АН Ерөнхий сайдаа огцруулахгүй гэв
УИХ-ын гишүүн Г.Уянгын гаргасан саналын дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа өгөх үү, сонгууль хүртэл засгаа удирдах уу гэдэг нь энэ долоо хоногийн эхээр эрчимтэй яригдаж эхэллээ. Одоогийн байдлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт 17 гишүүн гарын үсэг зураад байна.
Өнгөрсөн таван сард яригдаж байсан огцруулах асуудал ийнхүү дахин сөхөгдөх болсон шалтгааныг зарим мэдээллийн хэрэгслээр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчилсантай холбогдуулан тайлбарлаж байгаа юм.
Эргэн сануулхад энэ оны тавдугаар сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. УИХ-ын гишүүн Г.Уянга энэхүү гэрээг эсэргүүцэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хариуцлага тооцож, Засгийн газрыг огцруулах санал гаргасан юм. Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь АН, МАН-ын төлөөлөл ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: АН-ын бүлэг 35 гишүүнтэй. Үүнээс 33 нь гарын үсэг зураад энэ Засгийн газар, ерөнхий сайдыг огцруулахгүй гээд шийдвэрээ гаргачихсан. Тэр шийдвэр одоо ч хэвээр байгаа. Тиймээс огцруулах асуудал байхгүй болов уу гэж би бодож байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүн Г.Уянга гарын үсэг цуглуулж, зарим гишүүд зурсан гэсэн. Миний хувьд Дубайн гэрээ, Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг засаж сайжруулах ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Энэ асуудалд Ч.Улаан, Д.Ганхуяг гишүүд ч санал нэг байсан.
Ер нь бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах үндэслэл хангалттай байгаа. Эдийн засаг ярьж гарч ирчихээд одоо хямрал ямар байдалтай байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Өнөөдөр төсвийг алдагдалтай оруулж ирчихээд, урсгал зардлаа нэмэгдүүлцэн байх жишээтэй. Буруу ажил хийж байгаа бол сайжруул гэж шаардах ёстой шүү дээ. Шаардаад байхад арга хэмжээ авахгүй бол ажлаа өгчих хэрэгтэй.