албан хаагчийн цалинг 30 хувиар бууруулахаар УИХ-д оруулан Байнгын хороод хэлэлцэж эхэлсэн.
2015.10.22

Хасуулна VS хасуулахгүй

Төсвийн тодотголд төрийн зарим албан хаагчийн цалинг 30 хувиар бууруулахаар УИХ-д оруулан байнгын хороод хэлэлцэж эхэлсэн. 1,5 сая төгрөгийн цалинтай УИХ-ын гишүүд 30 хувь бууруулахаар нэг сая 50 мянган төгрөг авна.

3.7 саяас дээш төгрөгийн цалинтай шүүгчид нэг сая 110 мянган төгрөгийн цалин хасуулна гэсэн үг юм. Сангийн яамныхны хэлж буйгаар төсвийн зарлагыг 530 тэрбум төгрөгөөр бууруулахаар төсвийн тодотголд тусгажээ. Агентлагийн дарга, дэд дарга, төрийн нарийн бич­гийн даргаас дээш ал­бан тушаалтны цалинг 30 хувиар бууруулж байгаа юм. 

Ингээд 2900 орчим хүний цалин бууруулахаар нийтдээ 1,8 тэрбум төгрөг хэмнэх аж. Дэд сайдын орон тоог цомхотгох санал ирэх оны төсөвт тусгаж байгаа гэсэн боловч тодотголын үеэр ч яригдаад авсан. 15 дэд сайдын цалинд жилдээ 600 гаруй сая төгрөг төсвөөс зарцуулдаг. Харин энэ удаад төсвийн тогтоолоор орон тооны цомхотголд орох дэд сайд нар сард 850 мянган төгрөгийн цалинтай ажилладаг гэхээр гэнэт халагдсаны тэтгэмж авч таарах нь. 

УИХ-ын гишүүдээс гадна тэдний туслахууд мөн 30 хувиар цалингаа хасуулахаар болж, санал гомдол гаргаж байгаа гэнэ. УИХ-ын зарим гишүүн цалингаа тойргийнхоо оюутнуудад тэтгэлэг болгож өгдөг бол зарим нь тоолдог хэд нь багасахыг эсэргүүцэж буй. 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүв­шин: Цалин тэтгэвэр нэм гэж 90 тэрбум төгрөг тусгасан бол түүнийгээ Засгийн газар оруулах ёстой. Төсвийн өмнөх удаагийн тодотголоор 90 тэрбум төгрөгийг цалин, тэтгэвэр нэмэх гэж үлдээсэн. Сүүлийн гурван жилд цалин тэтгэвэр олигтой нэмсэнгүй. Тэгээд байхад хэрэглээний барааны үнэ суга өссөн. Гэтэл Сангийн сайд цалин тэтгэвэр нэмэхээр өргөн хэрэглээний барааны үнэ өснө гэж тайлбарлаад байгаа. Энэ бол цалин, тэтгэвэр нэмэхгүй л гэсэн нэг арга. 

Сангийн сайд Б.Болор: Улс төрийн албан тушаалтнуудын цалин тодотголд хасагдаж орж ирсэн. Сум, багийн засаг дарга нар энд орж байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй үед бусад улс орнууд ямар арга хэмжээ авч байсныг судалсан. 2008 оны эдийн засгийн хямралын үеэр улс төрийн албан тушаалтнуудын цалинг 100 хувь царцааж байсан тохиолдол баруун Европод гарч байсан. Английн шүүгч нар гурван сарынхаа цалингаас татгалзаж ч байсан түүх бий. Тодотголд төрийн албан хаагчдын цалин буурахгүй. 

УИХ-ын гишүүн Г.Батхүү: Нөхцөл байдалдаа тулгуурлаад төсвийн тодотголоо хийхэд бодитой зүйл яримаар байна. Хэний, ямар үед бүтэц орон тоог ийм болголоо. Энэ Засгийн газрын үед орон тоо, цалинг нэмж байсан хүмүүс одоо гэнэт гараад ирсэн мэт ярьж байна. Цалингаа нэмж чадахгүй бол хасдаг жишиг олон улс оронд бий. Н.Алтанхуягийн Засгийн газар цалингаа нэмээд, хөрөнгө оруулалтаа хийж л байсан. Одоо нөхцөл байдал хүнд байхад хасах саналаа оруулаад ирсэн учир дэмжиж байна.

