Орон нутагт мандатын тоог бууруулах нь олон сөрөг үр дагавартай
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2016.01.19

Орон нутагт мандатын тоог бууруулах нь олон сөрөг үр дагавартай

Сонгуулийн тойрог, мандатын тоог өөрчилж, нийслэлд 22 мандат хуваарилах саналыг СЕХ-ноос оруулж ирсэн. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын байр суурийг сонирхлоо.

-Нийслэлд мандатын тоог өөрчлөх асуудлыг Та дэмжиж байна уу? 

-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх гэж байна. СЕХ-ноос өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 11-нд УИХ-ын сонгуулийн тойргийн мандатын тоог хуучнаар нь тогтоохоор өргөн барьсан. Энэ саналыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжиж байсан. Гэтэл өнөөдөр буюу 7 хоногийн дараа СЕХ-ноос эрх баригчдын тулгалт шахалтаар тус тогтоолын төслийг өөрчилж найман аймгийн УИХ дахь төлөөллийг нэгээр бууруулах төслийг өргөн барьсан бололтой байна. Ингэхдээ Архангай, Баянхонгор, Дорнод, Завхан, Төв, Увс, Ховд, Хэнтий аймгуудын сонгогчдыг төлөөлөх УИХ-ын гишүүдийг нэг нэг болгоод, Улаанбаатар хотыг төлөөлөх гишүүдийн тоог наймаар нэмж, 22 мандаттай болгох төсөл өргөн барьснаараа эрх баригчид төрийн бодлогыг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн судалгаа үндэслэлгүй дур зоргоороо тоглолт хийдэг үнэн нүүр царайгаа харуулж байна.

-Хүн амын тал хувь нь оршин сууж байгаа учраас мандатын тоог нэмэх нь зөв бус уу?

-Нийслэлд манай улсын хүн амын 44 хувь нь амьдарч байгаа нь үнэн боловч сонгуулийн тойрог байгуулахдаа засаг захиргаа, нутаг дэвсгэр, хүн амын байршлыг харгалзан үзэх тухай Үндсэн хуулийн болон бусад хуулийн зохицуулалттай. Гэтэл зөвхөн хүн амын шилжих хөдөлгөөнийг гол шалгуур болгон сонгуулийн тойрог байгуулах маш буруу. Хөдөө, орон нутгийн мандатын тоог бууруулах нь олон сөрөг үр дагавартай.

-Жишээ нь ямар сөрөг үр дагавар байна вэ? 

-Хөдөө орон нутгаас төрд төлөөлөх хүний тоог бууруулах нь хот руу зорих их нүүдлийн цувааг улам нэмэгдүүлнэ. Мөн орон нутагт хуваарилагддаг төсвийн хөрөнгө оруулалт энэ хэмжээгээр буурна гэсэн үг. УИХ-д намын жагсаалтаар сонгогддог 28 гишүүн бараг л Улаанбаатар хотын төлөөлөл маягтай ажилладаг. Улаанбаатар хотын мандатыг 22 болгож нэмсэн тохиолдолд УИХ-ын 50 гишүүн нийслэлчүүдийн дуу хоолой болж байгаа нь Улсын Их Хурлын бодлого, Монгол Улсын бодлого бус Улаанбаатарыг л тойрон эргэлдэх байдал лавширна.

-Та орон нутгийн сонгочдын дуу хоолой бүдгэрнэ гэж эмзэглээд байна уу?

-Уудам цэлгэр эх орныхоо нутаг дэвсгэр, хил хязгаарыг сахиж, өвөг дээдсийнхээ гал голомтыг манаж ажиллаж амьдарч буй хөдөөгийн ард түмнээ төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөлгүй шахам болгож байгаа нь Монгол улсын Үндсэн хууль, үндэсний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Ардын уран зохиолч З.Доржийн бичсэнчлэн “Хил, хэл, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян” гэдэг үг бүрэн утгаараа замхарч байна. Улс төр, эдийн засгийн хямрал, дампуурал Монгол орны язгуур эрх ашгийг ноцтой хөндөж буй нь нэн харамсалтай байна. Ардчилсан намынхны загвар болгодог, хуулбарладаг АНУ гэхэд Конгрессийн гишүүдээ хүн амаас үл хамааран засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээс 2 гишүүн сонгодог байна. 

“Монголын газар шороог төрийн эрх барих байгууллагын төлөөлөлгүй болголоо” хэмээн цахим ертөнцөд нийгэм даяараа эсэргүүцэл илэрхийлж буйг эрх баригчид бодолцох байх гэж бодож байна. Аливаа шийдвэр ард түмний олонхийн хүсэл зоригт л нийцэх учиртай шүү дээ.