Улаанбаатараас Солонготын даваа хүртэл хагас өдөр явдаг боллоо
Улаанбаатараас Солонготын даваа хүртэл хагас өдөр явдаг боллоо
2015.12.14

Улаанбаатараас Солонготын даваа хүртэл хагас өдөр явдаг боллоо

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “хурд хэтрүүлэгч”. Тэр уугуул нутаг Архангайг зорихдоо бүтэн өдөр явдаг байсан бол одоо зургаахан цаг давхиж “хурд хэтрүүлдэг” болсноо зарлаж замын цагдаа нараас хүлцэл өчив. Энэ бол Архангайн Халзанбүргэдэйгээс-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замыг хатуу хучилттай болгосон нээлтийн арга хэмжээнд дээр хэлсэн түүний хошигнол байв. Архангай аймгийн Тариат сумын нутаг Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай замын нээлт өнгөрсөн баасан гаригт болж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй Засгийн газар, УИХ-ын гишүүд оролцов.

Орон нутгийн тээвэрчдийн зүрхшээдэг хэд, хэдэн даваа Монголд бий. Тэр дундаас осол эндэгдэл гарах эрсдэлтэй гэдгээр нь Солонготын даваа, тэр чиглэлийн замын бартааг онцолж хэлэх олон жолооч байдаг. Одоогоос долоон жилийн өмнө уг замыг хатуу хучилттай болгохоор БНХАУ-ын “II барилга” гэх компани 19.4 тэрбум төгрөгийн төсвөөр ажлыг эхлүүлж байсан юм. Гэвч эдийн засгийн хямрал, шатахуун, зам барилгын материалын үнэ өссөн шалтгаанаар 2011 онд гэрээ цуцлагдаж байсан түүхтэй.

Харин 2013 онд Засгийн газрын тогтоолоор дахин сонгон шалгаруулалтыг зарлаж “Монроуд” компани ажлыг гүйцэтгэхээр болсон. Хангайн нурууны тусгай хамгаалалттай бүс нутаг, Тэрхийн цагаан нуурын хөндийгөөр дайран өнгөрдөг учраас энэ чиглэлийн зам мөнх цэвдэг хөрстэй, бартаатай зэргээр геологийн хүнд нөхцөлд ордог аж. Тиймээс төсөвт өртгийн хувьд ч багагүй мөнгө зарцуулагдсан бөгөөд Чингис бондын хөрөнгөөр Хөгжлийн банкнаас 46.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Замын хийцийн хувьд 30 см цементээр бэхжүүлсэн суурьтай, таван см асфальттай.

78 цэгт хиймэл байгууламж, зургаан цэгт төмөр бетон гүүр барьжээ. Уг төсөл дээр гүйцэтгэгч, зөвлөгч, зураг төслийн компанийн 400 орчим ажилтан, 160 техник тоног төхөөрөмжтэй ажилласныг “Монроуд” компанийн ерөнхий инженер Ш.Хашчулуун дуулгасан. Ингэснээр нийслэлтэй засмал замаар холбогдоод удаагүй байсан Архангай аймгаас цааш Завхан хүртэл хатуу хучилттай зам 100 км-ээр ахиж, бүтэн өдөр явдаг байсан газрыг хагас өдрийн дотор туулах боломжтой болж буй хэрэг.

Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн зам хатуу хучилттай болсноор Архангай аймгийг чиглэсэн аялал жуулчлал, эдийн засгийн эргэлт сайжрах ач холбогдолтойг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцолсон. Тэрээр “Өнгөрсөн жил Хөвсгөл аймгийг нийслэлтэй холбосон зам ашиглалтад орсноор зуны хэдхэн хоногт 43 мянган машин тус аймгийг зорьсон судалгаа байсан. Тэгвэл ирэх жилээс Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо зэрэг байгалийн үзэсгэлэнт газрыг үзэж сонирхох дотоод гадаадын аялал жуулчлал хөгжих цаг ирж байна. Зөвхөн аялал жуулчлалаас гадна улс орны эдийн засаг, бараа таваарын эргэлтэд энэ зам сайн нөлөө үзүүлнэ. Солонготын даваанаас цааш баруун таван аймгийг нийслэлтэй холбох ажилд “Монроуд” компанийн адил хариуцлагатай эзэнтэй болсон.

