Нийтийн тээвэр “кондуктарын үеэс” ухаалаг систем рүү
2016.01.19

Нийтийн тээвэр “кондуктарын үеэс” ухаалаг систем рүү

Орчин үеийн хотуудын нийтийн тээвэр нь иргэдийг ая тухтай, төвөггүй зорчуулахын тулд технологижиж, улам боловсронгуй болсоор байна. Улаанбаатар хотын нийтийн тээвэр 2015.07.24-нд шинэ системд шилжсэн нь дэлхийн нийтийн тээврийн хөгжилд ойртох эхний алхам болов.

“Нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага Мэдээллийн болон Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл” албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойш нийтдээ 550 000 смарт карт борлогджээ. Одоогоор Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 370 цэг ажиллаж, автобусны буудлын ойролцоох ТҮЦ, дэлгүүрүүд, Зар мэдээ сонин борлуулах цэгүүд, Wellmart-ийн сүлжээ дэлгүүрүүдэд “U money” картыг цэнэглэж, худалдаалж байна.

Уг төслийг хэрэгжүүлснээр Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдэхээс гадна зардлыг бууруулж хугацаа хэмнэх маш олон давуу талтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Нийтийн тээврийн ухаалаг системийн талаар мэргэжлийн хүмүүс, иргэд, автобус компаний төлөөллүүд юу гэж бодож буй, мөн дэлхийд нийтийн тээврийн хөгжил ямар түвшинд байгаа талаар цогц материалыг хүргэж байна.

2016 ОНДОО БАГТААД “U MONEY” КАРТЫГ ТАКСИНЫ ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛНЭ.

Өнөөдөр нийслэлийн 1000 гаруй автобус нийтийн тээврийн удирдлагын /Bus management system/, тээврийн хэрэгслийн мэдээллийн /Bus information system/, цахим төлбөр тооцооны /Automated fare collection/  нэгдсэн системд холбогдсон. Уг төслийг хэрэгжүүлж буй “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн маркетинг хариуцсан мэргэжилтэн Ц.Түвшинжаргалтай уулзаж ярилцлаа.

- Нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулснаар ямар дэвшил гарсан гэж үзэж байна?

“Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл” хэрэгжиж эхлээд зургаан сар боллоо. Энэ хугацаанд уг системийг сайжруулах, Монголын онцлогт тохируулах зэрэг ажлуудыг нийтийн тээврийн мэргэжилтнүүд Солонгосын талтай хамтран хийсээр ирлээ.

Өмнө нь бид “МТ 150” нэртэй монгол инженерүүдийн хийсэн системийг ашиглаж байсан. Гэхдээ энэ нь систем гэхээсээ илүү цаг бүртгэлийн шинжтэй. Харин 2015 онд нэвтрүүлсэн систем бол Солонгосын “Кореа Смарт карт” корпорацийн өөрийн улсдаа 2004 оноос хэрэгжүүлж ирсэн төсөл. Энэ систем Солонгос төдийгүй Хятад, Малайз зэрэг Азийн хэд хэдэн орон, АНУ-ын нийслэл Вашингтон хотод ашиглагдаж байна. Өмнөх системтэй харьцуулахад бүрэн автоматжсан, нийтийн тээврийн үйлчилгээний мэдээлэл хүний оролцоогүй бүртгэгддэг. Жолооч зөвхөн хөдөлгөөн эхлэх, дуусахад төхөөрөмжийг асаах, унтраах үүрэгтэй. Цаашид Монголын үүрэн холбооны сүлжээний хүчин чадал, цаг агаарын онцлог, замын бартаа зэрэгт системийг нийцүүлж, тоног төхөөрөмжийг сайжруулах ажлуудыг шат дараатай хийнэ.

Шинэ системийн нээлт

- Төсөл ямар үе шаттай хэрэгжиж байгаа вэ?

