Автобусны эхний дамжин суулт үнэгүй боллоо
НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өнөөдөр болж нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, баталлаа.
Нийслэлээс нийтийн тээврийн нэг цагийн ажлын хөлсийг дөрвөн төрөлд хувааж, дундаж үнэ нь 32 мянга 600 төгрөг байна. Хэрэв нийслэлээс тавьсан энэхүү ажлын хөлсийн тарифыг хувийн хэвшлийнхэн хүлээн авах боломжгүй гэвэл хамтран ажиллах гэрээгээ цуцлахад бэлэн гэдгээ нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа мэдэгдсэн.
Харин дамжин суултыг зорчигчид хоёр дахь автобусандаа 30 минутын дотор багтан суувал үнэгүй явна. Харин дараагийн автобусанд суух 30 минутын хугацаа өнгөрч, гурав дахь автобусандаа суухаар болвол үндсэн төлбөр буюу 500 төгрөгийг төлөхөөр боллоо.
Хөнгөлөлттэй зорчих иргэдийн тухайд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн картыг харъяаллын дагуу хороогоор дамжуулахаар болж, одоогоор 80 хувьд нь картыг нь тараажээ. Харин оюутнуудын хувьд "Боловсролын тухай хууль"-ийн 43.2.5-д зааснаар хичээлд ирж, буцах зардлыг төр даах зарчмаар хөнгөлөлтийн картыг нийслэлийн Боловсролын газраар дамжуулан өгч эхэлсэн юм.
Нийт 98 мянга 500 оюутан хөнгөлөлтийн карт авахаас өнөөдрийн байдлаар 47 мянга 877 оюутан картаа авсан байна. Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулахаас нааш сурагчдыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах боломжгүйг хотын удирдлагууд тодотгосон юм.
НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс сэлгэн суултын төлбөрийг үнэгүй болгохыг дэмжсэн бол оюутныг хөнгөлөлттэй зорчуулах асуудлыг журмаараа илүү тодорхой зохицуулж, маршрутын өөрчлөлтөөс үүдсэн нэмэгдэл төлбөрийг нь шийдэж өгье гэсэн саналыг гаргаж байлаа. Нийтийн тээврийн цахим шинэчлэлтийн ажлыг гадны компаниар хийлгэх нь буруу.
Гэрээ ёсоор "Улаанбаатар смарт карт" компани нийтийн тээврийн нэг өдрийн орлогын 10 хувийг авч зардлаа нөхнө гэдэг нь жилд 13.2 тэрбум төгрөгийг төр хувийн хэвшилд зүгээр өгсөнтэй адил гэж үзсэн юм.