Туул голд байгуулах усан санд бага оврын цахилгаан станц барина
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгтэй ярилцлаа.
-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаад хэдэнсар өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ажлууд дээр анхаарав?
-Байгаль орчин, ногоон хөгжил гэдэг бол өнөөдөр дэлхий даяар хамгийн том ажил хэрэг явж байгаа зүйл. Өөрөөр хэлбэл байшин барьсан ч байгаль экологийнхоо асуудалтай хэрхэн зохицох, ямар ээлтэй байх юм гэдэг асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн үг. Зам, цахилгаан станц, эмнэлэг барихад ч ногоон хөгжлийн стандартыг барьдаг болсон. Жишээлбэл, орон сууц барилаа гэхэд хана, тааз, дээврээрээ дулаан алдахгүй байх технологийг нэвтрүүлсэн эсэх, цахилгаан станц дээр утааны шүүлтүүрүүдийг байрлуулсан уу, шинэ технологи нэвтрүүлсэн үү гэх мэтчилэн асуудлууд тавигдана. Эмнэлэг барихад хортой хог хаягдлаа хаана булшлах гэж байгаа юм гэх мэт бүхий л зүйл дээр дэлхий даяар ногоон хөгжлийн стандарт яригдаж байгаа.
Мөн аялал жуулчлалын салбар байна. Энэ салбар яг нарийн дээрээ Монголын эдийн засгийн нэг тулгуур болж эхэлж байна гэж хэлж болно. Олон жил монголчууд эдийн засгаа төрөлжүүлнэ гэж яриад байгаа боловч харамсалтай нь одоо болтол ганцхан уул уурхайгаас хамааралтай байна. Түүнийхээ муу үр дагаврыг ч заримдаа амсдаг. Уул уурхайн экспортын тодорхой нэрийн бүтээгдэхүүний үнэ унангуут эдийн засгийн өсөлт саараад, төсвийн орлогууд нь тасалдаж, хөгжлийн зорилтуудаа шийдэж чадахгүй байдалтай байгаа шүү дээ.
Ер нь хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал бол Монголын эдийн засгийн гурван тулгуур гээд хэлчихэд хол зөрөхгүй. Аялал жуулчлал гэсэн хоёрхон үгний ард маш олон оролцогчтой бизнес байдаг. Тодруулбал, жуулчныг татахын тулд өндөр зэрэглэлийн үйлчилгээтэй зочид буудлуудтай байх хэрэгтэй байна. Жуулчдад сайн тээврийн хэрэгслээр үйлчлэх учиртай. Түүнчлэн олон улсын нислэгүүд үйлдэж чаддаг байх хэрэгтэй. Дээрээс нь хот дотроо бол такси, хөдөөд жуулчдад үйлчилгээ үзүүлэх тээврийн хэрэгслүүдийн аюулгүй, бүрэн бүтэн байдал, жолооч нарын найрсаг харилцаа гээд олон юм байдаг.
Мөн хөтчүүдийн хэлний мэдлэг, жуулчдад тайлбар сайн хийдэг байх, аюулгүй байдлыг нь хангах чадвар зэрэг зүйлс бий. Компаниуд ч яг ямар аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байгаа нь тодорхой байх хэрэгтэй. Хөдөөгийн кэмпүүд наад зах нь боловсон ариун цэврийн өрөөтэй байх ёстой. Дээр дурдсан асуудлуудаар салбар бүрт тодорхой ажлууд хийгдээд явж байна.
-Дотоодын аялал жуучлал нэлээд сэргэх хандлагатай болчихлоо?
