С.Эрдэнэ: Баянгол дүүрэг зуун ортой эмнэлэгтэй болно
2010.01.26

С.Эрдэнэ: Баянгол дүүрэг зуун ортой эмнэлэгтэй болно

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй Шинэ Улаанбаатар түр хороо болон өөрийн дэвшсэн 25-р тойрог, Баянгол дүүрэгтээ хэрхэн ажиллаж байгаа тухай vip76 тодрууллаа.
-Шинэ Улаанбаатар түр хорооны ажил хэр явцтай байна вэ? Энэ тухайгаа танилцуулна уу?
-Ер нь Шинэ Улаанбаатар түр хороо байгуулах болсон шалтгаан нь нийслэлийн өмнө тулгамдаж  байгаа асуудлыг эрх  зүйн хүрээнд шийдвэрлэх, хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх зэрэг олон асуудлыг судалж шийдвэрлэх үүрэг бүхий түр хороо байгуулагдсан. Харамсалтай МАХН-ын хурлын ирц хангалтгүй, хэлэлцэх  асуудалд санал нэгдээгүй гэсэн байдлаар хоёр ч удаа завсарлага авлаа. Тиймээс энэ долоо хоногт энэ асуудал шийдвэрлэгдэх байх гэж бодож байна.
-Тойрогтоо хамгийн сүүлд хэзээ очсон бэ? Шинэ онд ямар ямар ажлуудыг тойрогтоо хийх гэж төлөвлөж байна вэ?
-Би энэ сарын 5-15-ны хооронд дүүргийнхээ 22 хороогоор явж, иргэд сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Ойролцоогоор хоёр мянгаад иргэд сонгогчидтой уулзаж, санал солилцлоо. Энэ уулзалтад иргэд нэлээд идвэхтэй оролцсон. Уулзалтын үеэр иргэд Баянгол дүүрэгт тулгамдаж байгаа асуудал, тухайн хороонд тулгамдаж байгаа асуудал болон өөрсдийн амьжиргаанд тулгарч байгаа зүйлс зэрэг нь дийлэнх гомдол санал гарч байсан. Мөн дүүрэгтээ төдийгүй улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлыг ч иргэд гаргаж, санал гомдол хүсэлт гарч байсан. Би УИХ-д бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд иргэдтэйгээ хоёр дахь удаагаа уулзаж байна. Үүнээс өмнө ноднин тангараг өргөснийхөө дараа 10 дугаар сард Үйлдвэрчний соёлын төв ордонд гурван удаа дөрвөн мянга гаруй сонгогчидтой уулзалт хийсэн. Ингэж л тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзаж тэднийхээ санал сэтгэгдлийг сонсож, судалж үзсэний үндсэн дээр гол ажлаа чиглүүлж байна даа.
-Энэ богинохон хугацаанд иргэд сонгогчидтой олонтаа уулзжээ. Энэ үед иргэдээс ямар асуулт хамгийн их ирж байв?
-Дүүрэг хороодод тулгамдаж байгаа асуудал худаг ус, зам, орон гэр, байргүй гэх мэт саналууд ирж байсан. Орон сууцны хороололд бол дээврийн засвар, лифт ашиглалт, засварын асуудал гарч байлаа. Мөн гэмт хэргийн гаралт, амьжиргааны түвшин доогуур орлого багатай, ажилгүйдэл их байна гээд нөгөө л байдаг үндсэн чиглэлүүдээр асуултууд ирж байсан. Энэ асуудлуудыг үндсээр нь өөрчлөх, шинэчлэх цаг болоогүй юу гэж хүмүүсийг зүгээс хүчтэй тавьж байлаа.
-Үүнээс нэн тэргүүн юунд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна вэ?
