Эко нэртэй автобуснаас "өө" хайсан минь
Саяхнаас нийслалийн нийтийн тээвэрт ногоон өнгийн автобус өнгө нэмсэн. Өнөөдөр хэдэн зуун иргэд түүгээр тав тухтай зорчиж байна. Эдгээр автобус үйлдвэрээс хүртэл багагүй бэрхшээлийг туулсан түүхтэй. Үйлчилгээний эрхээ хүлээсэн хэрэг. Учир нь нийслэлийн амин судас нийтийн тээвэр зарим нэгний хувьд ашиг хонжоо боловч, инженер миний нүдээр Экобусыг үйлдвэрлэхэд оролцсон инженерүүд, техникийн ажилчид, гар бие оролцсон хүмүүс олон том саадыг давж үндэсний хэмжээнд үнэлэгдэх амжилтад хүрсэн байна.
Миний бие инженерийн хувиар уг автобусанд хэд хэдэн удаа сууж үзлээ. Магадгүй өө хайсан байх. Тэгээд өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцахаар шийдсэн юм. Юун түрүүнд машинт үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэр дундаа автобус үйлдвэрлэх нь бэлэн бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэх, эсвэл бусад орны бүтээгдэхүүнийг дамжуулан борлуулахтай харьцуулшгүй өөр ойлголт төдийгүй амаргүй даваа.
Хэрвээ бид автобус үйлдвэрлэх бүх эд ангиа Монголдоо бүтээдэг болоод дараа нь автобусаа үйлдвэрлэнэ гэж хүлээсэн бол бидний үе үүнийг үзэхгүй, техник технологийг ч гүйцэхгүй. Харин Экобусынхан үүнийг бусдаас түрүүлж харж, зорилгодоо хүрчээ. Бид, одоо чадаж байгаа зүйлээ үйлдвэрлээд харин чадахгүй байгаа зүйлээ орлох технологийн дэвшилтэт шийдэлтэй бүтээгдэхүүнийг зөв сонгож ашиглах хэрэгтэй гэх бодол Экобусанд суусан инженер бүхэнд бодогдоно.
Өөрөөр хэлбэл, хоосноос бүгдийг эхэлдэг түүхийг давтах биш зөв сонголт хийж хурдацтай урагшлах хэрэгтэй. Яг энэ хувилбарыг Экобус хэрэгжүүлсэн. Тэд автобусны араам, үндсэн каркас, зарим нэгэн эд ангийг Монголдоо үйлдвэрлэсэн бусад техникийн шийдлүүдийг шийдэхдээ зөв сонголт хийж орчин үеийн дэвшилтэт технологийг ашигласан. Би авто инженер мэргэжилтэй учраас хөдөлгүүр болон утааны системийг онцолж тайлбарлая. Экобуст хямдыг харж энгийн механик түлшний системтэй дизель хөдөлгүүр ашиглаж болох байсан.
Гэвч тэгээгүй аж. Харин орчин үеийн электрон удирдлагатай түлшний систем болох CRDI (common rail direct injection) системтэй дизель ходөлгүүрийг автобуст суурилуулсан байна. Энэ хөдөлгүүрийн түлш цацагчууд (форсунк) нь маш өндөр даралтад ажиллаж, түлшний цацалтыг компьютероор хянадаг учир холимог бүрэн шатдаг. Энэ системийн хөгжлийн хэд хэдэн үе байдаг ба зарчмын хувьд өндөр даралтын насосны гаргаж чадах ажлын дээд даралт болон хийцээрээ ялгагддаг. Үүгээрээ хөдөлгүүрийн түлш зарцуулалт хэмнэлттэй, хүчтэй болж чаддаг. Экобусын хөдөлгүүр 6.5 литр багтаамжтай. Агаарын хөргөлттэй (intercooler) турбо шахуурга ашигласан нь цилиндр дүүргэлтииг илүү сайжруулсан зөв сонголт болжээ. Хэрвээ энэ хөдөлгүүрийн утаа зайлуулах систем дэнгийн утаа саармагжуулах катализатор ашигласан бол бас л дутагдалтай байх байсан.
Экобусын утаа зайлуулах системд орчин үеийн SCR-selective catalytic redustion технологийг ашигласан нь тухайн автобусны Эко нэртэй тохирч байгаа. Энэ системийн онцлог нь 2009 онд олон улсын стандартаар баталгаажсан, худалдааны нэрээр Adblue гэгддэг шингэнийг катализаторын өмнө цацсанаар шатсан хийтэй холилдон катализаторт задарч байгальд хоргүй азот (N2), ус (Н20) болон ялгардаг. Ингэснээр ийм хөдөлгүүртэй автобус болон ачааны авто-машинууд яндангаас гарах утааны хяналтын EURO-4 болон түүнээс дээш стандартыг хангадаг.
Мөн Экобуст Япон технологиор, дахин ашиглагддаг тортог барих шүүлтүүрийг ашиглаж байгаа нь бас нэгэн зөв сонголт. Энэ бүх үзүүлэлтээс харахад, Экобус улам бүр хөгжиж байгальд ээлтэй цэвэр ногоон автобус болж, дизель түлшний оронд байгалийн хий, цаашлаад устөрөгчийн хийгээр ажиллах хөдөлгүүр суурилуулж, загвар хийцээр дэлхийд өрсөлдөх цаг ойрхон байна. Жилийн жилд утаатай, агаарын бохирдолтой тэмцдэг бид жаахан ч гэсэн бодитой, үр дүнтэй, нүдэнд харагдаж байгаа Монголчуудынхаа бүтээлийг дэмжиж амьдарвал утаан хөшгөө цэвэр агаараар сольж чадна. Эдийн засгийн хувьд асар их өгөөжтэй машинт үйлдвэрийн салбар эх орны хөгжилд хурд нэмэх нь гарцаагүй.