Барилга хот бай­гуу­лалтын сайд З.Баянсэлэнгэ: Шүүгчдийн цалинг 30 хувиар бууруулахыг дэмжиж байгаа. Энэ шийдвэр гарвал хуулийн салбараас 11,4 сая төгрөг хэмнэх судалгаа гарсан. Төрийн өндөр албан тушаал хашдаг 2900 хүний цалинг бууруулахаар 1,8 тэрбум төгрөг хэмнэнэ. Энэ тоо бага мэт харагдавч шаардлагатай зүйлд нь үүнийг төсөвлөх хэрэгтэй. Бусад албан тушаалтнууд ярихгүй байхад шүүгчид хүндээр тусгаж аваад байгааг ойлгохгүй байна. Дөрвөн сая төгрөгийн цалин аваад сууж байгаа хүмүүс шүүгчдээс өөр хаана ч алга. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Төсөв хэмнэх концепцыг дэмжиж байгаа. Гэхдээ хэдэн хүн ажлаас чөлөөлөөд бүх зүйл сайжрах юм шиг байдалтай хийж байгаад харамсч байна. Бид төсөв ярихгүй 2016 оны сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газрын бүтэц гэж л баахан ярилаа. Одоо болохоор хэдэн дэд сайд нарыг явуулчихвал гэдэг байдлаар хандаж болохгүй.  Дэд сайд нарыг цомхотголоо гээд амьдрал сайжрахгүй.

УИХ-ын гишүүн Д.Батцогт: Засгийн газрын өргөн барьснаар УИХ 2016 оны төсвийн хуулийг эцэслэн батлахад их түвэгтэй. Нэг талдаа тэрийг хас, энийг тана гэж хэлэх мөртлөө цомхотгох нь буруу, татан буулгах чинь оновчгүй гээд хоёр талтай юм ярьдаг. Хэдий амаргүй ч гэлээ УИХ-ынхаа түвшинд эрх баригч хүчин, сөрөг хүчин гэж талцалгүйгээр ирэх оны төсвөө зөв баталчих юм бол төрийн бүтэц зөв болно.

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан: Засгийн газарт ирж буй хүндрэлийг улс төрийн аргаар намжаахын тулд улс төрийн албан хаагчдын цалинг бууруулахаар оруулсан байх. Энэ бол буруу хандлага. Орлогоо аль болох цалиндаа хүргэж чадах ёстой. 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Бид 1,5 сая төгрөгийн цалинтай. Хасахаар нэг сая болох юм байна. Гэтэл энэ бууруулсан цалинг дараагийн парламентын гишүүд авах нь. Бид тэдний өмнөөс  шийдвэр гаргах нь ёс зүйгүй.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: УИХ-ын гишүүдийн туслах, яамны хэвлэлийн ажилтан, багийн дарга гээд бүгд үүнд хамрагдана. Яах вэ, нүдний өмнө тод харагдаж байгаа гэдгээр нь УИХ-ын гишүүний цалинг бууруулж болно. Гэвч энэ шийдвэр зөвхөн УИХ-ын 76 гишүүнд хамаатай биш. Миний хувьд үүнийг 2016 оны төсөвт хандаж байгаа улс төрийн хандлага гэж харж байгаа. Бидний цалинг хаслаа гээд улсын төсвийн алдагдлыг бөглөхгүй нь ойлгомжтой. Үүнийхээ оронд АСЕМ-ийн уулзалтад зориулан худалдан авч байгаа нэг бүр нь 600 орчим сая төгрөгийн үнэтэй 30 бенз машиныхаа худалдааг больчих хэрэгтэй. УИХ-ын 76 гишүүн уриалга гаргаад бүгд цалингаа 30 хувиар бууруулбал болно. Харин энэ шийдвэрээсээ болж цалингаараа амьдардаг бусад улс төрийн албан тушаалтнуудыг хохироож болохгүй. 

УИХ-ын Хуульзүйн байнгын хороо төрийн зарим албан хаагчдын цалинг бууруулах асуудлаар Засгийн газраас тодруулга авсны дараа хэлэлцэх санал гаргаж, гишүүд дэмжсэн. Тэгэхээр энэ талаар Засгийн газар тайлбар гаргасан тохиолдолд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь.