Говийн газрын доорх усны хяналтыг хийж эхэллээ
Говийн газрын доорх усны хяналтыг хийж эхэллээ
2015.11.16

Говийн газрын доорх усны хяналтыг хийж эхэллээ

-2014 онд говийн бүсийг бүхэлд хамарсан Говийн бүсийн гурван сав газрын захиргаа байгуулсан бөгөөд одоогийн байдлаар үйл ажиллагаа нь жигдрэн ажиллаж байна-

Гадаргын усан сүлжээгүй говийн бүсэд газрын доорх ус, усан хангамжийн гол эх үүсвэр болж байдаг бөгөөд түүний ашиглалтын чиглэл далайц улс орны хөгжлийн тодорхой шат бүрт харилцан адилгүй байсаар ирсэн. Цаашид олборлох боловсруулах аж үйлдвэрийн хөгжлийн хандлага, хүн амын суурьшил, төвлөрөл зэрэг хүчин зүйлүүдтэй уялдан ундны усны хэрэглээ огцом өсөх хандлагатай байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал (БОНХАЖЯ) байгуулагдсан цагаас эхлэн ус ашиглалт, газрын доорх усны хяналт шинжилгээг өргөжүүлэх чиглэлд анхаарлаа хандуулж байгааг салбарын зүгээс онцоллоо. Энэ хүрээнд БОНХАЖЯамны захиалгаар Дэлхийн банкны зээл болон Австралийн Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн(УУДБХОДТ) хүрээнд “Говийн газрын доорх усны хяналт шинжилгээний сүлжээг” байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэхүү сүлжээний нээлтийн үйл ажиллагаа өнгөрөгч бямба гаригт буюу 11 дүгээр сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь Шивээ-Овоогийн нүүрсний уурхай дахь Газрын доорх усны хяналт-шинжилгээний 25 дугаар цэг дээр боллоо.

Дэлхийн банкнаас Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд говийн бүсэд сав газрын захиргаа түүний зөвлөлийн чадавхийг бий болгох төслийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд 2014 онд говийн бүсийг бүхэлд хамарсан Говийн бүсийн гурван сав газрын захиргаа байгуулсан бөгөөд одоогийн байдлаар үйл ажиллагаа нь жигдрэн ажиллаж байна. Говийн гурван сав газрын захиргаад болох Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаа, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа болон Алтай Өвөр говийн сав газрын захиргаадын үйл ажиллагаа багтана.  

Сав газрын Захиргаа төслийн хэлэлцээрийн дагуу газрын доорх усны удирдлага, мэдээллийн нэгжийг БОНХАЖЯ-ны дэргэд байгуулжээ. Энэхүү мэдээллийн санд сав газрууд дахь усны нөөц, түүний ашиглалт, мониторинг, уул уурхайн хөгжлийн нийгэм эдийн засаг, байгаль орчинд нөлөөлөх нөлөөг үнэлэх зэрэг үндсэн чиглэлээр мэдээлэл цуглуулж, нэгтгэхэд чиглэгдэх юм байна. Мөн ус ашиглалтад хяналт тавих, газрын доорх усны мониторингийн нэгдсэн сүлжээ бий болгох зэрэг чиглэлээр мэдээллийн баазаа өргөжүүлэн ажиллаж байгаа аж. Мэдээллийн системд 29 сав газрын хэмжээнд үүсгэжээ.

Говийн газрын доорх усны хяналт шинжилгээний сүлжээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, БОНХАЖСайд Н.Батцэрэг, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Австрали улсаас манай улсад суугаа Ерөнхий консул Брандон Койне, Сангийн яамны хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын өрийн удирдлагын хэлтсийн дарга Х.Нарангэрэл, УУДБХОДТ-ийн зохицуулагч Б.Энхбаатар, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр, Шивээ-Овоо ХК тэргүүн дэд захирал Ч.Мөнхбаатар, КПМ ХХК-ий гүйцэтгэх захирал Эрдэнэбаатар нарын албаны хүмүүс оролцлоо.

БИДЭНД ГАЗАР ДООРХИ УСНЫХАА НЭГДСЭН БОДЛОГЫГ ЯВУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

УИХ-ын гишүүн, БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэг.

УИХ-ын гишүүн, БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэг

"Говийн бүс нутагт гарсан маш том хэмжээний газрын гүнийн усны мониторинг хийх, усны мониторингоор дамжуулан Монгол Улс гүнийн усныхаа нэгдсэн бодлогыг явуулах, ийм бололцоог олж авах нээлтийг хийж байна. Сав газрын Захиргаа төслийн хэлэлцээрийн дагуу газрын доорх усны удирдлага, мэдээллийн нэгжийг БОНХАЖЯ-ны дэргэд байгуулаад байна.

Энэхүү мэдээллийн санг харахад 20 цооног дээр бүрэн автоматчилагдсан, 99 цооног дээр хагас автоматчилагдсан байдлаар ажиллаж байгааг программаас харлаа. Цаашид усны найрлага, гүнийн усны төвшингийн талаар бүрэн мэдээлэл өгч байх зорилттой энэхүү төсөл хэрэгжиж байна. БОНХАЖЯ-ны захиалгаар хийгдэж байгаа энэхүү төсөл нийт үнийн дүн 25 сая америк ам.долларт хэрэгжиж байна. Ойрын хоёр жилд 1:200 000 масштаб бүхий гидрогеологийн газрын зураг хийхээр ажиллаж байна. Цаашид нийт Монгол орныхоо газар доорх усны нөөцийн хэмжээг мэддэг болно. Одоо хаана уул уурхай ажиллаж байна, хаана ус ашиглаж байгааг зураглалд гаргаж, нэгдсэн том зураг гаргах том зорилт тавин ажлаа эхлээд байна.