Цахим төлбөр тооцооны системийг хэрэглэгчид ашиглаад сурчихлаа. Картаар уншуулж хийсэн төлбөр нь тухайн автобус компанид хуваарилагддаг. Ингэснээр нийтийн тээврийн бүх төлбөр, тооцоо цахим хэлбэрт шилжсэн.

Харин удирдлагын систем нь нийслэлд байгаа 1000 гаруй автобусны хөдөлгөөн, ажилласан цаг, цаг менежментийг хянах,  эвдрэл, гэмтэл гарвал түргэн шуурхай ажиллагааг хангах зэргээр нийтийн тээврийн үйлчилгээг бүхэлд нь хянах, удирдах зориулалттай.

Мэдээллийн системийн хувьд зорчигчид, автобус компаниудыг мэдээллээр хангахад чиглэсэн. Энэ нь одоогоор манай төслийн хоёрдугаар шатанд хэрэгжээд эхэлсэн. Тухайлбал, саяхан бид андройд үйлдлийн систем бүхий ухаалаг утсанд зориулсан “UB Smart Bus” нэртэй программын нээлтийг хийлээ. Удахгүй IOS үйлдлийн системд зориулсан хувилбар гаргана. Энэ программыг ашиглаад ойролцоох автобусны буудал, хэзээ ямар автобус ирэх, тухайн чиглэлийн автобус хэзээ шугаманд гарч, хэзээ буудаг талаар мэдээллийг авах боломжтой. Гэхдээ энэ нь эхний хувилбар учраас иргэдээс ирсэн саналын дагуу программыг хөгжүүлэх болно.

... Зөвхөн гар утасны програм төдийгүй олон ажил хийхээр төлөвлөж байна. Удахгүй автобусны буудлууд дээр электрон мэдээллийн самбар байрлуулна. Эхний ээлжинд зургаан автобусны буудлыг сонгоод туршилтын хэлбэрээр мэдээллийн самбар ажиллуулна. Тэрхүү мэдээллийн самбарт автобусны чиглэлийн мэдээг ээлжлэн харах боломжтой ...

"UB smart bus" гар утасны программ

- Нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлсний нийгэм, эдийн засгийн үр ашиг юу вэ?

Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээнд мэдээллийн технологи нэвтэрснээр хүний ажлыг хөнгөвчилж, зардлыг бууруулдаг. Одоогоор энэ системд сайжруулах зүйлс багагүй байгаа ч хэрэглээ нь жигдэрвэл зардал мэдэгдэхүйц буурч эхэлнэ. Системийн нэгэн чухал ач холбогдол нь нийтийн тээврийн төлбөр, тооцоог ил тод болгож, зүй бус зарцуулалтыг зогсоосон явдал юм. Хэрэв иргэд картаа  түлхүү хэрэглэдэг болвол нийтийн тээвэрт бодитой хөрөнгө оруулалт болж чадна.

- “U money” картыг өөр ямар байдлаар ашиглаж болох вэ?

Манай компани цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ автобусны U money картыг таксины төлбөр хийхэд, дэлгүүрээс бараа худалдан авахад ашигладаг болгохоор төлөвлөгөөндөө тусгасан. 2016 ондоо багтаад таксины үйлчилгээнд нэвтрүүлнэ.

... Түүнээс гадна банкны карттай хоршиж ажилладаг картыг энэ онд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна. Өөрөөр хэлбэл банканд ч, автобусанд ч ашиглаж болно гэсэн үг ...

Үүрэн холбооны операторуудтай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд гар утасны СИМ картанд "U money" картын функийг суулгаж, цаашид заавал "U money" картгүйгээр өөрийн төлбөрийн картаараа автобус, таксинд үйлчлүүлэх боломж бий эсэхийг судалж, үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Ц.Түвшинжаргал

*******************************

Төсөл бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байгаа талаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал  Ц.Одонтунгалагтай ярилцсан юм. Энэхүү үйлдвэрийн газар нь 29 чиглэлд, 370 орчим автобусаар иргэдэд үйлчилдэг юм.

