Төрийн захиргааны албан хаагчдын цалинг бууруулахыг дэмжихгүй
Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулж УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтоос дараах тодруулгыг авлаа.
-Ирэх оны төсөвт төрийн захиргааны албан хаагчдын цалинг бууруулж байгааг та юу гэж үзэж байна вэ?
-Засгийн газрын оруулж ирсэн төсөл дээр бол төрийн захиргааны албан хаагчдын цалинг 10 хувиар, төрийн болон улстөрийн өндөр албан тушаалтнуудын цалинг тодорхой хувиар бууруулж ирсэн. Би хувьдаа төрийн захиргааны албан хаагчдын цалинг бууруулахыг буруу гэж үзэж байгаа.
Хэдийгээр эдийн засаг хүндрэлтэй байгаа ч төрийн албан хаагчдынхаа цалинг нэмдэггүй юм аа гэхэд хасахгүй байя. Ахмадынхаа тэтгэврийг бага болов ч гэсэн нэмье гэсэн санаачилга гаргаад явж байна. Төсөв дөнгөж өргөн баригдаад анхны хэлэлцүүлгийг нь хийлээ. Хуулийн төслийг УИХ өөрчлөх бүрэн эрх нь байгаа.
-Гурван талт түншлэлийн хүрээнд энэ жилийн цалингийн нэмэгдлийг олгохгүй байхаар тохиролцоонд хүрч, ирэх оны төсөв рүү шилжүүллээ гэсэн. Энэ нэмэгдэл төсөв дээр сууж өгсөн үү?
-Ийм сураг байсан. Нэмэх юм байвал харамлаад байх зүйлгүй. Мөнгө байхгүй учраас л хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх болоод байна. Ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед адаглаад нэмдэггүй юм аа гэхэд хасахгүй байх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.
-Тэтгэврийн нэмэгдлийг хаанаас бүрдүүлэх бололцоотой гэж үзэж байна вэ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тэтгэврийн нэмэгдлийг архи тамхи, бензин шатахуунд оногдуулдаг онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлэх замаар нэмье гэсэн санал гаргаж байсан?
-Тэтгэврийн нэмэгдлийн асуудлыг байнгын хороон дээр ярина.
-Байнгын хороогоор төсвийн асуудал орж ирэх байх. Энэ үеэр ямар асуудлыг голлон ярина гэж төлөвлөж байна вэ?
-Төсөв болоод дагалдаж орж ирсэн хуулиудыг байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэж таарна. Ямар санал санаачилга хөндөж тавих вэ гэдгээ ярьж хэлэлцэж байна.