2010.01.28

Б.Бат-Эрдэнэ: Монголчуудын агуу үндэстэн болсон гол түлхүүр нь эрийн гурван наадам

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Өвөрмонголчууд эрийн гурван наадам, босоо бичгийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр зэхэж байгаа гэсэн мэдээ байна. Та энэ тухайд ямар байр, суурьтай байна?

-Монгол улс, үндэстний бүтээсэн өв соёл гайхамшигтайг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Монголчууд агуу үндэстэн, агуу үндэстэн байхын утга чанар гайхамшигтай түүх соёлыг бүтээсэнд байгаа юм. Харамсалтай нь, сүүлийн арав гаруй жил өөрсдийн бүтээсэн өв соёл, уламжлалд дэндүү хайхрамжгүй хандаж ирсэн. Хадгалж, хамгаалах талыг орхигдуулснаас гадна гадаад, дотоодын янз бүрийн түлхээсээр дайрч давшилсан. Үүнээс улбаалан Монгол хүний өөртөө итгэх итгэл, эцэг дээдсийн үлдээсэн соёлоор бахархах үзлийг ихээхэн саарууллаа. Хоёр хөршид амьдарч байгаа монгол туургатан, үндэстэн, ястнууд өөрсдийгөө эзэмших эрхтэй гэж үзэн янз бүрийн ажил сэдэж байх шиг. Тусгаар тогтносон улс орон нь хайхрахгүй ад шоо үзэж гаргуунд нь гаргаж байгаа учраас бусад үндэстэн, ястны зүгээс янз бүрийн санал гаргах нь байх л зүйл.

Сүүлийн үед хүн төрөлхтөн түүх, өв соёлын санд бүртгэгдсэн оюуны болон биет эд өлгийн дурсгалыг цөлмөж, устгаж байгаа явдал хаа сайгүй байна. Ганц жишээ хэлэхэд, хэдэн жилийн өмнө Өвөрмонголд 2000 гаруй бөх барилдуулж Геннесийн номд бүртгүүлнэ гэсэн бодлого барьсан. Тэгэхэд манай улс долдугаар сарын 11-нд Тусгаар тогтнолынхоо баярыг тэмдэглэж, сум, аймаг, улсын хэмжээнд 30 гаруй мянган бөх нэг өдөр барилдуулдаг ийм улс орон дэлхийд хаана ч байхгүй.

-Эрийн гурван наадам бусдын нэр дээр данслагдвал бид наадмаа тэмдэглэхдээ зөвшөөрөл авахад хүрэх юм биш биз гэсэн эмзэглэл байна. Ер нь эрийн гурван наадмын утга чанар юу вэ?

-Уртын дуу, хөөмий, морин хуур, эрийн гурван наадам гээд Монгол үндэстний бүтээсэн өв соёл Монгол хүний хүсэл, тэмүүлэл, зан заншил, амьдрал үйлс, ирээдүй бүх сайн сайхан зүйлийг шингээсэн. Монгол хүний өөрийнх нь дотоод сэтгэлгээг оюун сэтгэлтэй нь нягт барилдуулж өгснөөрөө онцлог. Эрийн гурван наадам Монгол хүнийг хүн болгож төлөвшүүлж ирсэн хамгийн дээд зэргийн сургууль, өв байсаар хэдэн мянганыг туулж, үндэстэн дэлхийд түүхээ бүтээж ирсэн. Нэг үгээр хэлбэл, Монголчуудын агуу үндэстэн болох гол соёл сургууль нь эрийн гурван наадам байсан түүхтэй. Гэтэл манайхан гадна хэлбэр, өнгөн талаас нь голдуу авч үзэж, цаад утгыг хайхардаггүй.

Ер нь Хятадын хөрөнгө оруулалттай элдэв сан, төсөл санхүүжилт үндэсний зүйлүүд уруу анхаарал тавьж оролцож байгаа нь ажиглагддаг. Хэдийгээр биднийг дэмжиж байгаа ч гэсэн анхаарч бодууштай.

-Өв соёлоо анхаарах тухай юу хэлэх бол?

-Нэг их ажил ороод, хөрөнгө мөнгө зарах юм биш шүү дээ. Чин сэтгэлээсээ үндэснийхээ өв соёлыг хайрлаж, бахархсан, хадгалж хамгаалахын төлөө зүтгэсэн тэр сэтгэл, зүтгэл, санаачилга хэрэгтэй. Орсон борооны хойноос гэгчээр биш бид өмнө нь амжиж баталгаажуулж авах олон зүйл бий.

Хэдэн жилийн өмнө Хэрлэн мөрөнгийн ойр орчим ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл өгснийг эсэргүүцэж, нутгийн ард түмэн хөдөлгөөн өрнүүлсэн. Их эзэн Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүхийг хадгалсан домогт мөрнийг алга хийх, уул уурхай эхлүүлнэ гэсэн хүмүүс өнгөрсөн зун хүртэл очоод үйл ажиллагаа эхлүүлж байсан. Энэ юу хэлж байна гэхээр бид түүх, соёлынхоо өвийг үнэлж чадахгүй байгаагийнх. Өнөөдөр зохиолын дуучид, залуучууд монгол хэлээрээ дуулж чадахгүй болсон. Англи, монгол хольж хазгай хэлтгий дуулцгаасан урсгал, чиглэл олон байна. Зөвхөн гаднаа харагдаж, мэдэгдэж байгаа нь л энэ шүү дээ. Цаана нь маш олон юм бий. Анхаарах, сэрэмжлэх талаас учир дутагдалтай байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.