-Дотоодын аялал жуулчлал эрс сэргээд эхэлсэн. Хэдийгээр сэргэсэн боловч дотоодын аялал жуулчлалаа статистикийн тоогоор бүртгэж чаддаггүй. Захиалга авч чаддаггүй, аяллын маршрутаа зарлаж сураагүй зэрэг алдаа бий. Үүнээс болоод магадгүй ганцхан Хөвсгөл аймаг руу хоорондоо ярилцалгүй бүгдээрээ сайн зам тавигдсан гэнэ лээ гээд гарчихад замдаа гацчихаж байна шүү дээ. Хүмүүс машин тэргээ эвдэж, замын осол гарч, иргэд амь нас эрүүл мэндээрээ хохирсон, орон нутгийн үйлчилгээ хамгийн муу зэрэгтээ хүрсэн явдал бий. Очсон хүмүүс ч нуурын эрэгт, модны хаяанд гурван чулуу тулж, жаахан хоол хийж идчихээд яг хэрэг дээрээ орчноо баахан бохирдуулчихаад ирж байгаа шүү дээ. Эзэн байхгүй хэдэн тонн хог хаячихаад л ирж байгаа. Ингэхээр дотоодын аялал жуулчлалын маршрутаа зарладаг, захиалга авдаг байсансан бол үүнээс хамаагүй илүү үр дүн авчрах байсан.
-Усны бодлого дээр нэлээд ажил хийж байгаа юм билээ. Энэ талаар?
-Бид байгаль орчны талаар давын өмнө усны бодлогодоо нэлээд юм хийж байна. Усны тарифын бодлогодоо өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Мөн говийн гүний усны нөөцөө хянадаг тэр систем рүү шилжиж орлоо. Бид яаман дээрээ нийт 119 цэгийн гүний усныхаа нөөцийн мэдээллийг авдаг болсон. Энэ бол том дэвшил. Улаанбаатар хотын гүний худгууд дээр усны тоолуур тавих, нийслэл орчмын гүний усны нөөцийн менежментээ бүрэн хийж чаддаг байх чиглэлээр “К water” гээд Солонгосын усны нөөцийн газартай санамж бичиг байгуулан ажиллаж байгаа. Одоо Солонгосын төлөөлөгчид ирчихсэн байна. Энэ долоо хоногт ажлын хэсэг гараад тэдэнтэй хамтран Улаанбаатар орчимд байгаа гүний усны цооногуудын тооллого хийх зэргээр олон ажил хийнэ.
Мөн ойг эдийн засгийн нүдээр харъя гээд Монгол Улс анх удаагаа ойн зорилтот тооллого хийлээ. Ойд байгаа бүх ургамлын төрөл болон ойг нарийвчлан тоолсон. Ойг эдийн засгийн нүдээр хараад ойг цэвэрлэх, ойн зураас татах, босоо хатсан мод болон унанги модоо цэвэрлэх замаар ажлын байр бий болгоно. Мод модон материалын бэлдэц хийдэг энэ чиглэл рүү нэлээд ажил зохион байгуулж эхэлж байна. Хавраас энэ ажил нэлээд идэвхжинэ. Түүнчлэн бид усны сав газруудын захиргаадын байршлуудыг оновчтой тогтоох, хүн хүч ажлын чиг үүргийг оновчтой болгох чиглэл рүү нэлээд ажил хийсэн.
Манай тусгай хамгаалалттай нутгийн захиргаадын хүрээнд “TFW” гээд Германы банкны санхүүжилтээр томоохон төсөл эхлээд явж байна. Энэ сарын 22 гэхэд бид эхний төслүүдээ авч эхлэх гэж байна. Энэ хавартаа ажлууд эхэлнэ. Нэлээд том үнийн дүнтэй төсөл байгаа. Үүгээр бид биологийн олон янз байдлыг авч үлдэх, тусгай хамгаалалттай газар нутагт амьдардаг иргэдийн биологийн олон янз байдлаа авч үлдэх чиглэлд оролцдог оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх гээд их өргөн хүрээтэй төсөл хэрэгжих юм.
-Туул голыг түшиглэж усан сан байгуулна гээд байгаа. Энэ ажил ямаршатанд яваа бол?