-Би тойрогтоо гэр хорооллын дунд байгаа авто замыг шинэчилж, хатуу хучилттай авто замыг бий болгох зорилготой байна. Ингэснээр гэр хорооллын дунд автобусны зогсоол бий болох юм. Гэр хорооллын хүмүүс гэрээсээ хоёр гурван буудлын зайтай хол бууж харих гэж гурван дөрвөн километр харанхуй гудамжаар алхдаг. Энэ замдаа гэмт хэргийн дайралтад өртөх нь бий.  Харанхуй гудамжинд дээрэмчин тонуулчинд дээрэмдүүлэх, зодуулж гэмтэх, магадгүй хүчиндүүлэх зэрэг гэмт халдлага, эрсдэлд өртөх магадлал өндөр юм. Гэр хороололд гэмт хэргийн гаралт өндөр байдаг. Иймээс гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр өнгөрсөн онд цагдаагийн хэлтэст 159 сая төгрөгөөр иж бүрэн тоноглосон цагдаагийн зургаан тэрэг авч өгсөн. Энэ нь гэмт хэргийн гаралтыг бууруулах цагдаагийн байгууллагын хөдөлгөөнт эргүүлийн чадавхийг нэмэгдүүлэх зорилготой байлаа. Ялангуяа гэр хороололд хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулах нөхцлийг хангах үүднээс зургаан тэргийг авч өгсөн байгаа.
-Тойрогтоо хөрөнгө оруулалт хийх тэрбум төгрөгийг юунд зарцуулж байна вэ?
-Баянгол дүүргийн тамгын газрын байр намайг Баянгол дүүргийн засаг дарга байхад ямар байсан өнөөдөр ч яг тэр хэвээрээ байгаа. Иймд зайлшгүй өргөтгөл хийж, иргэд сонгогчдыг хүлээн авах, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс засварт 160 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байгаа. Түүнчлэн дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэст хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд явуулын үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий автомашины асуудлыг шийдвэрлэлээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй түргэн шуурхай үйлчлэх зорилготойгоор тээврийн хэрэгслийн асуудлыг шийдвэрлэсэн. Гэр хорооллын 9, 10, 11-р хороодод хатуу хучилттай автозамтай болгох зорилгоор хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, энэхүү ажил хавраас хийгдэнэ. Хороодын иргэдийн усан хангамжийн асуудал, иргэдийн ахуйн соёл халуун усны асуудалд маш ач холбогдол өгч байгаа. Иймээс халуун усны газрын барилгыг бариулахын тулд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж өгсөн. Баянгол дүүрэг бол нэлээд том дүүрэг байгаа гэтэл өөрийн гэсэн эмнэлэггүй байсан. Харин улсын эмнэлэг байсан. Иймээс эрүүл мэндийн яам, холбогдох газруудтай ярилцан зуун ортой эмчилгээ оношлогооны иж бүрэн эмнэлэг барих ажлыг мөн энэ хавар эхлүүлэхээр хөрөнгө оруулалтыг шийдвэрлэлээ. Миний өөрийн гол бодож байгаа зүйл бол хатуу хучилттай замын дагуу гэрэлтүүлэг, ногоон байгууламж, тохижилтын ажлыг давхар хийлгэх хэрэгтэй гэж үзэж байна. Мөн иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тодорхой хөрөнгийг оруулж батлуулсан байгаа. Энэ онд арван өрхийн эмнэлгийг дуудлагын автомашинтай болгох тэр дотроо ялангуяа гэр хорооллын өрхийн эмнэлгүүдийг дуудлагын автомашинтай болгох асуудлыг шийдэж өгөхөөр хөрөнгийн асуудал боссон. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 12 тэрбум орчим төгрөгийг хөрөнгө оруулалтыг дүүргийнхээ хэмжээнд санал болгож, батлуулсан. Энэ бүхэнд миний нэг тэрбум төгрөг явж байгаа даа.
-Шинэ Улаанбаатар түр хороонд 26 тэрбум төсөвлөсөн гэсэн. Үүнээс нэн яаралтай юунд зарцуулах вэ?
-Шинэ Улаанбаатар түр хороонд 26 тэрбум төсөвлөөгүй шүү дээ. Ийм яриа гараад байгааг гайхаад байгаа юм. Шинэ Улаанбаатар түр хороо нь эрх зүйн болон хөрөнгийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэдэг асуудал байна. Миний үзэж байгаагаар 20 хувийн хууль санаачилж өөрчлөх шаардлага байгаа. Дээр нь хөрөнгийг эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр тодорхой төсөл боловсруулах шаардлагатай. Миний бодлоор наад зах нь 250-350 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж Улаанбаатарын тулгамдаж байгаа замын түгжрэл утаа зэрэг асуудлуудыг шийдвэрлэх үндсэн боломж бүрдэнэ гэж үзэж байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.