“Их-7”-гийн уулзалтад Монголын Хөдөлмөрийн сайд оролцов
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ХБНГУ-д болсон “Их-7-гийн Хөдөлмөр ба хөгжлийн сайд нарын дээд хэмжээний ээлжит уулзалт”-д оролцоод ирлээ.
“Их-7” буюу дэлхийд эдийн засгийн хувьд тэргүүлдэг АНУ, Герман, Их Британи, Итали, Канад, Франц, Японы хөдөлмөрийн болон хөгжлийн асуудал хариуцсан сайд нар жил бүр цуглаж дэлхийн улс орнуудын хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудлаар хэлэлцдэг уламжлалтай.
Энэ удаагийн уулзалтыг “Нийлүүлэлт, борлуулалтын тогтвортой сүлжээний төлөө хамтран ажиллах” санаачилгын дор Германы нийслэл Берлин хотноо зохион байгуулсан бөгөөд Монгол Улсыг тусгайлан урьж оролцуулсан билээ.
Ази дахь ардчиллын үлгэр жишээ болсон орны хувьд Монголд зохистой хөдөлмөрийг дэмжих чиглэлд төрийн бодлогын түвшинд хэрхэн анхаарч буй нь оролцогч талуудын сонирхлыг ихээр татаж байгааг уг уулзалтыг зохион байгуулсан ХБНГУ-ын Холбооны хөгжлийн сайд Герд Мюллер тэмдэглэсэн байна.
“Их-7”-гийн уулзалтад Монголын Хөдөлмөрийн сайд оролцов
Дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцсон Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлсэн үгэндээ Монгол Улс 1968 оноос хойш Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд ОУХБ-ын суурь найман конвенц, нийт 17 конвенцид нэгдэн орсон Азийн анхны орнуудын нэг бөгөөд 2015 онд “Хөдөлмөр эрхлэлтийн албадын тухай” 88, “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн албадын тухай” 181 дүгээр конвенциудэд нэгдэн орж, хэрэгжилтийг хангуулахаар бэлтгэж байгааг дурдсан.
Түүнчлэн зохистой хөдөлмөрийг тогтвортой борлуулалт-нийлүүлэлтийн сүлжээгээр дэмжих нь чухал санаачлага бөгөөд үүний тулд хөдөлмөрийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөдөлмөрийн нөхцөл, бүтээмжийг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч байгаагаа дуулгасан.
Мөн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Монголын парламент Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яг одоо хэлэлцэж байгаа бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээ өргөжин хөдөлмөрийн харилцааны суурь хэм хэмжээ, ажлын байран дээрх үндсэн эрх болох эвлэлдэн нэгдэх, үл ялгаварлан гадуурхах, хүүхдийн хөдөлмөрийг устгах, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалт үр дүнтэй хэрэгжих болно.
“Их-7”-гийн уулзалтад Монголын Хөдөлмөрийн сайд оролцов
Тухайлбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд эрсдэл ихтэй ажлын байранд ажилладаг ажилтны амь нас, эрүүл мэндийг ажил олгогч 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр арилжааны даатгалд даатгуулах, мөн үйлдвэрлэлийн орчин, гадна талбайд гарсан ослыг ажил олгогч хариуцаж байхаар, түүнчлэн хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдыг сургалтанд хамруулж осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс өөрийгөө хамгаалах чадавхийг бий болгож байхаар хуульчиллаа.
Монгол оронд нийгмийн түншлэл гурван талт хэлбэрээр хөгжөөд 20 гаруй жил болж байна. Өнгөрсөн хугацаанд хөдөлмөр, нийгмийн олон асуудлыг нийгмийн зөвшлийн түвшинд гурван талт механизмын хүрээнд шийдвэрлэх, үндэсний хэмжээнд болон орон нутаг, салбар, аж ахуйн нэгж байгууллагад нийгмийн түншлэл амжилттай хөгжиж, хамтын үйл ажиллагааныхаа чиглэлийг үндсэндээ тогтоож чадсан төдийгүй, хамтын гэрээ хэлэлцээрийн ач холбогдлыг өндөржүүлэх, харилцан бие биеэ хүлээн зөвшөөрч хүндэтгэх соёлыг хэвшүүлэх тал дээр эдгээр хууль тогтоомжийн шинэчлэл зохих үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Дэлхий нийтээрээ эдийн засгийн хувьд харилцан хамааралтай өнөө үед “Их-7”-гийн орнууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан, нийгмийн болон хүрээлэн буй орчны стандартуудыг хангах талаар хамтран ажилласнаар хөгжиж буй улсуудад зохистой хөдөлмөр, тогтвортой өсөлтийг бий болгоход дэмжлэг үзүүлэх болно гэдгийг тэмдэглэсэн. Түүнчлэн цаашид зохистой хөдөлмөрийг тогтвортой борлуулалт-нийлүүлэлтийн сүлжээгээр дэмжих энэхүү санаачлага илүү өргөжин олон улсын хэмжээнд хамтран ажиллахад энэхүү уулзалт чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа Г.Баярсайхан сайд илэрхийлжээ.