УХААЛАГ СИСТЕМ НЭВТЭРСНЭЭР ИРГЭДЭД ЧИГЛЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭ ШАТАНД ГАРСАН

- Нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтэрснээр танай компанийн үйл ажиллагааг хөнгөвчилж, шинэ шатанд гаргасан гэж үзэж болох уу?

Компанийн үйл ажиллагаа гэхээсээ илүүтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээ шинэ шатанд гарсан. 60 жилийн турш кондукторууд мөнгө хураадаг байсныг халж, мөнгө хураахтай холбоотой хүмүүсийн хоорондын харилцааны элдэв зөрчил гаралгүй, зорчигчид техниктэй харьцаж, төлбөрөө хийдэг болсон нь дэвшилттэй тал гэж бодож байна.

Харин компаниудын хувьд өөрөө орлогоо бүрдүүлж, санхүүжилтаа хариуцаад явдаг байсан бол шинэ системд шилжсэнээр эдийн засгийн хувьд улсаас хамааралтай болсон.  Бүх санхүүжилтыг төсвөөс цагаар нь тооцож олгодог учраас компаниудад ашиггүй. Үндсэн зардлаас бусад зардлаа яаж санхүүжүүлэх вэ гэдэг нь одоо төсвөөс олгож байгаа мөнгөнд тусгагдаагүй.

Үндсэндээ нийтийн тээвэрт хувийн компаниуд ашиг олох боломжгүй гэдэг нь харагдаж байна. Тиймээс энэ нь зөвхөн төр өөрөө бүхэлд нь хариуцаж хөгжүүлэх ёстой үйлчилгээ болж байна.

... Өмнө нь хувийн компаниуд янз бүрийн нугалаа гаргаж зардлаа хэмнэн ашиг олдог байсан бол одоо тэгэх боломжгүй. Нэг үгээр нийтийн тээвэр бол бизнесийн салбар биш ...

- Нийтийн тээврийн ажилчид энэ системийг яаж хүлээж авч байна?

Өмнө нь жолооч нар төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд зорчигчдоо булаацалддаг, яарахдаа зарим үед хурд хэтрүүлдэг, орлогоо биелүүлэхгүй бол цалингаа авч чаддаггүй  байсан бол тэр дарамт арилсан.  Одоо жолоочид цагаар ажиллаж, авах ёстой цалингаа авч байна.

- Жолоочийн ажилд ямар өөрчлөлт гарсан бэ?

Жолоочийн үүрэг хариуцлага нэмэгдсэн. Жолоо барихаас гадна зорчигчдоос картаа уншихыг шаардах, мөнгийг нь буталж өгөх зэргээр ачаалал нь бага зэрэг нэмэгдсэн.

- Кондукторууд одоо юу хийж байна?

Шинэ системтэй боллоо гээд бүх үүргийг жолоочид даалгаж болохгүй. Тоног төхөөрөмжөө ажиллуулж сурах, камержуулалтыг зөв ашиглах, мөн иргэдийг энэ системийг хэрэглэж хэвшүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Тиймээс кондукторууд одоохондоо шалгагчийн ажил хийж байна.

- Нийтийн тээврийн ухаалаг систем чиглэлүүдийг оновчтой зохион байгуулах боломжийг олгосон гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Энэ ажил танай нэгдэл дээр бодитоор хэрэгжиж байна уу?

Маршрутын төлөвлөлтөд  анхаарах зүйлс бий. Нийслэлд нийт 1000 гаруй автобус байгаагаас 800 орчим нь үйлчилгээнд явдаг. Өөрөөр хэлбэл 800-аас илүү автобус явуулж болохгүй гээд маршрутаа төлөвлөчихсөн. Гэтэл зарим чиглэлд автобуснууд ачааллаа даахгүй байхад заримд нь илүүдээд байна. Тиймээс нарийвчилсан судалгаа хэрэгтэй. Одоо шалгагчаар ажиллаж байгаа хүмүүс хяналт тавьж, иргэдэд зөвлөгөө өгөхийн зэрэгцээ давхар судалгаа хийж яваа. Ерөнхийдөө маршрутыг төлөвлөхөд хялбар болсон. Түүнээс гадна “Зорчигч тээврийн нэгтгэл” нь төрийн компанийн хувьд бусад автобус компаниудын чиглэлд хяналт, судалгаа хийж байна. Хангалттай мэдээлэл цугларсны дараа чиглэлүүдийг илүү оновчтой төлөвлөнө гэж бодож байна. 

