Гадаргын ус ашиглах тариаланчдыг усны төлбөрөөс чөлөөлнө
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.10.22

Гадаргын ус ашиглах тариаланчдыг усны төлбөрөөс чөлөөлнө

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өчигдөр боллоо.

Энэ үеэр Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцууллаа. Тэрээр одоо мөрдөж байгаа Тариалангийн тухай хууль нь 6 бүлэг, 18 зүйл, 45 хэсэг, 77 заалттай бол шинэчлэн боловсруулсан Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 5 бүлэг, 28 зүйл, 91 хэсэг, 90 заалттай гэв.

Түүнээс УИХ-ын гишүүн С.Оюун “Устай холбоотой яг ямар заалтууд орсон бэ. Усны нөөц глобалчилагдсан асуудал боллоо. Дэлхий дээр ашиглаж буй усны гуравны хоёрыг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйд зарцуулж байна. Хэдийгээр манай усны хэрэглээ газар тариаланд харьцангүй бага ч цаашид усны төлбөрөөс чөлөөлөх гэж байгаа юм биш” гэж асуув.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа гишүүний асуултад өгсөн хариултдаа, гадаргын усыг ашигласан тохиолдолд усны төлбөрөөс чөлөөлөх гэсэн нэмэлт орсон хэмээн тайлбар өгөв.