Намын төлөвшүүлье гэвэл босго өндөр байх ёстой
МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Цогтгэрэл
2015.12.01

Намын төлөвшүүлье гэвэл босго өндөр байх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн боловсруулсан юм. Уг хуулийн төсөлд намууд бодлогын нам болж өөрчлөгдөх тэрхүү механизмыг суулгаж өгчээ. Тухайлбал,

  1. Улс төрийн нам нь бодлого боловсруулах инстиуттэй байна,

  2. Хүний нөөцийг бэлтгэх газар байна.

  3. Төрөөр дамжуулан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэгч бүтэц байна гэж зааж өгчээ.

Мөн намуудыг сонгуульд нэр дэвших эрхийн төлөө гишүүдээсээ хандив барьцаа мөнгөн тусламж авсан бол улсын орлогод хурааж, төрөөс олгох санхүүжилтийг бууруулна. Харин татан буулгахад дараах заалтыг мөрдлөг болгох аж.

  1. Нам Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулсан

  2. Зургаан жил дараалан аль нэг шатны сонгуульд оролцоогүй бол

  3. Санхүүгийн тайлангаа удаа дараа санаатайгаар буруу гаргасан бол гэж зааж өгчээ.

Мөн 31-ээс доошгүй гишүүнтэйгээр нам байгуулж болох ч 3001-ээс дээш гишүүнтэй бол сонгуульд оролцох шалгуур тавигдаж байгаа аж. Нам нь хатуу гишүүнчлэлээс татгалзана. Зөвхөн татвараа төлдөг гишүүдийг нь намын гишүүнд тооцох юм байна.

Энэхүү хуулийн төслөөр өнөөдөр Иргэний танхимд хэлэлцүүлэг өрнүүлж, улс төрийн намуудын саналыг сонслоо. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд 31-ээс дээш хүн нам байгуулж болно, нам өмчтэй байхыг хязгаарлах, Сонгуулийн ерөнхий хороо намыг бүртгэж, санхүүжилтийг нь олгох, татан буулгах зэрэг заалт туссанд шүүмжлэлтэй хандлаа. Гэхдээ Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Цогтгэрэл:

-Монголын улс төрийн систем хуучны ЗХУ-ын Коммунист намын бүтцэд суурилсан. 1990 онд байгуулагдсан улс төрийн хүчнүүд нь ч  түүнийгээ дуурайгаад үндэсний хэмжээний бүтцийг авчихсан. Үүнээс болоод үндэстнээ МАН, Ардчилсан нам гэж хоёр хуваасан. Мэдээллийн технологи хөгжөөгүй тэр үед засаг захиргааны байгууллага, хувь хүмүүсээр дамжуулж төрийн бодлого үзэл суртлыг хамгаалах чиглэлээр ийм бүтцийг байгуулж байсан. Мэдээллийн хэрэгсэл хөгжсөн энэ эрин үед үндэсний хэмжээний бүтэц хэрэггүй болж байна.  Тийм учраас энэ хуульд сум, дүүрэгт улс төрийн нам байгуулахыг хориглох ёстой.

Хуулийн төсөлд бодлогын нам болъё, санхүүжилтийг нь ил тод болгоё, дотоод ардчилалтай болъё гэх мэт олон авууштай санаа байна. Гэхдээ 31 хүн нам байгуулна гэдэг маргааш твиттерын, фейсбүүкийн нам байгуулагдана. Энэ ондоо багтаад 200 нам байгуулах бололцоотой. Намыг төлөвшүүлье гэвэл босгыг өндөрсгөх ёстой.