Өнөөдөр Ардчилсан хүчнүүдийн хамтарсан анхны цуглаан болсон өдөр
2010.01.21

Өнөөдөр Ардчилсан хүчнүүдийн хамтарсан анхны цуглаан болсон өдөр

(1990.01.21.- 2010.01.21)


Ардчилсан хувьсгалын үйл хэрэг 1989 оны 12-р сарын 7-ний өдрийн Ховдын Багшын дээд сургуулийн оюутнуудын цуглаанаас эхлэн 1990 оны 7-р сарын 22-нд болсон анхны бүх нийтийн Ардчилсан сонгууль болтол улбаалан өрнөсөн байдаг. Тэгвэл 1990 оны 1-р сарын 21-ний түүхт энэ өдөр МоАХ, АСХ, ШДХ, МОХ гэсэн дөрвөн томоохон хүчин эв санааны дор нэгдэн анхны хамтарсан цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулжээ.
Хорин жилийн өмнөх яг энэ өдөр болсон Ардчиллын түүхэнд тод томруунаар бичигдэх энэ цуглааны талаар уншигч танд хүргэе.  

...УБ хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас зарим гудамж талбайд жагсаал, цуглаан хийхийг хориглосон тухай шийдвэр гарсан нь шинээр байгуулагдаж, идэвхитэй үйл ажиллагаа явуулж байсан хүчнүүдийн үйл ажиллагааг хааж боох гэсэн санаа байсан бөгөөд энэ нь төр засгийн хууль тогтоомжтой анх удаа илтэд зөрчилдөх болжээ.  
Гэвч дээрхи шийдвэр нь Үндсэн хуулийн заалтуудад харшилж байснаас Сүхбаатарын талбайд олон нийтийн цуглаан товлосон цагтаа болж түүнд хуран цугларсан бөгөөд XX зууны суут ухаантан В.И.Лениний нас нөгчсөн энэхүү ойн өдөр малгайгаа аван минут хэртэй дуугүй зогсож эмгэнэлээ  илэрхийллээ. Шинэ хувьсгалын уриан дуу болох “Монголын Марсельеза” гэгдэх “Хонхны дуу” чанга яригчаар сонсдож байв. 20 орчим мянган хүн оролцсон уг цуглаанд Д.Сүхбаатарын гуч хүү Д.Сүх-Эрдэнэ үг хэлсэн бөгөөд тэрээр “Өнөөгийн МАХН нь миний өвөг эцгийн байгуулалцаж явсан Монгол Ардын Намын залгамжлагч хүчин мөн хэмээн хэлж болохгүй болжээ” хэмээн онцолсон байна. Мөн МУИС-ын багш Д.Ламжав АСХ байгуулагдсан тухай олон түмэнд зарлалаа.. 

Цуглааныг хөтлөн явуулж байсан Ц.Элбэгдорж, МоАХ-оог 60 шахам салбар зөвлөл, 30 гаруй мянган гишүүнтэй болсон тухай мэдээллээ. МоАХ-ын дийлэнх зохицуулагчид нь 30 орчим насны залуучууд байснаас ч тэрүү хүмүүс анхандаа түүнийг зөвхөн цөөн хэсэг залуусыг л нэгтгэсэн байгууллага хэмээн ойлгон төсөөлж байжээ. Гэвч МоАХ нь харьцангуй богино хугацаанд өргөн олныг хамарсан нөлөө бүхий улс төр, олон нийтийн байгууллага болон хувирчээ.

Төгсгөлд нь УДАТ-ын жүжигчин Д.Сосорбарам үг хэлж “Эрдэнэ Засгийн Унага” ардын дууг дуулахад хүмүүс хуриалан Сүхбаатарын Хөшөөг нар зөв эргэн тойрсны эцэст тарцгаав. дээрх цуглаанд “Шинэ Цаг Ирлээ, Сэрцгээе”, “Олон Намын Систем”, “Отгонбаярын Хамаатан Хэн бэ”, “Эрх Зүйт Төрийн Төлөө”, “Айвал Бүү Хий, Хийвэл Бүү Ай”, “Монголчууд-Мориндоо”, “Цэдэнбалыг-Ард Түмний Шүүхэд”, “Зээлийн Социализмыг Халъя” зэрэг, бичиг бүхий уриа лоозон үзэгдэж байлаа.

1989-1990 оны сүүл хүртэлх харьцангуй богино хугацаанд БНМАУ-ын улс төрийн тогтолцоог бүхэлд нь өөрчилж шинэчлэх зорилго бүхий Ардчилсан хувьсгалын эхний үе шат тайван замаар ийнхүү хийгджээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.