Хүүхдийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэдэг улсын байцаагчтай болно
Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас эдгээр хуулийн төслүүдийн талаар тодрууллаа.
-Хүүхдийн эрх болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл энэ намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байгаа. Төсөл боловсруулах ажил ямар шатандаа яваа вэ?
-Хүүхдийн эрхийн тухай хууль анх батлагдаж хэрэгжсэнээсээ хойш 20 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд нийгэм, эдийн засгийн амьдралд олон шинэ харилцаа бий болж, түунийгээ дагаад олон ч хууль шинээр батлагдсан. Хүүхдийн эрхийн чиглэлээр олон улсын хэмжээнд хэрэгжиж байгаа гэрээ конвенциуд, нэгдэн орсон баримт бичгүүдийг судлахад хүүхдийн эрхийг хамгаалж байгаа гэх одоогийн хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага бий болжээ гэж үзэхээс өөр аргагүй болсон. Ингээд 2012 оноос хойш хүүхэд гэр бүлийн эрхзүйн орчныг шинэчилье, хүүхдийн өмнө хүлээх төрийн болоод эцэг, эх, гэр бүлийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлье, хуулийг улам боловсронгуй болгоё гэсэн зорилт тавин ажилласан. Хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж, УИХ хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэснээр ажлын дэд хэсгүүдийг байгуулаад ажиллаж байна.
-Хүүхдийн эрхийн тухай хуульд орж буй гол өөрчлөлтөөс сонирхуулаач?
-Хүүхдийн эрхийг хэрэгжүүлэгч талуудын үндсэн үүрэг, тэдний хоорондын харилцан хамаарлыг тодорхой болгож өгөхийг зорьсон. Тухайлбал, улсын статустай хүүхдийн байцаагч нарыг бий болгохоор судалж байна. Хүүхдийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд болон хүүхдүүдийн дунд явуулсан судалгаагаар хүухдийн улсын байцаагч гэсэн албаны хүмүүстэй болцгооё гэсэн санал гаргасан юм билээ.
Үнэндээ мэргэжлийн хяналтын байгууллагууд бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээний чанарт хяналт тавьж, дүгкэлт гаргадаг мөртлөө эх орныхоо ирээдүйн эзэд болсон хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа эсэхийг хянадаг, дүгнэдэг улсын байцаагч гэж манайд байхгүй. Хүний хөгжлийг тэргүүн шугаманд авч үзэх улсын хувьд энэ бол байж боломгүй зүйл л дээ. Тиймээс хүүхдийн эрхийн зөрчлийг газар дээр нь шууд шийдвэрлэчихдэг, мэргэжлийн үүднээс шуурхай арга хэмжээ авчихдаг, эсвэл хуулийн болон сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг бусад байгууллагуудтай холбож өгөх эрх бүхий улсын байцаагч нар хэрэгтэй болоод байгаа юм.
-Хүүхдүүд хүчирхийллийн золиос болж, сэтгэл сэртхийлгэсэн олон аймшигт хэрэг ар араасаа гарч байна. Хүчирхийлэл үйлдэгчдэд хариуцлага тооцох асуудлыг энэ хуулиар зохицуулж байгаа юу?
-Хүүхэд хүчирхийллийн золиос болж байгаад нийгэм даяар нэлээд шүүмжлэлтэй хандах болсон нь сайн хэрэг. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзэх болсон. Үүнийг саяхан батлагдсан Эрүүгийн хуулиар зохицуулж өгсөн л дөө. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эсрэгхүчирхийллийн бүх хэлбэрийг гэр бүл, сургууль, асрамжийн газар, ажлын байр, малын бэлчээр гээд нийгмийн бүх орчинд хориглож байгаа. Гэхдээ Хүүхэд хамгааллын тухай хууль дангаараа эдгээр асуудлыг зохицуулахгүй.
Монгол Улсад хэрэгжиж буй Гэмт хэргийн тухай, Эрүүгийн тухай, Зөрчлийн тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай гэх мэт хуулиуд, тэдгээрийг дагалдан гарч буй хуулиудын хүрээнд цогцоороо шийдэгдэнэ. Түүнчлэн гэр бүлийн хүрээнд гарч буй хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой асуудлыг Хүүхэд хамгааллын хуулиас гадна Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар зохицуулна. Нөгөөтэйгүүр, нийтийн эзэмшлийн талбай, автобус гээд хаа ч байсан хүүхдийн эрх ямар нэг байдлаар зөрчигдөж байгааг харсан, мэдсэн бол түүнийг таслан зогсоох үүргийг иргэн бүр хүлээж байгаа. Хэрэгтэй гэвэл мэргэжлийн байгууллагуудад хандаж, яаралтай тусламж үйлчилгээ авах ёстой. Монгол Улсын иргэн бүр ийм хариуцлага хүлээснээр хүүхдийн эсрэг үйлдэл бүр зогсох, илрэх нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа.