- Энэ салбарт ажиллаж буй хүний хувьд нийтийн тээврийг цаашид яаж хөгжүүлэх шаардлагатай гэж бодож байна вэ?

Төр нэгэнт иргэддээ үйлчилж байгаа бол аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчлэх ёстой.  Нийтийн тээвэр нь олон хүний амь нас, эрүүл мэндийг хариуцдаг учраас “Авто тээврийн тухай” хуульдаа өөрчлөлт оруулж, автобусны жолооч нарыг тусгай сургалтаар бэлдэх хэрэгтэй.

... Өөрөөр хэлбэл автобусны жолоочийг “D” ангиллын сургалтаар биш, онгоцны жолоочтой нэгэн адил тусгай хөтөлбөрөөр бэлдэх ёстой. Өнөөдөр мэргэжлийн өндөр сахилга, хариуцлагатай жолооч нар үгүйлэгдэж байна ...

Ц.Одонтунгалаг

*******************************

“Зорчигч тээврийн нэгтгэл”- ийн жолооч Ц.Чулуунпүрэв:

ШИНЭ СИСТЕМД ШИЛЖСЭНЭЭР ОРЛОГЫН АРААС ХӨӨЦӨЛДӨХ ШААРДЛАГАГҮЙ БОЛСОН

- Та ухаалаг системд дасч байна уу?

Би угсраа автобус барьдаг. Угсраа автобусны жолооч нар энэ системийг ашиглаж хэвшсэн.

- Ачаалал нэмэгдсэн үү?

Хоёр талын эцсийн буудал дээр очоод өөрийн кодыг хийхэд хагас минут болдгийг эс тооцвол ачаалал бараг нэмэгдээгүй.

- Зорчигчид мөнгөө төлж байгаа эсэхэд хяналт тавихад ямар нэгэн хүндрэл гардаг уу?

Зорчигчид ухамсартай үйлчлүүлж байна. Гэхдээ 100 хүн тутамд 10 орчим хүн арын хаалгаар орох тохиолдол байдаг.

- Ухаалаг системийн ач холбогдлыг юу гэж хардаг вэ?

Жолооч бидэнд ажлаа хийхэд өмнөхөөсөө хялбар болсон. Орлогын араас хөөцөлдөхгүй сэтгэл амар байна.

- Иргэд шинэ системтэй холбоотой ямар гомдол санал хэлдэг вэ?

Угсраа автобус буух гурван буух хаалгатай, төдий тооны карт уншигчтай. Зарим үед хүүхдүүд сахилгүйтээд буух картын доор байрладаг нууц кнопыг дарчихаар карт уншигч ажилладаггүй. Үүнээс болж зорчигчид заримдаа карт уншихгүй байна гэж бухимддаг.

- Таны автобусанд картаа ашиглаж байгаа зорчигчид хэдэн хувийг эзлэх вэ?

30-40 хувь нь картаар, үлдсэн нь мөнгөөрөө төлбөр хийдэг.

**************************************

Мэргэжлийн хүмүүсээс гадна бид зарим зорчигчидтой уулзаж санал бодлыг нь сонирхсон юм.

ЗОРЧИГЧ Б.АМГАЛАНЗАЯА

- Та U Money картаа авсан уу?

Авсан.

- Картаа байнга ашигладаг үү?

Цэнэглэх цэгүүд ховор учраас тэр болгон карт ашиглаж чаддаггүй.

- Нийтийн тээврийн ухаалаг системийн ач холбогдлыг юу гэж харж байна?

