АТГ-ын дарга “Монроуд” компанийн асуудлаар албан хариу өгсөн
Халзайн бүргэдэйгээс-Солонготойн даваа хүртэлх 100 км замыг хатуу хучилттай хар зам тавьж ашиглалтад оруулав. Уг замыг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компани 46,3 тэрбум төгрөгийн өртгөөр барьжээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ замыг анх 37.2 тэрбумаар төгрөгөөр барих саналыг компанийн зүгээс гаргаж байсан гэдэг?
-“Монроуд” яах аргагүй миний үүсгэн байгуулсан компани. Ганцхан юм хэлье. Энэ замын чанарын хувьд эргэлзэх юм байхгүй. Хяналт хийсэн солонгос мэргэжилтэн надад хэлсэн. 100 км замыг Монголын стандартаар хоёр жилд барьдаг. Гэтэл монгол компаниудаас ийм хүнд нөхцөлтэй зам дээр норматив хугацаанд нь барьсан анхны ажил. Мэдээж энэ Шинэчлэлийн Засгийн газар, Шийдлийн Засгийн газар, дээр нь АН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа ажил.
-Таныг энэ замыг барих нэрээр мөнгө завшсан байж болзошгүй гэж АТГ-аас шалгаж байгаа мэдээллийг өгч байсан?
-Шалгаж байгаа хүмүүс нь хэлэх байлгүй дээ. Гэхдээ энэ бол үнэхээр сайн чанартай зам. Намайг нэг км ч зам бариагүй, 40 гаруй тэрбумыг шууд дансандаа авсан гэх мэтээр ярьж байсан. Тийм асуудал байхгүй. Өнөөдөр ч санхүүжилтээ бүрэн гүйцэд аваагүй байна.
-АТГ танаас мэдүүлэг авсан уу?
-Надаас мэдүүлэг аваагүй. Тэр битгий хэл АТГ-аас надтай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй байна гэж газрын дарга нь албан ёсоор бичиг өгсөн.