-"Туул гол ус усан цогцолбор" гээд Тэрэлж орчимд усан сан байгуулах ажлын ТЭЗҮ одоо ид хийгдээд явж байна. Бид Мянганы сорилтын сангийн хоёрдугаар компакт гэрээнээс санхүүжилтийг босгоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ талаар би АНУ-аас манай улсад суугаа Элчин сайдтай уулзаж албан ёсоор хэлсэн. Ерөнхий сайдтай ч уулзаж бид энэ чиглэлээр ажил хэргийн хувьд тохиролцоод ерөнхий бодлогоо гаргачихсан байгаа. Яг ямар бүтээн байгуулалт болох вэ гэхээр юун түрүүнд Тэрэлж орчимд Туул гол дээр том усан сан хийнэ. Мөн усан сангаа эрчим хүчний чиглэлээр ашиглаж бага оврын усан цахилгаан станц барих юм. Усан сан байгуулснаар орчны агаар, уур амьсгалыг ихээр зөөллөнө. Агаарын чийгшил нэлээд нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Үүгээрээ бас агаарын бохирдлыг бууруулах нэг томоохон түлхэц болно гэж харж байгаа. Мөн Улаанбаатар хотынхоо гадаргуугийн усны балансыг сайжруулж усны нөөцөө нэмэгдүүлэхэд усан сан чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ чиглэлийн ажил хийгдэж байгаа.
-Туул голын усан сан нэлээд өндөр төсвөөр хийгдэх том бүтээн байгуулалтболно. Манайд ер нь хэр ач холбогдолтой юм бол?
-Ач холбогдолтой. Тэр талаар хэлэх үг байхгүй. Дэлхийн томоохон бүх хотууд гол түшиглэж түүнийгээ ашиглаж усан сан бий болгосон байдаг. Эдийн засаг, нийгмийн утгаараа ч ач холбогдол ихтэй. Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүч ашиглах чиглэл рүү явж байна. Тиймээс усан цахилгаан станц хэрэгтэй. Мөн усан цахилгаан станц барих явцад байгуулсан усан сан нь өөрөө гадаргуугийн усны нөөцөө барих болоод эко системийн хувьд чухал үүрэг гүйцэтгэнэ. Орчны агаарын чийгшлийг нэмэгдүүлэх сайн тал бий болгох юм.
-Төсвийн хувьд ямар вэ?
-Одоо ТЭЗҮ боловсрогдоод сүүлийн шатандаа орж байна. Би тодорхой тоо хэлээд хэрэггүй байх гэж бодож байна. Учир нь гадны санхүүжилттэй төсөл учраас сайд нь урьдчилаад тоо хэлэх нь зохимжгүй. ТЭЗҮ-г эцэслэсний дараа тодорхой өртгийг нь хэлье.
-Бүтээн байгуулалт нь хэзээнээс эхлэх бол?
-Бүтээн байгуулалтын хувьд том төсөл учраас цаасан дээр нэлээд хугацаа авна. Санхүүжилтээ босгох, хоёр талын гэрээ хэлцэлд бэлтгэхтэй холбоотой асуудлуудыг энэ жилийн эхний хагаст багтаахаар ажлаа шахаад явж байна.
-Хог хаягдлын менежментийн талаар их ярьдаг болсон. Энэ талаар танайяам хэр анхаарч байгаа вэ?
-Хогийг мөн эдийн засаг гэсэн нүдээр харъя гэж байгаа. Энэ үүднээс хогийг дахин боловсруулах чиглэл рүү нэлээд томоохон алхмууд хийж эхэлж байна. Бид Австрийн нэг компанитай концессын гэрээ байгуулсан. Энэ хавар ажил нь эхэлнэ. Хог хаягдлаас эрчим хүч гаргаж авах бага оврын эрчим хүчний станц барина. Мөн хогийг ангилдаг болгох, хогийг тоолох, хогийн журнал хөтөлдөг болох гээд шинэ зүйлүүд орж ирж байгаа.
-Солонгостой хамтарсан хог боловсруулах ганц нэг үйлдвэр барьж байсан.Гэвч төдийлөн нүдэнд үзэгдэх үр дүн гараагүй шүү дээ?
-Энэ ажил дээр тооцоо судалгаа нарийвчлан хийсэн. Гардан хэрэгжүүлэх компани нь ажлын туршлага ихтэй. Тийм болохоор амжилттай хэрэгжинэ гэж найдаж байна.
Зарим газрыг тусгай хамгаалалтад авахаар зэхэж байгаа гэсэн?
-Бид дөрвөн газрыг шинээр улсын тусгай хамгаалалтад авъя. Мөн дөрвөн газрын улсын тусгай хамгаалалттай хэсгийг өргөтгөл хийе гэсэн чиглэл бариад ажиллаж байгаа. Засгийн газрын хуралдаанаар энэ сарын сүүлээр оруулахаар бэлтгэж байна.