"Хүнсний сав, баглаа боодлын аюулгүй байдал, тулгамдаж буй асуудал, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөөлөл, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг боллоо
Хүнсний сав, баглаа боодлын аюулгүй байдал, тулгамдаж буй асуудал хэлэлцүүлэг
2015.12.04

"Хүнсний сав, баглаа боодлын аюулгүй байдал, тулгамдаж буй асуудал, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөөлөл, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг боллоо

“Хүнсний сав, баглаа боодлын аюулгүй байдал, тулгамдаж буй асуудал, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөөлөл, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо.

Энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос санаачлан Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, холбогдох яам, төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ, Монгол Улсад ус, сүү, айраг зэрэг хүнсний шингэн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэхэд зориулалтын бус хуванцар савыг олдоц сайтай, үнэ хямдтай гэсэн үндэслэлээр иргэн, аж ахуйн нэгжүүд өргөнөөр ашигладаг. Гэтэл Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээгээр хүнсний зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагыг төвлөрсөн сүлжээний усны үзүүлэлттэй харьцуулахад төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их байгааг тогтоожээ.

Түүнчлэн хуванцар саванд хонуулсан сүүнд хүнд металл кадьмийн агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин, айрганд 4,4 дахин их байдаг аж. Энэ нь хүнсний зориулалтын бус хуванцар савны бүрэлдэхүүн дэх химийн хорт бодисууд хүнсний шингэн бүтээгдэхүүнд шилжин уусч улмаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учруулах цаашлаад хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй байгааг харуулж байна.

Иймд хүнсний зориулалтын сав, боодлын хангамжийг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний зориулалтын саванд тавигдах аюулгүй байдлын шаардлагын хэм хэмжээг шинэчлэн тогтоож мөрдүүлэх, эрүүл мэндэд хортой хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа гэдгийг онцоллоо. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцож үг хэлсэн юм.

Тэрээр хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйг хангах бодлогын хүрээнд хүнсний аюулгүй сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг төрөөс дэмжиж “Хөх сав”-ыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон импортын бүтээгдэхүүний асуудалд онцгой анхаарч, өндөр хөгжилтэй орнуудын сав баглааны техникийн ерөнхий шаардлага, стандартыг нутагшуулах, ногоон худалдан авалт, ногоон шошгололт, ногоон хөгжил зэргээр ногоон хөгжлийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, хэрэглэгчдийн сонголтод нөлөөлж хуванцар савны хэрэглээг халах зэрэг асуудлаар хэлэлцэж зөвлөмж гаргахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг тэмдэглэн хэллээ.

Хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлагуудын төлөөлөл оролцож тодорхой сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт болон Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, С.Оюун нар оролцож санал бодлоо солилцов.