгэхээр Засгийн газар тогтвортой байх магадлал 80 хувь. Харин эвсэж байгаа нам, эвсэл нь сэлгээ хийхийг үгүйсгэхгүй.

-Цагаан сарын барилдаанд хэн түрүүлэх бол?

-Би бөх сайн мэдэхгүй. Гэхдээ сүүлд шилдэг 128 бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс нэг нь түрүүлэх байх. Зааланд ч сайн барилддаг юм байна лээ. Хугацааны хувьд ч сар гаруйн зайтай барилдаанууд тул бэлтгэлд нь нэг их өөрчлөлт орохгүй байх.