Энэ удаагийн хөтөлбөрт Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл /21 сая ам.доллар/, Австралийн Засгийн газрын буцалтгүй тусламж /4 сая ам.доллар/ үзүүлж байна. Эхний ээлжинд говийн бүсэд хэрэгжээд эхэлсэн энэ төслийн авч байгаа мэдээлэл дээр анализ хийх, томоохон мэдээллийн сан дээр ажиллаж чадах боловсон хүчин бэлтгэх гээд бидэнд хийх зүйл их байна. Цаашид Монгол орон даяараа газрын доорхи усны мониторинг хийх, түвшин, усны найрлага бүтэц гээд бүгдийг тодорхойлж чаддаг болох хэмжээнд очих юм. Өмнийн говьд уул уурхай, эрчим хүчний үйлдвэр хөгжихөд хамгийн түрүүнд усны хэрэглээ чухал байна. Бид ус чандмань эрдэнэ гэдэг. Өнөөдөр ийм нандин эрдэнэ дээр бодлого хийхэд мэдээллийн бүрэн анализтай болоход энэхүү төсөл хэрэгжиж байгаад бид бүхэн баяртай байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа Дэлхийн банкныханд, Австралийн Засгийн газарт болон төсөлд оролцож байгаа бүгдэд нь талархаж байгаагаа хэлмээр байна" хэмээн ярилаа.

БОНХАЖЯамны захиалгаар Дэлхийн банкны зээл болон Австралийн Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн(УУДБХОДТ) хүрээнд “Говийн газрын доорх усны хяналт шинжилгээний сүлжээг” байгуулах ажлыг эхлүүлээд байна. Сүүлийн 10 сарын турш хээрийн ажлыг хийж, багажийг суурилуулжээ.

Төслийн хүрээнд өрөмдлөгийн ажлыг “Энержи Импайр” ХХК Говийн бүсийн газрын доорх усны хяналт-шинжилгээний сүлжээ байгуулах ажлын хүрээнд 26 хяналтын цооног шинээр гаргаж тоноглосон. Эдгээр цооногуудаас 5 цооног нь газрын доорх усын дээд болон доод уст үеийг ялгаж тоноглосон цооногууд байна.

Багаж суурилуулах болон нэгдсэн сервер болон веб хуудас байгуулах ажлыг “КРМ” ХХК хийж байна. Тус компани 2014-2015 оны хугацаанд говийн бүсийн 3 сав газрын харьяа цооногуудаас суурилуулагдахаар сонгогдсон нийт 119 цооногуудын 99 цооногт нь хагас автомат, 20 цооногт нь бүрэн автомат үйлдэл бүхий хяналтын тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан бөгөөд үлдсэн 17 цооногийн тоног төхөөрөмжүүдийг БОНХАЖЯ-ны нөөцөнд хүлээлгэн өгчээ.

Говийн бүсэд газрын доорх усны хяналт-шинжилгээний нэгдсэн сүлжээг дараах зорилго зорилтын дагуу байгуулсан. Үүнд:

  • Газрын доорх усны байгалийн горимын судалгаа
  • Газрын доорх усын эвдэгдсэн горимын судалгаа /ус ашиглалт ихтэй ордууд/

Дээрх хоёр чиглэлээр уг төслийн хүрээнд нийт 117 уст цэгт хяналт шинжилгээний бүрэн болон хагас автомат багаж суурилуулжээ. Үүнд, Говь-Алтай аймгийн Баянтоорой, Баянхонгор аймгийн Эхийн гол, Баянлиг, Өмнөговь аймгийн Тооройн шанд, Гурамсангийн хөндий, Таван-Алд, Дундговь аймгийн Салхитын арын хөндий, Хайрханы орд, Сүхбаатар аймгийн Цайрт Минерал зэрэг олон газруудыг нэрлэж болно.

Газрын доорх усны хяналт-шинжилгээний ажлыг байршлуудад явуулснаар дараах үр дүнд хүрнэ.

  • Ус ашиглалтын өнөөгийн байдлыг хянах
  • Ус ашиглалт зөв зохистой горимд шилжих
  • Төв суурин газрын ус хангамжийн ирээдүйн төлөвлөлтийг гаргах
  • Газрын доорх ус зохиомлоор бохирдож буйг тогтоох
  • Ашиглалтад бэлтгэгдсэн газрын доорх усны байгалийн горимын суурь мэдээллийг олж авах
  • Усны тухайн хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухайн хуулийн хэрэгжилтийг хангах
  • Уул уурхайн ус ашиглалттай холбоотой гардаг маргааныг шийдвэрлэхэд түлхэц болох чухал мэдээллийн санг бүрдүүлэх, томоохон ашиглагчдад хяналт тавих боломж бүрдэж байна.

Уг төслийн хүрээнд байгуулагдсан газрын доорх усны хяналт-шинжилгээний сүлжээний хэмжилтийн мэдээллийг БОНХАЖЯ-ны усны нөөцийн хэлтэст байршуулах бөгөөд Монгол орны хэмжээнд ашиглаж болохоор зохион байгуулж байна. Мөн бүх 26 сав газруудын хэмжилтийн мэдээллийг оруулах аж.

Газрын доорх усны хүрээнд 2015-2016 онд хийж гүйцэтгэх томоохон ажлууд:

  • Өмнийн говийн 3 сав газрын захиргааны Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулах,
  • Сав газрын зөвлөл байгуулах
  • Өмнөд говийн бүсийн газрын доорх усын нэгдсэн судалгаа, үнэлгээ болон 1:200 000 масштаб бүхий гидрогеологийн газрын зураг хийхээр төлөвлөж байгаа юм байна.