Засгийн газар дэд сайдгүй ажиллана
2015.11.02

Засгийн газар дэд сайдгүй ажиллана

Монгол улсын засгийн газар 15 яам, 17 дэд сайд, 19 сайдтай үйл ажиллагаа явуулж ирсэн.

Тэгвэл 2015 оны төсвийн тодотголыг баталснаар дээрх 17 дэд сайдын орон тоо байхгүй болж байна. Энэхүү албан тушаалыг улс төрийн зорилгоор бий болгосон гэж үздэг. Эдгээр сайд нарыг дагаж багагүй урсгал зардал гардаг учраас төсөв өндөр алдагдалтай энэ үед зайлшгүй хэмнэх зардалд оруулж байгаа хэмээн засгийн газар тайлбарлаж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Уг нь бол улс орны эдийн засагт тодотрхой багийг удирдаж байгаа бүрэлдэхүүн хэр чадвартай байхаас тухайн салбарыг үйл ажиллагаа шалтгаална. Салбар удирдаж байгаа хүн хүч хүрэхгүй ажил гэж байна. Манайх яг нарийн яривал төрийн алба данхаасан гээд байгаа ч нэг хүнд ноогдох ажлын ачаалал их байдаг. Жишээ нь манай яам салбарт ачаалал их байдаг.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Албан тушаалын орон тоон цомхтгол цаашдаа үргэлжилнэ. Энэ удаа дэд сайдын асуудлыг шийдлээ. Цаашаа 2016 оны төсөв дээр миний хувьд салбар салбараар бий болсон яамдыг хасах нь зүйтэй гэж харж байгаа.

Засгийн газрын дэд сайд нарыг ийнхүү цомхтгосноор дагалдах зардал болох хоёр тэрбум орчим төгрөг хэмнэнэ. Энэ нь төсвийн зардлын хувьд өчүүхэн зардал. Тиймээс засгийн газар өөр доривтой зүйлээс хэмнэлт гаргах хэрэгтэй гэж шүүмжлэлтэй хандах гишүүд ч байна.