Хог боловсруулах үйлдвэр барина
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг өчигдөр “Сайдын цаг”-т оролцож, мэдээлэл өглөө. Тэрбээр сайдын ажлыг авснаасаа хойш тодорхой хэдэн чиглэлээр анхаарч ажиллаж буй гэнэ.
Юуны өмнө ойн бодлогыг анхаарчээ. Манай улсын 1.5 сая ам.метр нутаг дэвсгэрийн 7-8 хувийг ой эзэлдэг нь бага мэт боловч хүн амынхаа тоотой жишвэл хангалттай хэмээн сайд үзэж байна. Гэхдээ хангалттай гээд хаяхгүй нь мэдээж. Гол нь ой модоо эдийн засаг гэж харж ажиллах нь чухал аж.
Герман улс жилд ойн салбараасаа 138 тэрбум евро босгосон бол манай улсад үүний 10 хувийг эндээс олох боломж бий хэмээн харж буйгаа тэр онцлов. Ойд цэвэрлэгээ хийх, нөгөө талдаа зурвас тогтоон мод тарих ажлыг зэрэг хийх чадвар манай улсад ажиллаж буй 1200 нөхөрлөлд дутмаг. Тиймээс нөхөрлөлийн гишүүдийг сургах ажил хийх гэнэ. Хоёрдугаарт, усны бодлого, татварыг анхаарч буй. Гүний усны нарийвчилсан судалгааг яамнаас хийж буй юм байна.
Мөн Тэрэлж орчимд томоохон усан сан байгуулахыг зорьжээ. Бохирдож буй Орхон, Ерөө зэрэг голыг цэвэршүүлэх талаар анхаарч ажиллах талаар саяхан баталсан Усны бодлогод тусгасан. Мөн газар төлөвлөлт, зохион байгуулалт бол сайдын анхаарах бас нэг сэдэв.
Манай улсын нутаг дэвсгэрийн 17.4 хувь нь тусгай хамгаалалтад байдаг аж. Үүнийг ойрын хугацаанд 20 хувь болгох, цаашид 30 болгон нэмэх зорилт дэвшүүлжээ. Одоогоор дөрвөн газрыг тусгай хамгаалалтад авахаар ажиллаж буйн нэг нь маргааны бай болсон Ноён уул. Хүннүгийн үеийн булш, эртний үнэт олдвор, дурсгал бүхий 11 га газрыг тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан.
/25-р суваг тв/
Түүнчлэн байгалийн баялгаа зүй зохистой ашиглах нь чухал гэлээ. Зургаан аймгийн 14 суманд хушны самар ургадаг юм байна. Үүнээс найман суманд үйлдвэрлэлийн, үлдсэнд нь ахуйн зориулалтаар самар түүх зөвшөөрөл олгожээ. Энэ жил болц эрт байсан учраас аравдугаар сарын 1-нээс зөвшөөрлөө өгсөн юм байна. Нэг аймгийн суманд л гэхэд самраас 720 сая төгрөг төвлөрүүлсэн гэнэ. Сайд энэ талаар "Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд боломжит нөөцөө ашиглах нь зүй. Манай яам хамгаалах, зүй зохистой ашиглахад анхаарч байгаа” гэлээ. Түүнээс зарим зүйл тодруулав.
-Хүйтний улиралтай зэрэгцээд агаарын бохирдол асуудал болдог. Энэ жил агаарын бохирдлын эсрэг ямар арга хэмжээ авах вэ. “Цэвэр агаар” сан өртэй учраас мөнгө төсөвлөх бараг боломжгүй болов уу?
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг
-Төсөв хүндэрч, “Цэвэр агаар” санд тэрбум төгрөгийн өр хуримтлагдсан. Тиймээс энэ жил тусгай түлшинд татаас өгөх боломжгүй болсон. Бид хэдийгээр татаас өгч чадахгүй ч нөгөө талдаа хий, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжинэ. Ийм аргаар агаарын бохирдлын оргил үеийн хэмжээг өмнөх жилийнхээс давуулахгүй байх зорилготой байна.
-Ноён уулыг тусгай хамгаалалтад авбал тэр бүсэд үйл ажиллагаа явуулдаг хэчнээн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах вэ?
-Хайгуулын дөрөв, ашиглалтын хоёр лиценз уг бүсэд хамаарч байгаа. Эдгээр компанид нөхөн төлбөр төлөх асуудал гарна. Төсөв хүнд байгаа учраас нөхөн төлбөр өгөх боломжгүй гэвэл өөр газар, ижил төстэй орд санал болгох замаар зөвшилцөж болно.
-Хог хаягдал хөрс, орчныг бохирдуулдаг. Энэ талаар яамнаас ямар арга хэмжээ авч байна вэ?
-УИХ-аар Хог хаягдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Юуны өмнө иргэдийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулах нь чухал. Ингэж байж хогоо ил задгай хаядаггүй болно. Мөн байгууллагууд хогоо ангилан ялгадаг болох ёстой. Би БНСУ болон Израилийн компанийн төлөөлөлтэй уулзсан. Тэдний зүгээс манайд хог боловсруулах үйлдвэр барих санал тавьсан. Удахгүй санамж бичигт гарын үсэг зурна.