-Өнчин, эцэг эхийнхээ дарамтанд байдаг хүүхдүүдийг бусдын асаргаанд өгөх нь зүйтэй юу, аль эсвэл эцэг эхийнх нь дадал зуршил болон сэтгэлгээ, хандлагыг өөрчлөхөд анхаарах нь зөв үү?
-Хагацал, өнчрөл бол хүний амьдралд ирдэг жам ёсны хэцүү асуудал. Үлдэж хоцорсон өнчин хүүхдийг бид ямар нэг аргаар хүн болгодог. Өмнө нь өнчин хүүхдүүдийг асрамжийн газар руу явуулаад тухайн асуудлыг шийдчихлээ хэмээн боддог байжээ. Гэтэл асрамжинд байсан хүүхдүүд а ьлрах чадвартай болж байна уу, эцэг эхийг нь орлож байгаа хүмүүс хайрлаж чадаж байна уу, боловсролтой болж чадаж байна уу гээд яривал олон асуудал хөндөгддөг. Бусдын асрамжинд байгаа хүүхдүүд эцэг эхийнхээ дэргэд өссөн хүүхдүүдээс огт өөр байдаг. Бид асуудлыг бодитоор харах хэрэгтэй юм. Тиймээс энэ хуулиар өнчин хүүхдүүдийг садан төрлийнх нь асрамжинд өгье гэж байгаа. Асрамжиндаа авч байгаа хүмүүст төрөөс амьжиргааны тэтгэмжээр урамшуулах заалт оруулсан.
-Гэр бүл салалтын хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Түүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Гэр бүлийн бат бэх байдлыг дэмжсэн бодлого дутмаг байснаас гэр бүл ихээр салж, үр дагаврыг нь хүүхдүүд амсч байна. Хуульд гэр бүлийг салгахгүй байх ямар нөхцөл, боломж байна тэр бүхнээр нь хангаж өгөхөөр тусгаж байгаа. Гэр бүл салалтын дараа 90 орчим хувь нь хүүхдийнхээ тэтгэмжийг төлдөггүй гэсэн судалгаа байна. Тиймээс хүүхдэд төлөх хохирлыг төрөөс урьдчилан төлөөд буруутай этгээдээр албадан хөдөлмөр хийлгүүлэх замаар буцааж авах нь зөв гэж үзэж байгаа. Мөн эцэг, эх нь хоёр тийш болоход хүүхдийнх нь асран хамгааллын асуудал үүсдэг.
Хүүхэд асран хамгаалах чадвар нь аль талдаа байна гэдгийг мэргэжлийн хүмүүс дүн шинжилгээ хийж гаргаж ирээд шүүхэд дүгнэлт өгдөг. Нөгөөтэйгүүр, ээж нь хүүхдээ авсан тохиолдолд аавтай нь уулзуулахгүй байх нь элбэг тохиолддог. Үүнээс болж хүүхэд сэтгэлзүйн хувьд маш их хохиролд өртдөг. Тиймээс эцгийг нь хүүхэдтэйгээ уулзах боломжийг хуулиар нээж өгөх ёстой юм байна гэж үзсэн.
-Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд цөөнгүй байдаг. Хөдөлмөр эрхлэх нас болон хүүхдийн хийж болох ажлын жагсаалтыг хуульчилж өгсөн ч энэ нь амьдралд хэрэгждэггүй л дээ?
-Хуульд 14-өөс дээш насны хүүхэд эцэг, эх нь зөвшөөрсөн тохиолдолд хөнгөн хөдөлмөр хийж болно гэж заасан ч амьдралын нөхцөл байдлаас үүдэн 14-өөс доош насныхан хөдөлмөр эрхэлж байна. Ажил, хөдөлмөртэй холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Хүүхдийн эрхийг зөрчиж байгаа нэг асуудал нь хүйтний улиралд хүүхдээр хурдны морь унуулж байгаа. Унаач хүүхдүүдийн дунд явуулсан сүүлийн судалгаагаар хүүхдүүдийн ихэнх нь өвлийн улиралд морь унаж уралдах хүсэлгүй, маш их даарч, ядардаг тухайгаа илэрхийлсэн байна лээ. Хүүхдийг оролцуулж ашиг хонжоо, нэр төрийн төлөө явж, уралдаан наадамд оролцохыг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон байдаг.
-Насанд хүрээгүй хүүхэд хөдөлмөрлөж байгааг иргэд харж мэдсэн ч төдийлөн ойшоодоггүй. Тиймээс иргэдийн хандлагыг өөрчлөх талаар хуульд тусгасан уу?
-Хүнд хүчир, тэвчишгүй ажил хийж, гуйлга гуйж байгаа хүүхдүүдийг төр шууд хамгаалалтдаа авахаар тусгаж байгаа. Насанд хүрээгүй хүүхдээр архи, тамхи, хоолныхоо мөнгийг гуйлгуулж олуулахыг гэмт хэрэг гэж үзнэ. Хууль хэрэгжээд эхлэхээр олон хүүхэд эцэг, эхээсээ тусгаарлагдахыг үгүйсгэхгүй. Хамгийн чухал нь хүүхүүдийнхээ төлөө нэг сэтгэлээр нэгдмэл байх нь чухал юм.