Г.Баярсайхан сайд Хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрүүдийг Чингэлтэйн хороодод танилцууллаа
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2015.09.29

Г.Баярсайхан сайд Хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрүүдийг Чингэлтэйн хороодод танилцууллаа

“Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөжийг дээшлүүлэх нэг арга нь иргэдийг мэдээллээр хангах.

Хэчнээн сайн бодлого хэрэгжүүлээд, сайхан сайхан төсөл хөтөлбөр санаачлаад яг хэрэгтэй хүндээ хүрч буухгүй бол цаасан дээрээ үлдэж, хөрөнгө үрсэн ажил болно” хэмээн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Хөдөлмөрийн сайдаар томилогдож албаа авсныхаа дараа байр сууриа илэрхийлж байсан юм.

Тэрбээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй аливаа ажлын үр шимийг ажил хайж буй, хөдөлмөрлөх чин хүсэлтэй жирийн иргэнд хүртээхийн тулд мэдээллийг анхан шатны нэгжид нь хүргэх ажлыг нийслэлийн Чингэлтэй дүүргээс эхлүүллээ.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Г.Баярсайхан сайдыг өөрийн сонгогдсон тойрог Чингэлтэй дүүргийн хороодод ажиллаж иргэдтэй уулзахад Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн захирал С.Чойноров, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Ганпүрэв, Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн захирал Б.Даваажав нарын хүмүүс хамт явсан бөгөөд тэд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, иргэдэд тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдэж байлаа.

Залуучууд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

С.Чойноров захирал нийслэлийн иргэдэд хамаатай Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих, Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрүүдээс гадна энэ онд туршилтаар хэрэгжсэн Залуучууд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Хөдөлмөрийн сайдын хувьд эдгээр хөтөлбөрийг задалж нийгмийн бүлгүүд рүү хандсан болгож өөрчлөх нь зөв хэмээн үзэж буй бөгөөд энэ дагуу холбогдох судалгааг хийж, иргэдээс санал авч буйгаа уулзалтын үеэр ярьж байлаа. Тэр дагуу ХЭҮСМҮТ-ийн ажилтнууд иргэдээс хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний талаар хэр мэдлэгтэй байдаг хийгээд хөтөлбөрт чухам хэнийг хамруулж, яаж дэмжвэл үр өгөөж илүү байх талаар санал асуулга явуулсан.

Чингэлтэй дүүргийн иргэдийн хувьд Хөдөлмөрийн хэлтэстэйгээ хамтарч, хороодод ажиллаж буй хөдөлмөрийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар төсөл, хөтөлбөрт хамрагдаж тодорхой хэмжээний дэмжлэг авсан гэж буй ч 160 мянга гаруй хүн амтай дүүргийн хувьд тийм ч хангалттай тоо биш гэдгийг хэлж байлаа. Хүрээг нь өргөжүүлж, хамрагдах хүмүүсийн тоог нэмэгдүүлэхийн тулд төсөл хөтөлбөрт тавьдаг шалгуурыг тодорхой хэмжээгээр хөнгөвчлөх шаардлага байгааг ч дуулгасан.

Наад зах нь хувиараа хүнсний ногоо тариалах иргэдэд олгодог санхүүгийн дэмжлэгийг авах гэхэд тус дүүргийнхэнд газрын асуудал хүндрэл учруулдаг гэнэ. Бусдын газар дээр ногоо тарьсан тохиолдолд хөтөлбөрт хамрагдах боломж тааруу нь олон хүнд тохиолдож буй бэрхшээл аж. Тиймээс энэ мэтийн хүндрэл бэрхшээлийг ирэх онд хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг боловсруулахдаа анхаарч ажиллахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан харьяа газрынхандаа үүрэг болголоо.

Мөн уулзалтад ирсэн хүмүүст гадаадаас ажиллах хүчин авах, гадаадад ажиллах хүч илгээх тодруулбал, БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүмүүсийг хэрхэн яаж сонгодог тухай мэдээлэл сонин байлаа.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн сургуулиудаас хамгийн том нь Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж. Хоёр мянга гаруй залуусыг сургаж мэргэжил эзэмшүүлж буй тус сургуульд мэргэжлийн үнэмлэхгүй ч практикаар сурч дадлагажсан, өрхийн үйлдвэрлэл явуулж буй хүмүүсийг элсүүлэн сургаад мэргэжлийн үнэмлэхтэй болгох түр сургалтуудыг хичээллүүлдэг тухай тус сургуулийн захирал Б.Даваажавын яриа олны анхаарлыг татаж байлаа.

Ийнхүү чингэлтэйчүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг зав гарган сайдын уулзалтад ирснийх ажил хөдөлмөр эрхлэх боломж, сурч дадлагажих бололцоо гээд олон мэдээллийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан болон харьяа газрынхнаас нь авч чадсан юм.