Автобусанд төлбөр тооцоо хийхэд хүндрэл гардаггүй болсоноороо давуу талтай гэж бодож байна.

- Таны бодлоор цаашид нийтийн тээврийн системийг яаж сайжруулвал хэрэглэгчдэд амар хялбар болох бол?

Автобуснуудын чиглэл тодорхой бус байдгаас гадна хоорондоо хэдэн минутын зайтай явдаг, хэзээ буудалд ирэхийг мэдэх боломжгүй. Үүнээс болж автобус ирэхийг хүлээж, удаан зогсох шаардлага гардаг. Автобусны чиглэл, ирэх цагийн мэдээллийг авдаг гар утасны программыг зохиосон гэж сонссон. Хэрэв энэ технологийг ашиглаад хэвшчихвэл зорчигчдод амар хялбар болох байх.

Смарт картны тухайд гэвэл борлуулах, цэнэглэх цэгийг нь олшруулах, эсвэл автобусандаа цэнэглэдэг болвол зүгээр юм шиг санагддаг. Миний ажигласнаар хэдэн буудлын дунд нэг цэг байх шиг байна.

- Дамжин суулт, богиносгосон маршрутын талаар юу гэж бодож байна?

Дамжин суулт маш ашигтай санагдсан. Яагаад гэвэл ажил, гэр хоёрынхоо хооронд хоёр автобусаар явдаг зорчигчид олон бий.

 ЗОРЧИГЧ Б.ЭНХТУУЛ

- Та U Money картаа авсан уу?

Авсан.

- Картаа байнга ашигладаг үү?

Тийм. Байнга ашигладаг. 

- Энэ картны ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

Автобусаар зорчих болгондоо бэлэн мөнгө хэрэглэхгүй болсон нь нэг том дэвшил гэж бодож байна. Одоо хамгийн гол нь бүх хүмүүс карт ашиглаж хэвшмээр байна.

- Борлуулах, цэнэглэх цэгүүд хангалттай байж чадаж байна уу?

Хангалтгүй юм шиг санагддаг. Мөн цэнэглэх цэгүүдэд цэнэглэх мөнгө нь дууссан байхтай олон тааралдсан. Тиймээс аль болох зорчигчдыг хүлээлгэлгүй тэр дор нь цэнэглэдэг байвал зүгээр.

****************************************

Нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлж буй компани, хэрэгжүүлж буй тээврийн байгууллага, жолооч, зорчигчдын төлөөллийн санал бодлыг сонслоо. Харин одоо гадны зарим орнуудын нийтийн тээврийн хөгжлийн туршлагатай танилцаж өөрсдийгөө аль түвшинд явааг багцаалахад илүүдэхгүй биз.

ӨМНӨД СОЛОНГОС

Сөүл хот нийтийн тээврийг хөгжүүлснээр замын түгжрэлгүй болжээ

1980-аад онд Сөүлийн авто машины тоо эрс өсчээ. Улмаар өнөөгийн Улаанбаатар шиг түгжирдэг болов. Хотын захиргаа эхлээд автобуснуудыг тусгай эгнээгээр явдаг болгож нийтийн тээвэр, таксикаар зорчих картын нэгдсэн системийг нэвтрүүлжээ. 2003 онд TOPIS нэртэй систем бий болсон байна.

Өнөөдөр энэ систем Сөүл хотын замын хөдөлгөөнийг удирддаг. Замын хөдөлгөөнийг зохицуулахаас гадна байгалийн гамшиг, Хойд Солонгостой хийж болзошгүй дайн зэрэг онцгой нөхцөлд зориулсан систем юм. 

TOPIS удирдлагын төв хотын захиргаанд байрлах бөгөөд том гэгчийн зааланд олон тооны дэлгэцүүд ажиллана.  TOPIS систем нь камер, GPS-ээр дамжуулж 450 авто зам, 3000 уулзварын мэдээллийг өөртөө нэгтгэдэг.  TOPIS-ийн хяналтанд нийтдээ 8000 орчим автобус байдаг. Хаа нэгтээ түгжрэл гарвал тэр мэдээлэл даруйхан телевиз, интернет, гар утсаар дамжин сөүлчүүдэд хүрдэг.  Зогсоол, замын тусгай эгнээнд гарсан зөрчлийг бүртгэж аваад холбогдох арга хэмжээг авдаг. 