Ирэх жил 21 аймгийг засмал замаар холбох ажил дуусна” гэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Зам бол хөгжлийн ирээдүй. Архангайчууд хөндлөн гулд явах замтай боллоо. Энэ зам Чингис бондын хөрөнгө ард түмэнд ажил болж очиж байгаагийн том илэрхийлэл. Өнгөрсөн жил Хөвсгөл рүү монголчууд аялсан. Дараа жилийн аялал жуулчлалын маршрут Хөвсгөл нууртай зэрэгцээд Тэрхийн цагаан нуурынх байх болно. Тиймээс саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Ирэх жилийн аялал жуулчлалд орон нутгийнхан одоогоос бэлтгэлтэй байх ёстой” хэмээн орон нутгийн удирдлагуудад даалгавар өгөв.

Баруун аймгуудын автозамын гол зангилаа бол Архангай аймаг. Халзанбүргэдэй-Солон­готын даваа чиглэлийн 100 км зам ч тус аймгийн таван сумын газар нутаг дээгүүр өнгөрдөг төдийгүй хоёр сумын төвөөр дайран өнгөрч байна. Тиймээс зөвхөн баруун аймгуудыг чиглэсэн тээвэр үйлчилгээнийхэн цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлт гаргаад зогсохгүй архангайчуудад ч зам дагасан хөгжил ирэх боломж нээгдэж буйг аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ ярьж байлаа. Орон нутгийн иргэд, тээвэрчид ч ам сайтай байлаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газар, УИХ-ын гишүүд Архангай аймгийн төв дээрх зарим бүтээн байгуулалттай танилцсан юм. Архангай аймагт өрнөсөн бүтээн байгуулалтын ажлуудтай Ч.Сайханбилэг сайдын хамт Зам тээврийн сайд М.Зоригт, Барилга, хотын байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Р.Гончигдорж, Д.Тэрбиш­дагва, Я.Санжмятав, Б.Гарамгайбаатар зэрэг Архангай аймгаас гаралтай түшээд оролцсон бөгөөд Шинэчлэлийн Засгийн газраас эхлүүлсэн ажлыг Шийдлийн Засгийн газар амжилттай үргэлжлүүлж байгааг тэд онцолж байв.

Сүүлийн гурван жилд тус аймагт 1054 айлын орон сууц шинээр баригджээ. Орон сууцны нэг давхрыг тохижуулж орсон 13 дугаар цэцэрлэг, ТОСК-ийн 120 айлын орон сууц, спортын төрөлжсөн сургалттай арван жилийн сургууль энэ жил шинээр ашиглалтад оржээ. Эдийн засгийн хямралаас болж төрийн албан хаагч, зорилтот бүлгүүдэд зориулсан ТОСК-ийн орон сууцнууд захиалагч багатай байгаа аж. Тиймээс Засгийн газрын төлөөллүүд уг байдалтай газар дээр нь танилцаж түрээсийн журмаар захиалагчид авч болох үүргийг холбогдох албаныханд өгөв. Мөн энэ үеэр тус аймагт Авто тээврийн төвийн нээлт болж, Архангай-Улаанбаатар-Архангай чиглэлд шөнийн тээвэр явж эхэлсэн юм.

Автозамын сүлжээ, дэд бүтцийг сайжруулж хот суурингийн иргэдийн зорчих, ажиллаж амьдрах боломж нөхцлийг сайжруулсан “Гудамж” төсөл орон нутагт хэрэгжсэний нэг нь Архангай аймаг байв. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төслөөр Архангай аймагт 8.7 км авто зам шинээр барьжээ. Төслийн хүрээнд Монголын хамгийн урт 3.2 км дугуйн замыг ч барьж байгуулсан байна. Мөн замын долоон уулзвар ашиглалтад орсон төслийн нээлт өнгөрсөн бямба гаригт болсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Гудамж төслийг санаачилж санхүүжүүлсний үр дүнд Улаанбаатар хот өнгө нэмсэн. Төслийг 2014 оноос орон нутагт хэрэгжүүлж эхэлсэн. Эхний ээлжинд Архангай, Увс, Хэнтий аймагт бүтээн байгуулалт өрнөлөө. Бусад аймгийн зураг төслийг хийж эхэлсэн. “Гудамж” төслийн хүрээнд зөвхөн засмал зам барих биш дугуй, явган зам, гэрэлтүүлэг, уулзвар гээд цогцоор байгуулахаар хотын өнгө төрх бий болж эхэлнэ” гэсэн юм.