“ҮХ-ийг өөрчлөхийг хүсэхгүй байна”
УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөлөөс долоо хоног бүрийн эхэнд мэдээлэл хийдэг. Энэ удаад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнгөрсөн долоо хоногт хөдөө орон нутагт ажилласан байна. Орон нутгийн иргэдээс Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулийн асуудлаар санал авахад “Дэмжихгүй байр суурь давамгайлж байсан” гэдгийг мэдээллийн эхэнд онцолсон юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “Хөдөө орон нутгийн 1000 гаруй иргэдтэй уулзаад ирлээ. Нэг ч иргэн Үндсэн хууль болоод Сонгуулийн тухай хуулийг өөрчлөөрэй гэж хэлэхгүй байна. Үндсэн хуульд сайжруулах ёстой зүйл байгаа ч одоо цаг нь биш, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа жагсаалтаар оруулж ирэх асуудлыг дэмжихгүй байгаагаа иргэд илэрхийлсэн.
Тиймээс Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө Үндсэн хуулиа баримтлах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн энэ долоо хоногт Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэнэ. 1999 онд хамгийн сүүлийн хувилбарыг хэлэлцсэн байх. Түүнээс хойш нийгэм, эдийн засгийн харилцаанд олон өөрчлөлт гарсан учир зайлшгүй өөрчлөгдөх ёстой. Тиймээс энэ хуулийг бид дэмжиж байна. Мөн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн төсөл, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмын тухай хуулиуд орж ирсэн байгаа. Эдгээр хуулиудыг дэмжиж байна. Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд компани дээр хариуцлага хүлээлгэх заалт оруулсан. Үүнийг дэмжихгүй гэдгээ өмнө илэрхийлж байсан. Одоо ч ийм байр суурьтай байгаа.
Хоёрдугаарт бусдыг гүтгэх асуудал зөрчил байж болохгүй, Эрүүгийн хуулиар шийдэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Онцгой албан татварын тухай хууль оруулж ирсэн. Үүнд архи, спиртээс авдаг онцгой албан татварыг бууруулна гэсэн хувилбар байна лээ. Энэ нь хэн нэгний эрх ашигтай холбоотой асуудал байж магадгүй юм”.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:”Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийсэн. Худал зүйлийг мянга сонсвол үнэн болдог жишгээр шоу хийж чадлаа”. Мөн Дубайн гэрээг дэмжихгүй байгаа учраас Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэдгээ мэдэгдсэн юм.