Сөүлийн автобуснууд 1977 онд кондукторгүй болжээ.

Автобусанд тусгай эгнээ гаргаж өгсөнд жолооч нар эхлээд дургүйцэж байсан ч нийтийн тээврийн хөгжлийн ачаар Сөүл хот хүн зорчиход тохиромжтой болжээ.  Эдүгээ нийтийн тээврээр зорчигчдын тоо улам өсч, олон тооны явган хүний гарц, дугуйн замууд баригдаж байна.

Нэг сонин баримт дурдахад Сөүл хотын захирагч ажилдаа метрогоор явдаг байхад хөрш хот болох 15 дахин бага оршин суугчтай ОХУ-ын Владивосток хотын захирагч түгжрэлээс болоод нисдэг тэргээр явдаг болжээ.

Сөүлийн автобусны сүлжээ

Сөүлд анхны автобус 1912 онд бий болсон ч голдуу хот хооронд явдаг байв. Орчин үеийн  автобусны үйлчилгээний дүр төрх зөвхөн Солонгосын дайны дараа бүрэлджээ.  Эхлээд Сөүлийн автобуснууд кондуктортай байв. 1920-иод онд том биетэй, дунд насны эрэгтэйчүүд кондуктороор ажилладаг байсан бол аажмаар хүүхнүүд тэдний ажлыг хийх болжээ. 1977 оны 12 дугаар сард автобус кондукторгүй болж тусгай кассууд үүсчээ. Эхэндээ Сөүлийн оршин суугчид кондукторгүй автобусанд дасч өгөхгүй, заримдаа эсэргүүцсэн тохиолдол ч гардаг байв.

Харин өнөөдөр автобус нь Сөүл хотын хамгийн түгээмэл тээврийн хэрэгслийн нэг юм. Солонгосын нийслэлд нийтдээ 400 орчим автобусны чиглэл байдаг. Олонхи гудамжаар автобуснууд тусгай эгнээгээр явдаг учраас түгжрэлд ордоггүй.  Нэг чиглэлээс нөгөө чиглэл рүү үнэгүй шилжих бололцоо, автобусны буудлын хөгжингүй байршил нь хотын хамгийн захын буудалд ч хүрэх боломжийг өгдөг. 

Сөүлийн автобуснууд шар, хөх, ногоон, улаан өнгөтэй. Шар автобуснууд зөвхөн хотын төвд явахын зэрэгцээ Намсан ууланд хүргэдэг.  Эдгээр автобусаар хотын төвөөр зугаалах, дэлгүүр хэсэхэд хамгийн тохиромжтой. Хөх автобуснууд хотын дүүргүүд хооронд явдаг. Ногоон автобуснууд зөвхөн тухайн дүүргийн дотор зорчино. Харин улаан автобус Сөүл болон дагуул хотуудыг холбодог. Автобусны буудлууд ч гэсэн автобустайгаа адилхан өнгөтэй. 

ГЕРМАН

Германы нийтийн тээврийн систем нь Европтоо хамгийн хөгжингүйд тооцогддог. Жижиг суурингууд хүртэл автобусны чиглэлтэй. Харин том хотууд такси, хувийн автомашингүйгээр чөлөөтэй зорчих боломжийг олгосон нийтийн тээврийн сүлжээтэй.

Германы нийтийн тээврийн мэдээллийн систем

Автобус бол Герман дахь хамгийн түгээмэл нийтийн тээврийн хэрэгсэл. Зогсоолуудад суурилуулсан тусгай төхөөрөмж нь автобус ирэх хугацааг замын ачаалал,  тухайн автобусны хурдыг тооцон автоматаар харуулдаг байна. Оргил цагийн үеэр тухайн чиглэлд явах автобус нэмэгдэж буудалд ирэх хугацаа нь богиносдог, харин өглөө эрт болон оройгоор уртасдаг.

