АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2015.10.22

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч Рик Герлейг өнөөдөр /2015.10.22/ хүлээн авч уулзав.

Байнгын хорооны дарга А.Бакей уулзалтын эхэнд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар Монгол Улсын хөгжлийн олон асуудлаар, тэр дундаа төрийн байгууллагуудын үйл ажиллагааг төлөвшүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Ноён Рик Герлей цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд саяхан АНУ-ын Конгресс Монгол Улсад сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулсан нэмэлт санхүүжилт гаргахаар болсныг дуулгав. Засаглалын ил тод, хариуцлагатай, тунгалаг байдлыг төлөвшүүлэхэд чиглэсэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монголын улс төрийн шинэ залуу манлайлагчдыг сургаж төлөвшүүлэх, ардчилал, зах зээлийн харилцааг хөгжүүлж бэхжүүлэхэд үлгэр жишээ үзүүлж буй Монгол Улсын туршлагыг бусад оронд таниулж сурталчлах, түүнчлэн төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангахад чиглүүлэх зорилготой байгаагаа хэллээ.

Уулзалтын үеэр хоёр талын цаашдын хамтын ажиллагаа, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрийн зорилго, чиглэлийн талаар харилцан санал солилцов.

Тус агентлагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөртэй холбогдуулан байнгын хорооны дарга А.Бакей хэлэхдээ, улс төрийн залуу манлайлагчдыг бэлтгэхэд чиглэсэн хөтөлбөрийг Монголын улс төрийн намуудын төлөвшилттэй хамтад нь авч үзэх нь чухал юм. Энэ үүднээс Улс төрийн намуудын тухай хуулийг боловсронгуй болгох, намуудыг хүний нөөцийн хувьд бэхжүүлж төлөвшүүлэх асуудалтай уялдуулах нь зүйтэй байгааг санал болгов.

Мөн төрийн албаны чадавхыг бэхжүүлэхэлд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг сайшаагаад манай улсад сонгуулийн дараа, засаг солигдох бүрт төрийн албан хаагчдыг олноор нь халж сольдог явдал гарсаар ирсэн тул төрийн албаны эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлага тулгарч байна.

Энэ үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буйг дуулгаад тус агентлагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хөтөлбөр нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус байдлыг бэхжүүлэхэд үр дүнгээ өгнө гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлэхдээ, Улсын Их Хурлын Тамгын газар нь тус агентлагтай хамтран ажиллаж ирсэн туршлагатай. АНУ-ын Конгрессын туршлагыг судалж Улсын Их Хурлын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд сүүлийн жилүүдэд анхаарч ажил хэрэг болгож байна.

Уулзалт

Тухайлбал, Улсын Их Хурлын байнгын хороодыг ажлын албатай болгож бэхжүүлсэн. Түүнчлэн Нийтийн сонсголын тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс нээлттэй сонсголын танхимыг тусгайлан засч тохижуулаад байна. Одоо нээлттэй сонсголыг хэрхэн зохион байгуулдаг дэгийн талаарх АНУ, ХБНГУ, БНСУ-ын туршлагыг судалж, энэ үндсэн дээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зарим зохицуулалт хийхээр ажиллаж байгааг дуулгасан юм.

Мөн тус агентлагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөрт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг хамруулж Конгрессын туршлагаас суралцаж дадлагажих бололцоо олгоход анхаарахыг хүсэлт болгов. Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газар нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих, нутгийн удирдлагын байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгааг дуулгаад энэ талаар судалж үзэх боломжтойг онцолсон юм.

Уулзалтын эцэст Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей төрийн албаны шинэчлэлийн чиглэлээр энэ 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгаа тул ноён Рик Герлейг уг хэлэлцүүлэгт оролцохыг уриад тус агентлагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл хөтөлбөрүүд тодорхой болсны дараа дахин уулзаж санал солилцох хүсэлтээ илэрхийллээ