Авлигагүй Сүхбаатар дүүрэг
“Авлигагүй Сүхбаатар дүүрэг”
2015.11.16

Авлигагүй Сүхбаатар дүүрэг

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, нэгжүүдийн албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Авлигагүй Сүхбаатар дүүрэг” дэвжээ тэмцээн өнгөрсөн лхагва гарагт Монголын Хүүхдийн ордонд болж өндөрлөлөө. 

Энэхүү тэмцээнийг нийт албан хаагчдаа авлигаас ангид байлгах, түүнээс урьдчилан сэргийлэх, мөн холбогдох хуулиудын талаархи эрх зүйн мэдлэгийг нь дээшлүүлэх, алба хаагчдын илтгэх, баримтыг бичгээр илэрхийлэх, түүнчлэн багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд гурав дахь жилдээ зохион байгуулж буй ажээ. 

Энэ удаагийн тэмцээнд тус дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баасанбат болон хэлтэс албадын дарга нар оролцсон юм. Тус тэмцээнийг нээж Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан “Хэдийгээр энэ онд төсөв хөрөнгө бага байгаа боловч бид уламжлал болсон ажлаа алдагдуулалгүй зохион байгуулж байна.

Төрийн албан хаагчдыг авлига авахаас урьдчилан сэргийлэх, түүнтэй холбогдох хууль тогтоомжийг бие биедээ мэдүүлэх, мөн түүгээрээ уралдаж, бие биеэсээ суралцдаг энэхүү дэвжээ тэмцээнийг зохион байгуулснаас хойш та бүхний хуулийн мэдлэг дээшилж байгаа нь амжилт юм. 2015 онд Сүхбаатар дүүргийн 50 жилийн ой тохиосон. Иргэд, аж ахуйн нэгж албан хаагчид хамтарч олон ажлыг хийлээ. Төрөлх дүүргийнхээ 50 жилийн ойн хүрээнд төлөвлөсөн 100 гаруй ажлын маань нэг нь “Авлигагүй Сүхбаатар дүүрэг” дэвжээ тэмцээн юм.

2015 оны нэгдүгээр сараас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар УИХ шилэн дансны тухай хуулийг баталсан. Энэ хууль бол төрийн захиргааны байгууллагуудын гаргасан шийдвэрийг иргэд, аж ахуй нэгжүүдэд ил тод, тодорхой болгох зорилготой. Бид бүгдийн гаргасан шийдвэр үнэн зөв, шударга байхад нөлөөлсөн томоохон хууль хэрэгжиж эхэлсэн.

Энэ хуулийг сүхбаатарчууд бид мөрдөж, сайн хэрэгжүүлж байгаа гэдгийг хэлмээр байна. Авлига гэдэг зөвхөн төрийн албан хаагчдын асуудал биш, монголчууд бидний өмнө тулгарч байгаа том асуудлын нэг. Энэ асуудлыг бид хамтдаа шийдэж, зөв гарцыг хайж, авлигагүй дүүрэг, нийслэл цаашлаад улс болохын төлөө манай Сүхбаатар дүүргээс зохион байгуулан, хэрэгжүүлж байгаа ажлын нэгээхэн хэсэг нь уг тэмцээн болж байна” хэмээгээд нийт албан хаагчиддаа тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэв. 

Жил бүр Сүхбаатар дүүргийн албан хаагчид нэгэн зорилго дор эв санаагаа нэгтгэж, оюун ухаанаа уралдуулан, авхаалж самбаагаа сорьдог тэмцээний жаврыг үргээн, хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгч болон хөгжөөн дэмжигчдэд дуучин Я.Гэрэлчулуун /МУСТА/ “Хойморь сайхан нутагтаа” хэмээх уран бүтээлээрээ мэндчилсэн.

 Мөн “Авлигагүй Сүхбаатар дүүрэг” сэдэвт дэвжээ тэмцээнд  тус дүүргийн харьяа худалдан авах ажиллагааны газар, цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, цагдаагийн хэлтсүүд, өмч газрын харилцааны газар зэрэг 40 гаруй байгууллагын 14 баг мэндчилгээ, эрх зүйн бодлого, гэрийн даалгавар, багийн ахлагчдын тэмцээн гэсэн дөрвөн төрөлд өрсөлдлөө. 

Тус тэмцээнийг MУГЖ Н.Бат­цэцэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн, Авлигатай тэмцэх газрын  Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Ч.Анхбаяр, болон АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар А..Дэлгэрбаяр нар шүүж, дүгнэсэн юм. 

Хөгжөөн дэмжигчдийн халуун алга ташилт дор багуудын мэндчилгээний тэмцээн эхэлсэн. “Гурван жил дараалан болж байгаа учраас багууд улам сайжирсан байна. Үнэхээр ширүүн өрсөлдөж байна шүү” хэмээн хөгжөөн дэмжигчид ярилцаж байлаа. Тэртээ 1921 оны ардын хувьсгалын баатруудаас эхлээд бидний сэтгэл зүрхэнд хоногшсон “Сэрэлт” киноны уран бүтээлчид, “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн шүүгчид болон оролцогчдыг Монголын хүүхдийн ордны тайзнаа амилуулан энэ өдөр авлигын эсрэг тэд нэгдэцгээж байсан юм. 