Германд тухайн хотыг мэдэхгүй хүн ч төөрөхгүй. Хэрэв таны гар утас интернетэд холбогдсон байвал бүх мэдээлэл тэнд бий. Интернетгүй байсан ч гудамж даган алхахад хэдэн зуугаар тоологдох буудлуудын аль нэгэн дээр ирж электрон самбар дээрээс хүрэх газрынхаа маршрут, хугацааг тодорхойлж болно.

... Германы нийтийн тээврийн хэрэгслүүд минутаар нарийвчилсан хувиараар явдаг учраас автобус, трамвай, метроны буудлын электрон самбарын мэдээлэлд үндэслэж болзсон хүнтэйгээ хэдий хугацааны дараа уулзахыг тодорхойлж болно ...

Мөн гар утсанд суулгасан программаар суух болон буух буудлын хоорондох маршрут хугацааг замын түгжрэлийг тооцож автоматаар гаргаж өгдөг.

Автобусанд суурилуулсан тасалбар идэвхжүүлэх төхөөрөмж

Тасалбарын төрлүүд

Нэг удаагийн тасалбар. Уг тасалбарыг худалдаж аваад автобус, трамвай болгонд байх төхөөрөмжөөр цоолж идэвхжүүлдэг. Хэрэв зорчигч тасалбараа цоолоогүй бол шалгагч торгоно.

Дөрвөн хүний тасалбар. Энэ тасалбараар дөрвөн хүн нэг удаа цагийн туршид, эсвэл нэг хүн дөрвөн удаа зорчдог.

Өдрийн тасалбар. Энэ төрлийн тасалбар дараа өдрийн өглөөний 04 цаг хүртэл хүчинтэй. Мөн таван хүн дундаа ашиглаж болох өдрийн тасалбар гэж байдаг.

Долоо хоногийн тасалбар. Дараа долоо хоногийн даваа гарагийн өглөөний 04 цаг хүртэл хүчинтэй. Өөрөөр хэлбэл баасан гарагт  тасалбар худалдаж авбал зөвхөн гурван өдөр хүчинтэй гэсэн үг.

Сарын тасалбар. Эхний өдрийн шөнө дундаас идэвхжиж дараа сарын эхний өдрийн 12 цагт дуусна.

Жилийн тасалбар. Уг тасалбар нь маш үнэтэй бөгөөд дунджаар 450 еврогоор (969 000₮). Өдрийн зарим цагт ийм тасалбартай хүн насанд хүрсэн нэг хүн, эсвэл гурван хүүхэд юмуу нэг нохой үнэгүй зорчуулах эрхтэй.

Дээрх тасалбарууд гурван ангилалд хуваагдана:

Нэг бүсэд зориулсан тасалбар. Нэг хүн нэг цагийн турш бүх төрлийн нийтийн тээврээр үйлчлүүлнэ.

Богино зайн тасалбар. Автобус, трамвайгаар явах бол дөрвөн буудал явах, эсвэл галт тэргээр явбал дөрвөн километр явна.

Хүүхдийн тасалбар. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд үнэгүй зорчдог. Харин 13 хүртэлх насны сурагчид хямдхан үнээр зорчдог байна.

Нийгмийн эмзэг бүлэгт

Германы нийтийн тээврийн системийг боловсруулсан инженерүүд нийгмийн эмзэг бүлгийг мартсангүй.  Том хотын автобуснууд буудал дээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байвал өрөөсөн талаараа хазайн газардаж тэргэнцрүүдийг оруулдаг. Мөн  автобусны хаалган дээр хүүхдүүдэд зориулан тусгай кнопыг том хүнийхээс доор суурилуулж өгсөн байдаг. Энэ нь хүүхдүүд бие даан аливааг хийж сураг гэсэн цаад санааг агуулдаг.