Тус тэмцээний үеэр МУГЖ Н.Батцэцэг “Энэ жил дэлгэцийн уран бүтээлчидтэй их хамтарч ажилласан байна. Сумогийн үзүүлбэр их сонирхолтой санагдсан. Мөн “Сэрэлт” киногоор бараг богино хэмжээний кино хийсэн байна. Богино хэмжээний киног хүн хэдхэн минут хараад өнгөрдөг боловч цаана нь зураг авалт, хөгжим, эвлүүлэг хийх гээд их цаг хугацаа, хөдөлмөр ордог юм. Ер нь Сүхбаатар дүүрэг энэ ажлыг өндөр төвшинд бэлдсэн байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид, ард иргэдийн маань урлагийн гоо зүйн хүмүүжил тодорхой хэмжээнд өсч байна гэсэн үг шүү дээ. Бэлтгэлээ хөрөнгө, хүч зарцуулж их сэтгэл гарган хийж.

Тайзан дээр янз бүрийн хувцас сольж байгаа, тодорхой хэрэгслүүдийг зөөж авчирсан, дэлгэц ашигласан зэргээс  ямар их сэтгэл гаргаж энэ тэмцээнд бэлдсэн нь харагдлаа. Эд нар бол урлагийн хүмүүс биш. Гэхдээ өөрийнхөө ажлыг гялалзтал хийгээд зогсохгүй урлагийн үзүүлбэрүүдийг өндөр гүйцэтгэлтэй хийж чадаж байна гэдэг бахархмаар. Ер нь жил бүр байгууллагуудын урлаг соёлын үйл ажиллагаанд оролцдог. Гэхдээ Сүхбаатар дүүргийн үйл ажиллагаанд анх удаа оролцож байна. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн албан хаагчдын ихэнх нь залуучууд болсныг хараад тэднээр бахархах сэтгэл төрж суулаа” гэв. 

Дуутай, хууртай, бүжиг наадамтай, басхүү мэдлэг оюунаа сорьсон уралдаантай дэвжээ тэмцээн өглөөний 10.00 цагт эхэлж оройн 19.00 цаг хүртэл үргэлжилсэн. Энэхүү тэмцээний нэг онцлог нь багийн ахлагч нарын дунд зохион байгуулдаг эрх зүйн бодлогын тэмцээн билээ. Багийн ахлагч нарын тэмцээнд ахлагч бүр эрх зүйн бодлогыг амжилттай бодож багтаа бүрэн оноогоо авчирч чадсан юм. Уг тэмцээнд багийн ахлагч нар “Авлигын эсрэг” хууль, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль мөн “Мэдээллийн ил тод байдал болон мэдээлэл авах эрхийн тухай” хуультай холбоотой эрх зүйн бодлогыг бодож, оюун ухаанаа сорьцгоож байв.

Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчдыг нэг зорилго, нэг хүсэл тэмүүллийн төлөө нэгтгэдэг “Авлигагүй Сүхбаатар дүүрэг” дэвжээ тэмцээн шагнал гардуулах  үйл ажиллагаагаар өндөрлөсөн. Тус тэмцээний I байрыг 70 оноогоор Цагдаагийн II хэлтсийн баг хамт олон авч, шилжин явах цомын эзэд боллоо. Харин II байрт 69 оноогоор Засаг даргын Тамгын газрын баг орсон бол III байрт 68 оноогоор Цагдаагийн I хэлтсийн баг шалгарсан. 

Мөн “Авлигагүй Сүхбаатар дүүрэг” уриан дор эссэ бичлэг, илтгэлийн тэмцээн зохион байгуулсан. Илтгэлийн тэмцээний хоёрдугаар шатанд шалгарсан зургаан илтгэгч үзэгчдэд шууд илтгэлээ тавин шилдгээ тодруулсан юм. Илтгэлийн тэмцээний тэргүүн байранд Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн мэргэжилтэн Г.Ням­дорж орсон бол II байранд Б.Энх­цолмон, Г.Наранбаатар нар ор­сон. Харин III байранд Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн эрх зүй гэрээний асуу­дал ха­­риуц­­сан мэр­гэ­жил­тэн П.Булга­маа шал­гар­сан.

Харин эссэний тэмцээнд Г.Нямдорж тэргүүлсэн юм. Түүнчлэн тэмцээний хаалтын үеэр дүүргийн Засаг дарга Д.Бадарсан энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулсан Мэргэжлийн Хяналтын хэлтэс, шударгаар шүүн тунгаасан эрхэм шүүгчид, идэвх санаачилгатай оролцсон нийт хамт олондоо чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсэхийн зэрэгцээ ирэх жилийн энэхүү тэмцээнийг зохион байгуулах хариуцлагатай үүргийг Татварын хэлтэст даалгаж буйгаа хэлсэн юм.